Өмнөд Солонгост зарласан цэргийн онц дэглэм юу болж дуусав

Өмнөд Солонгост зарласан цэргийн онц дэглэм юу болж дуусав

 

Арванхоёрдугаар сарын 3-ны шөнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тус улсад цэргийн онц байдал зарласан ч хэдэн цагийн дараа уг тушаалаа цуцална гэж амлажээ.

Үйл явдлын тоймоос дурдвал:

Ерөнхийлөгч Юн Сок Ёол цэргийн онц байдал зарласан шийдвэрээ “БНАСАУ-ыг дэмжигчдийг” дарж авах  шаардлагатай хэмээн тайлбарлав. Тэдгээр “дэмжигчдийг” Юн Сок Ёол сөрөг хүчнийхэн гээд  харин парламентыг “бүлэг гэмт этгээдүүд” хэмээн нэрлэжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсад бүх улс төр, чөлөөт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн жагсаалыг хориглосон байна.

Сөүлийн гудамжинд цэргийн техник хэрэгсэл гарч ирэн, парламентын ордныг цагдаа нар бүсэлжээ.

Ерөнхийлөгч онц байдал зарласан даруй парламентын байранд жагсагчид цугларч эхлэв. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён "ардчиллын сүүлчийн цайзыг"-ийг хамгаалж, Үндэсний ассемблейд (Өмнөд Солонгосын парламентын нэр) цугларахыг ард  иргэддээ уриалжээ.

Өмнөд Солонгосын парламент цэргийн онц байдлыг  цуцлах эрхтэй бөгөөд  үүний тулд депутатууд олонхын саналаар шийдвэр гаргах ёстой байдаг.

Энэ үүднээс Ерөнхийлөгч Юн Сок Ёол парламентын үйл ажиллагааг хориглон, тус байгууллагын хаалгаар хүн оруулахгүй байхыг  онцолсон байна.

Энэ шийдвэрийн дагуу хамгаалалтын албаныхан гишүүдийг  парламентын  байранд оруулахгүй байсан учир жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ. Үүний үр дүнд  депутатууд парламентын  ордон руу хүч түрэн оржээ. Гэрчүүдийн ярьснаар тэд хашаа давж, цонхоор  авирч байв.

Энэ үйл явдлыг сөрөг хүчний намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ан Гви Рёнгийн  хийсэн бичлэг дэлхий даяар  цацагдсан байна.

Өмнөд Солонгосын парламентын 300 депутатын 190 гишүүн ордонд нэвтэрч чадсан бөгөөд олонхын саналаар байлдааны байдлыг цуцлахыг дэмжив.

Үүрээр Ерөнхийлөгч парламентын шийдвэрийг биелүүлж, цэрэг армийг эргээд  татжээ.

Парламент хэд хэдэн дуулиантай хэрэг дэгдээсэн Юн Сок Ёолд  итгэл үл үзүүлэх шийдвэрийг хэлэлцэх гэж байсан тул Ерөнхийлөгч  өөрийн эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд цэргийн дэглэм тогтоосон гэж сөрөг хүчнийхэн үзэж  байна.

Харин Ерөнхийлөгч Юн Сок Ёолын талбарласнаар сөрөг хүчин  Засгийн газрын үйл ажиллагааг “гацаасан” учраас ийм алхам хийжээ. Сөрөг хүчин  хэд хэдэн прокурорыг яллахаар төлөвлөж, төсвийн төслийг хүлээж авахаас татгалзсан байна. Тиймээс ерөнхийлөгч тэднийг “Хойд Солонгосыг дэмжлээ” хэмээн буруутгаж, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд цэргийн онц дэглэм шаардлагатай  гэж мэдэгджээ.

Солонгосын эрх баригч нам (ерөнхийлөгчийн нам) түүний үйлдлийн өмнөөс  иргэдээсээ уучлалт гуйсан байна. Намын зүгээс Юн Сок Ёолын цэргийн онц дэглэм тогтоох төлөвлөгөөг мэдээгүй бөгөөд тэрхүү шийдвэрийг  дэмжихгүй гэдгээ баталжээ.

Төрийн тэргүүн цэргээ эргүүлэн татаж, дэглэмийг  удахгүй цуцална гэж мэдэгдсэн ч түүнийг улсаа  хэвийн удирдах боломжгүй болсон тул түүнийг эрх мэдлээс нь огцруулж, баривчлах шаардлагатай гэж парламентын гишүүд үзэж байна.

 

 

https://www.unuudur.mn/a/272638

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen