Хар дансанд бүртгүүлдэг болсноор найдваргүй зээлдэгч нарын чих зөөлөрчээ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбумаар нь зээл авчихаад буцаан төлөхгүй луу унжиж, “Хоёр чих л авахгүй юу даа” гэж томордог байсан зээлдэгч нар “гар өргөн бууж” өгөх болжээ.
Учир нь, тус сангаас зээл авчихаад төлдөггүй зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлдэг болсноор ийн чих нь зөөлөрч, зээлээ төлөхөөр эрмэлздэг болсон аж. Санхүүгийн байгууллагуудаас зээл авах болоход "найдваргүй зээлдэгч"-ийн ангилалд багтсанаас дараагийн зээл авах боломж нь хязгаарлагддаг юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн газрын дарга Я.Эрдэнэсайханы өгч буй мэдээллээр одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа гурван зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт хүнд байгааг эс тооцвол бусдынх нь тухайд асуудал бага аж.
Энэхүү найдваргүй зээлийн ангилалд ороод байгаа зээлийн хэмжээ нийт дүнгээрээ 1.5 тэрбум төгрөг аж.
2020 оноос хойш тус санд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөдөггүй болсон. Зээлийн эргэн төлөлт болон орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрөөс эх үүсвэрээ бүрдүүлдэг болжээ. Нийтдээ дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэгч нарт 117 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгосон байна. Авлагын тухайд үндсэн төлбөр нь 229 тэрбум бол алданги нь 250 гаруй тэрбум төгрөг.
Зээлээ цаг хугацаандаа төлөөгүй 300 аж ахуй нэгжид холбогдох 100 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр тус газар хууль хяналтын байгууллага болон шүүхэд хандсан.
Эдгээр зээлдэгч нараас 2-3 хувь нь нас барсан, гадаад руу гараад явсан, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ангилалд багтжээ.
Бусдынх нь тухайд эзэн холбогдогчтой тул барьцаа хөрөнгөөр нь зээлийг барагдуулах зэрэг шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагааг хийж буй аж.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2769424/