Воны ханш сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшин рүү унажээ
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /Reuters/. Өмнөд Солонгосын воны ханш сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч уналаа. Үүнд дотоодын улс төрийн тодорхойгүй байдлаас гадна бодлогын хүүгээ бууруулах тал дээр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ болгоомжилсон байр суурь нөлөөлжээ.
Өнөө өглөө арилжаа нээгдэх үед воны ам.доллартой харьцах ханш 1453 байсан бол 10:00 цагийн байдлаар 1450 болж, өмнөх оройн ханш хаагдах үеийнхээс 0.96 хувиар буурсан байна. Энэ бол 2009 оны гуравдугаар сарын 16-наас хойших хамгийн сул ханш юм.
Лхагва гарагт АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг ХНС бодлогын хүүгээ зах зээлийн шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаар бууруулсан боловч тус сангийн дарга Жером Пауэлл хүүг цаашид дахин буулгах эсэх нь инфляцыг бууруулах тал дээр гарах ахиц дэвшлээс хамаарна гэж мэдэгдсэн байна.
Ж.Пауэллийн энэ мэдэгдэл ам.долларын ханшийг өсгөж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явц эхлүүлсний дараа үүсээд буй улс төрийн үймээн самууны улмаас тогтворгүй байсан воны ханшийг улам бууруулсан байна.
12 дугаар сарын 3-ны онц байдал зарлах шийдвэрийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан Солонгосын Төв банк энэ оны болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулах гэж байгаа талаар лхагва гарагт мэдэгджээ. Энэ сар гарсаар воны ам.доллартай харьцах ханш 3.9 хувиар суларч, гурав дахь сардаа дараалан буурсан байна.Он гарсаар ханш нь 11 хувиар унаад буй вон нь Азийн орнуудын мөнгөн тэмдэгтүүдээс энэ онд хамгийн тааруу үзүүлэлттэй нь болж байгаа бөгөөд 2008 оноос хойших хамгийн сул ханштай байна. Пүрэв гарагт арилжаа нээгдэхээс өмнө Өмнөд Солонгосын Сангийн сайд мэдэгдэхдээ, хэрэв ханшийн хэлбэлзлийг хэт өндөр байна гэж үзвэл Засгийн газар болон Төв банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах арга хэмжээг хурдан бөгөөд зоригтой хэрэгжүүлнэ гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг