Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчийн жороор хэрэглэнэ
Жирэмслэлээс хамгаалах эмийг эмчийн заавраар хэрэглэх талаар АШУҮИС-ийн АУС-ийн эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор дэд профессор Б.Болорчимэг зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эмийн жор маш чухал зүйл. Эмийн жорыг бид нар үзээд оношлоод, оношилсныхоо дагуу зөв эмчилгээ хийх, зохистой тунг зааж өгөх зорилгоор эмийн жорыг бичиж байгаа. Сүүлийн үед Монгол Улсад эмийн зохистой хэрэглээ, эмийн аюулгүй байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн хэрэглэдэг дааврын хавсарсан бэлдмэлийг хэрхэн хэрэглэх талаар охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх хэрэгцээ шаардлага гарч байна.
Эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс дааврын эм бэлдмэл ямар төрөл байдаг талаар товчхон мэдээлэл өгнө. Дааврын эмүүд дотроо дан прогестерон, дааврын хавсарсан эм, нэг болон хоёр фаттай, гурван фаттай гэсэн гурван төрөл байдаг. Ийм олон төрөл байдаг учраас эмэгтэйчүүд дур мэдэн худалдаж авахгүй байх хэрэгтэй. Заавал эмчээс заавар зөвлөгөө авч байж хэрэглэх ёстой.
Магадгүй эмчийн зөвлөгөө жорын дагуу аваагүй бол ямар гаж нөлөө илрэх вэ гэдэг асуудал маш чухал. Магадгүй эрхтэн тогтолцооны архаг хууч эмгэгтэй, ялангуяа элэгний эмгэгтэй, зүрх судасны архаг хууч өвчтэй эмэгтэйчүүдэд бол төдийлөн дааврын хавсарсан бэлдмэл зохиомжтой байдаггүй. Тухайн эмэгтэй ямар эрсдэлтэй вэ гэдгийг тооцоод эмч заалтын дагуу, зорилгынх нь дагуу дааврын эмийг сонгож өгдөг. Охид эмэгтэйчүүд дааврын хавсарсан бэлдмэлийг авахдаа заавал эмчийн заавраар, тодорхой заалтын дагуу жорыг зөв бичүүлж, зааврын дагуу ууж хэрэглэх нь маш чухал. Хэрэв танд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал шийдвэрлэх зүйл гарах юм бол мэргэжлийн эмчид хандаж зөв жороор авах хэрэгтэй. Ингэснээр та эрүүл мэнддээ болон алсад үүсэх эрсдэлээс өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой болно” гэдгийг онцолсон юм.