“Bitcoin”-ийн ханш $100 мянга давна, дараа нь…
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “Bitcoin”-ийн ханш 32 хувиар цойлж, дээд түвшнээ тасралтгүй шинэчлэн тогтоосоор байна
“Bitcoin”-ийн ханш дээд түвшнээ эвдсэн өсөлтийн буухиа үргэлжилсээр мягмар гарагийн арилжаагаар 89 мянган ам.доллар давж, улмаар криптовалютын зах зээлийн үнэлгээ цар тахлын үеийн оргил цэгээсээ илүү гарахад нөлөөллөө. Өсөлтөд хүч нэмсэн гол хүчин зүйл нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп.
11 дүгээр сарын таванд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дэлхийн хамгийн том криптовалютын ханш 32 хувиар цойлж, дээд түвшнээ тасралтгүй шинэчлэн тогтоосоор байна. Бүгд Найрамдах нам Конгрессын хоёр танхимд олонх болсноор Дональд Трамп крипто зах зээлд илүү ээлтэй зохицуулалтын орчин бүрдүүлэх амлалтаа биелүүлэх магадлал өндөрссөн юм. Тэрбээр “Bitcoin”-ийн стратегийн нөөц бүрдүүлэх, дотоодод токений олборлолтыг дэмжих, АНУ-ыг дэлхийн виртуал хөрөнгийн төв болгох зэрэг амбицтай амлалтууд өгч байв.
Том, жижиг бүхий л криптовалютын спекулятив шинжтэй худалдан авалт эрс өсөж, виртуал хөрөнгийн захын нийт үнэлгээ 3.1 их наяд ам.доллар хүрснээс гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо ч нэлээн нэмэгджээ. Тухайлбал: программ хангамжийн “MicroStrategy” компани аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 10-ны хооронд хоёр тэрбум гаруй ам.доллароор 27 мянга 200 ширхэг “Bitcoin” худалдаж авсан байна. Хэдий тийм боловч арилжаалагчдын хувьд Дональд Трамп амлалтуудаа хэр хурдан биелүүлэх, мөн стратегийн нөөц бүрдүүлэх нь бодитой арга хэмжээ мөн эсэх тал дээр төдийлөн анхаарахгүй байгаа шинжтэй.
Опцион зах зээлийн хөрөнгө оруулагчдын дунд “Bitcoin” энэ оны эцсээр 100 мянган ам.доллар давах хүлээлт давамгайлж буйг “Deribit” биржийн дата харуулж байна. Одоогийн нөхцөл байдлыг харвал ирэх оны эцэс гэхэд “Bitcoin” 150 мянган ам.доллар хүрэхийг үгүйсгэхгүй болохоо “Metafide”-ийн Гүйцэтгэх захирал Франк Спейсэр “Bloomberg”-т илэрхийлж байв.
"Metafide”компанийн Гүйцэтгэх захирал Франк Спейсэр “Би “Bitcoin”-ийн ханш 58 мянган ам.доллар байхад оны эцэс гэхэд үнэ нь 100 мянган ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан. Одоо байгаа нөхцөл байдлыг харвал ирэх оны эцэс гэхэд ханш нь 150 мянган ам.доллар хүрэхийг үгүйсгэхгүй. Мөн энэ онд ч 100 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж бодож байна” гэж тодотгов.
Харин “Ballet”-ийн Үүсгэн байгуулагч Бобби Ли зах зээлийн энэхүү цикл үргэлжилсээр байвал 5-6 жилийн дараа “Bitcoin” бүр нэг сая ам.доллар руу чиглэж ч магадгүй гэжээ.
2024 он гарсаар “Bitcoin”-ийн үнэ 110 орчим хувиар өссөн нь АНУ-ын “Bitcoin” дагадаг ETF-үүдийн эрэлт болон Холбооны Нөөцийн банкны бодлогын хүү буурсантай холбоотой байв. Одоогоор “Bitcoin”-оос хүртэх өгөөж алт болон бүх хувьцааныхаас илүү гарсан ч ийм эрс өсөлтийн дараа зах зээлд “шингээх” хугацаа гарах нь жам ёсны бөгөөд ойрын хугацаандаа тогтворжих тал руу хэвийж буйг “Fairlead Strategies”-ийн техникийн шинжээч Кэти Стоктон зөвлөжээ.
Виртуал хөрөнгийн компаниуд АНУ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр ихээхэн хөрөнгө зарж, ялангуяа Дональд Трампын сонгуульт ажилд хандив, туслалцаа харамгүй өгч байв. Үүнтэй холбоотойгоор нэгэн цагт криптовалютыг “луйвар” гэж зарлаж байсан Дональд Трамп үзэл баримтлалаа 180 хэм эргүүлснийг санах хэрэгтэй.