БНСУ-ын улс төрийн хямрал эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сөрөг хүчнийхнийг засгийн газрын үйл ажиллагааг саажуулж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн мягмар гарагийн /2024.12.03/ орой цэргийн онц байдал зарласан. Уг явдлын улмаас Өмнөд Солонгост улс төр, нийгмийн үймээн үүсэж, дэлхийн улс орнууд нөхцөл байдалд санаа зовж буйгаа мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын парламент Юн Сок Ёлыг онц байдал зарласнаас зургаан цагийн дараа буюу лхагва гарагийн /2024.12.04/ 04:30 цагийн үед яаралтай хуралдсан. Тэрхүү хуралдаанд парламентын 300 гишүүдийн 190 нь хүрэлцэн ирж санал хурааснаар онц байдлыг цуцлахыг дэмжсэн билээ. Үүний дараа Юн Сок Ёл цэргийн онц байдлыг цуцалж буйгаа албан ёсоор зарласан.
Уг явдлын дараа сөрөг хүчнийхэн Юн Сок Ёлын эсрэг импичмэнтийн процесс явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Импичмэнт гэж төрийн албан тушаалтныг томоохон алдаа гаргасан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлөхийг хэлдэг.
Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хуулийг илт зөрчиж буй хэрэг. Энэ бол улс төрийн түвшинд томоохон зөрчил гаргасан ноцтой үйлдэл бөгөөд импичмэнт явуулах төгс шалтгаан” хэмээсэн. Түүнийг огцрохыг шаардаж буй хүмүүс нь дан ганц сөрөг хүчнийхэн биш юм. Тодруулбал БНСУ-ын хамгийн том буюу 1.2 сая гишүүнтэй үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Юн Сок Ёл-ыг огцортол ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Үүнээс гадна Өмнөд Солонгосын кино урлагийн салбарынхан Юн Сок Ёлыг ажлаас нь чөлөөлж, баривчлахыг шаардсан мэдэгдэл гаргасан юм.
Сөрөг хүчнийхний санаачилгаар импичмэнт эхлүүлэх эсэх санал хураалт бямба гарагт /2024.12.07/ явагдсан. Тэгтэл эрх баригч Ардын хүч нам Тэргүүн хатагтайг шалгах тухай хуулийн төсөл дээр саналаа өгснийхөө дараа импичмэнтийн санал хураалт дээр парламентын танхимыг орхин гарсан билээ. Үүний улмаас аливаа асуудал дээр санал хураахад шаардлагатай ирц хүрээгүй байна.
Цэргийн онц байдал зарласантай холбогдуулан үүссэн улс төр, нийгмийн үймээн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, Өмнөд Солонгосын тогтвортой байдал, бүс нутгийн болон дэлхийн харилцаанд нь нөлөөлнө.
Эдийн засгийн нөлөө
БНСУ-ын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI лхагва гарагт /2024.12.04/ 0.9 хувиар буурч, дараагийн өдөр нь 1.44 хувиар буурсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт вон дэлхийн хэмжээнд хамгийн муу үзүүлэлттэй байжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг ам.доллар 24.5 вонтой тэнцсэн нь энэ жилийн нэгдүгээр сараас хойш үзэгдээгүй бага ханш юм. Баасан гарагт /2024.12.06/ воны ам.доллартой арилжих ханш долоо хоногийн өмнөхөөс 1.86 хувиар буурчээ.
Петерсоны Олон Улсын Эдийн Засгийн Хүрээлэнгийн ахлах, БНСУ-ын Худалдааны сайд асан Ёо Хан Ко “Зах зээлийн үзүүлсэн хариу үйлдэл одоогоор даруухан байна. Өмнөд Солонгосын засгийн газар яаралтай байдлын төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа бололтой. Засгийн газар хэр хурдтай нөхцөл байдлыг хэвийн болгож чадахыг л харах үлдлээ” гэж “Al Jazeera” агентлагт хэлсэн юм.
Тэрбээр нэмж “Хэрэв улс төрийн үймээн удаан үргэлжилбэл хөрөнгө оруулагчид, хэрэглэгч, худалдан авагч нарын итгэлд сөргөөр нөлөөлнө. Улс төрийн орчныг тогтворжуулах нь нэн чухал” хэмээжээ. Одоогийн байдлаар зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөг харьцангуй тогтвортой барьж чадсан ч улс төрийн үймээн удаан үргэлжилбэл БНСУ-ын санхүүгийн зах зээл болон өргөн хүрээндээ эдийн засагт муу үр дүн дагуулна гэж шинжээчид үзэж байна.
“Capital Economics” фирмийн Азийн эдийн засаг хариуцсан ахлах эдийн засагч Гарет Лэтр “Ерөнхийлөгч огцрохоос татгалзаж, нам нь импичмэнтэд санал өгөхгүй бол аюул тулгарч магадгүй” гэж “Al Jazeera” агентлагт хэлжээ. Бямба гарагт эрх баригч намынхан импичмэнт эхлүүлэх тухай санал хураалтыг орхин гарсан билээ.
Лэтр Тайландыг жишээ болгон авч, төрийн удирдлага нь тогтворгүй байх хэрхэн эдийн засгийг боомилж болдгийг харуулсан гэжээ. Тус улсад 2006 оны төрийн эргэлт хийх оролдлого гарсны улмаас улс төрийн үймээн үүссэн. Тэрбээр “Хоёр талын маргаан 18 жил өнгөрөөд байхад хүртэл арилаагүй. Энэ улс төрийн маргаан нь эдийн засагт үнэхээр нөлөөлсөн гэдгийг тоо баримтаас харч болно. Хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурч, өсөлт хүнд байдалд орсон. Энэ нь улс төрийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой” хэмээсэн юм.
Бүс нутгийн нөхцөл байдал, гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ
Роберт Лансингийн Дэлхийн Аюул болон Ардчиллыг Судлах Институт (RLI) энэхүү хямрал нь БНСУ-ын дотоодын тогтвортой байдал, бус нутгийн болон дэлхийн харилцаа ялангуяа БНАСАУ болон АНУ-тай тогтоосон харилцаанд нь нөлөөлнө гэж дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар бол Өмнөд Солонгост дотоодын тогтворгүй байдал үүссэн нь БНАСАУ-ын өдөөн хатгалгад хариу өгөх, бүс нутгийн дипломат ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг хязгаарлаж магадгүй аж.
АНУ, БНСУ-ын холбоо нь Энэтхэг-Номхон далайн бүс дахь энх тайвныг хадгалах тулгын чулуу гэж олон улс үздэг. Тэтгэвэрт гарсан Америк хурандаа Седрик Лейтон “CNN” агентлагт хэлэхдээ “Өмнөд Солонгост үүсэх ямар ч тогтворгүй байдал нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бодлогод ихээхэн нөлөө үзүүлнэ” гэжээ. Цэргийн онц байдлыг цуцалсны дараа АНУ мэдэгдэл гаргахдаа БНСУ-тай үүсгэсэн холбоо нь төмөр мэт бат хэмээсэн. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар бол Юн Сок Ёлын энэхүү гэнэтийн алхам нь түншлэлд эргэлзээ төрүүлэх юм.
Мөн БНСУ нь АНУ-ын Ази дахь гол түншүүдийн нэг. АНУ, Япон, Өмнөд Солонгос нь бүс нутгийн аюулгүй байдлын хангахын тулд батлан хамгаалахын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Дотоодын тогтворгүй байдал нь энэхүү динамикт нөлөөлж, цэргийн хамтарсан бэлэн байдалд нөлөөлж магадгүй.
Улс төрийн үймээнийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэг турших боломж болгон ашиглаж магадгүй. Тэрбээр гаднын орнуудад болж буй томоохон улс төрийн мөчүүдийг зэвсэг турших боломж болгон ашигласаар ирсэн. Хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Хойд Солонгос шинэ тив алгасагч баллистик пуужин харвасан юм.
Оксфордын их сургуулийн улс төрийн багш, Солонгосын хойгийн асуудал дээр мэргэшсэн Эдвард Хоуэлл “Сөүлд үймээн үүссэн үүсээгүй Хойд Солонгос Өмнөд Солонгосын ардчилсан тогтолцоог доромжлох дуртайг бид мэднэ. Пёнян БНСУ-ын дотоодын хямралыг үг хэллэгээр эсвэл өөр аргаар ашиглавал гайхах зүйл байхгүй” гэжээ.
Ийнхүү БНСУ-д үүсээд буй улс төр, нийгмийн тогтворгүй байдал удаан үргэлжилбэл санхүү эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал, гадаад харилцаанд нь томоохон нөлөө үзүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: Al Jazeera, CNN, RLI, Korea Times