Жамыг сөрөх үзэгдэл
“Орчин үеийн гоо сайхны стандарт эмэгтэй хүнээс байгалийн жамаас эсрэг зүйл шаарддаг”
Америкийн нэрт зохиолч Сюзан Ли Сонтаг
Үнэхээр ч бүсгүй хүн төрсөн цагаасаа гоо сайхны элдэв хэмжүүрт хүлэгдэн, нийгмийн, хүмүүсийн бий болгосон “шилэн хайрцагт” хашигдан торнидог. Яваандаа энэ нь даамжирсаар, амьдралынхаа хором бүрийг илүүдэл жинтэйгээ тэмцэхэд зарцуулж, идэх хоолныхоо илчлэгийг тооцоолоход ихэнх хүчээ дайчилж буй. Мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрүүл бие, эрхтнээ элдэвлэж, шөвгөр нүүр, шөнтгөр хамар, дэрвэгэр сормуус, давхраатай нүд зэргийг мэсийн аргаар “урлах” нь ч бий. Үүнийгээ өөртөө таалагдахын тулд гэх ганган үгсээр халхалдаг ч үнэн хэрэгтээ бусдын тогтоосон шударга бус хэмжүүрт дүйж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүмүүний төрөлх чанар “нуугдаж” байдаг.
Хамгийн халаглам нь, эмэгтэйчүүдэд “тулгаж”, тэдний туулж буй гоо сайхны стандарт жам ёсноос ч гажиж буй. Хөгшрөлт бол сөрж ч, зогсоож ч үл болох байгалийн “хууль”. Зөвхөн хүн ч бус бүх л амьд бодгаль жамын эрх, цагийн аясаар хөгширч, зүс гундаж, эр бяр нь дундардаг. Гэвч энэ процессыг үл хүлээн зөвшөөрөх үзэгдэл өнөөгийн нийгэмд гаарч байна. Хөгшрөлт удаашруулна гэх шошготой бараа дэлгүүрийн лангуугаар эгнэж, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хамгийн их хувиар борлуулагдаж, залуу насаа хадгалах хүсэлтэй хүмүүсийн хөлд спорт заал, бялдаржуулах төв дарагдах болсон нь үүний баталгаа. Тэгвэл ямар учраас хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд хөгшрөлттэй тэмцэхэд идэр, хижээл насныхаа хамаг хүч, хөрөнгийг зарцуулах болов гэдэг сонирхолтой өнцөг. Мэдээж илүү урт хугацаанд чанартай амьдрах, бие, сэтгэцийн хувьд насан эцэс хүртлээ эрүүл байх гэхчлэн олон шалтгаан нэрлэж болно. Үүнийг буруутгах ч аргагүй. Харин суларч буй арьс, бууралтаж, шингэрсэн үс, бодисын солилцоо удааширсны улмаас үүсэж буй илүүдэл жин зэргээ үзэн ядаж, хөгшрөлтийг үл хүлээн зөвшөөрөхөд хүргэж буй өөр нэг хүчин зүйл нь өнөөх л гоо сайхны давхар стандарт юм.
Наснаас хамаарах ичгүүр
Ихэнх эмэгтэй нас ахиж буйгаа хүлээн зөвшөөрч, 20, 30 жилийн өмнөх төрх нь өөрчлөгдөж байгаатай эвлэрч чаддаггүй. Эмэгтэй хүнд нас ахих тусам нийгмийн үнэ цэнээ алдаж буй мэт мэдрэмж төрдөг төдийгүй хүмүүс ч тэдэнд ийм төрлийн сэтгэгдэл төрүүлэх нь бий. Улмаар үеийнхнээсээ залуу харагдахыг мэрийж, насаа бусдад илчлэхээс ч эмээдэг. Эмэгтэй хүнээс нас асуухыг бүдүүлэгт тооцдогийн учир ч энэ. АНУ-ын судалгааны хүрээлэнгээс явуулсан “Насжилт ба гоо сайхны стандарт” сэдэвт судалгаагаар наснаас үүдэлтэй ичгүүр эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү мэдрэгддэг болохыг тогтоосон байна. Энэ мэдрэмж нь даамжирсаар сэтгэл зүйн эрүүл мэндэд нь ч сөрөг нөлөө үзүүлдэг аж. Энэ талаар тус судалгаанд “Эмэгтэй хүн нас ахих тусам өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, сэтгэлийн хямралд ордог. Нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэх нь элбэг” хэмээсэн байв. Тиймээс хүмүүс залуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг эцэс төгсгөлгүй хайж, хөгшрөхгүй байх чин хүслийг нэг насаараа тээн амьдарч байна. Тоо сөхвөл, 55-аас дээш насны америк эмэгтэйчүүдийн 53 хувь нь хөгшрөлтийг удаашруулах, залуу насыг урт хугацаанд хадгалах боломжтой илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Ялгаварлал ба цензур
Эмэгтэйчүүдэд насжилтыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа нь нийгэм насанд хүрсэн эмэгтэйчүүдэд гоо сайхны нэг л хэмжүүр тулгадагтай холбоотой.
Мөн нийгмийн сүлжээ, олон нийтийн хэрэгсэл, кино, нэвтрүүлгээр залуухан бүсгүйчүүдийг онцолж гаргадаг нь эмэгтэйчүүдэд залуу эмэгтэйчүүдийнхтэй ижил гоо сайхны стандартад нийцэж амьдрах ёстой мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ талаар АНУ-ын “AARP” байгууллагын хийсэн судалгаанд онцолжээ. Тэдний өгүүлснээр, 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтоосон гоо сайхны стандартад нийцүүлэн амьдрах дарамтыг мэдэрдэг аж. Судалгаанд оролцогчид “Кино, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан насжилттай холбоотой гоо сайхны стандартад өртдөг. TikTok, Instagram, Snapchat нь арьсыг толигор болгож, чангалж, үрчлээ, толбыг арилгах, хацрын ясыг нэмэгдүүлэх, эрүүний хэмжээг багасгах зэрэг тохируулга санал болгодог. Хэдийгээр энэ нь зугаа цэнгэлийн нэг хэлбэр ч хөгшрөлт нь сонирхол татахуйц биш, ичгэвтэр үзэгдэл гэсэн гоо сайхны хэмжүүрийг бататгадаг”
хэмээсэн байна. Үнэхээр ч тэдний өгүүлсэнчлэн, кино, нэвтрүүлгээр нас тогтсон эмэгтэйчүүд үзэгдэх нь тун ховор аж. АНУ-д 2023 онд нээлтээ хийсэн ердөө гурван кинонд л 45-аас дээш насны эмэгтэй гол дүрд тоглосон байна. Мөн өөр нэг судалгааны байгууллага 2004-2018 оны хооронд цацагдсан Америкийн алдартай телевизийн цувралуудын 112 ангид дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд дүрүүдийн ердөө 6.6 хувийг 65-аас дээш насныхан эзэлсэн аж. Тиймээс тус байгууллага настай эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино урлагийн салбарынхан ялгаварлан гадуурхсаар байна гэж дүгнэжээ. Үнэхээр ч насжилтын улмаас нийгмийн байр сууриа бүр мөсөн алдах эрсдэлтэй хүмүүс бол олны нүдэн дээр дүр төрх нь үзэгддэг загвар, урлаг, телевизийн салбарынхан аж. Тэдний олонх нь залуу насныхаа гоо үзэсгэлэнгээр үнэ цэн бүтээж амьдардаг тул тэдгээр нь гундах цагт хэрэгцээгүй болж, ялгаварлан, гадуурхагдах нь элбэг.
Хөгшрөлтөд ч гоо үзэсгэлэн байдаг. Инээхэд арьсанд тодордог үрчлээ амьдарсныг гэрчилж, үсэнд үзэгдэх мөнгөн сор зүсэнд өнгө нэмдэг ч эдгээр чимэгтэй талыг бид хардаггүй.
Одоогоо хайрлах хэрэгцээ
Хүмүүсийн олонх нь өөрийнхөө хамгийн гоо үзэсгэлэнтэй насыг нэрлэхдээ идэр, залуу үеэ онцолдог байна. “HuffPost” судалгаанд оролцсон 102 хүнээс энэ талаар асуухад эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн оргил насыг 29 гэж, эрчүүдийнхийг 25 настай гэж үзжээ. Эндээс хүмүүсийн олонх нь хөгшрөлт болон гоо сайхны хэмжүүр хоорондоо огтлолцдоггүй гэх ойлголттой байдаг нь харагдаж байна.
Гэвч үнэн хэрэгтээ хөгшрөлтөд ч гоо үзэсгэлэн байдаг. Инээхэд арьсанд тодордог үрчлээ амьдарсныг гэрчилж, үсэнд үзэгдэх мөнгөн сор зүсэнд өнгө нэмдэг ч эдгээр чимэгтэй талыг бид хардаггүй. Инээхэд арьсанд тодордог үрчлээ амьдарсныг гэрчилж, үсэнд үзэгдэх мөнгөн сор зүсэнд өнгө нэмдэг ч эдгээр чимэгтэй талыг бид хардаггүй. Түүнчлэн 50 насандаа 20 настан шиг хүснэ, харагдахыг хичээнэ гэдэг ч зохистой, мөн боломжтой үзэгдэл биш юм. Тиймээс өөрийн нас, одоогийн мөн чанарт тохирох гоо үзэсгэлэнг цогцлоож, сэтгэл тэнүүн амьдрах нь бидний бие, сэтгэлдээ оруулж буй чухал хувь нэмэр юм. Хүний нийгмийн үнэ цэн гадаад үзэмж, наснаас шалтгаалдаг гэсэн ойлголтоос татгалзаж, хүмүүс, нийгэм хэрхэн хүлээж авахаас үл шалтгаалан одоогоо хайрлацгаая. Гоо сайхны стандартгүй ирээдүй Та, биднээс шалтгаална.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл