“Khas zaya” гэх нууц нэрээр цахим орчинд танигдсан Г.Санчирыг Монгол Улсын хилээр гарахыг нь хоригложээ
Олон нийтийн сүлжээний нэг болох твиттерт “Khas zaya” гэх нууц нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг сэтгүүлч Г.Санчирыг УИХ-ын сонгуулийн өмнө ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилж, цагдан хориод сулласан байна.
Г.Санчирыг Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.
Түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
"Хас Заяа" нэрээр мэдээлэл түгээдэг байсан Г.Санчир гэж хэн бэ гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байсан. Түүний хувьд нэрт фото сэтгүүлч Р.Гомбожав агсны хүү бөгөөд “Дээдсийн амьдрал” сониныг эрхэлж байсан нэгэн аж.