Олон улс Башар аль-Ассадын ноёрхол дууссанд ямар хариу үзүүлэв
Сири улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад эх орноосоо зугтаж Москва хотод очсон байгаа. Мөн тус улсын Ерөнхий сайд Мохаммед Гази Жалали сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэж, засгийн газрын эрх мэдлийг шилжилтийн засгийн газарт шилжүүлэн өгөхөд бэлэн хэмээсэн.
Тэгвэл одоо аль-Ассадын ноёрхол дууссанд олон улс ямар хариу үйлдэл үзүүлснийг харцгаая.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: 14 жилийн турш үргэлжилсэн харгис дайны дараа дарангуйлагчийн дэглэм өнөөдөр нуран уналаа. Сирийн ард түмэн энэхүү түүхэн боломжийг ашиглан тогтвортой, энх тайван ирээдүйг бүтээж болно.
Европын холбооны ахлах дипломатч Каяа Каллас: Аль-Ассадын дарангуйлал төгсгөл болсон нь удаан хүлээгдэж байсан эерэг зүйл. Мөн энэ нь аль-Ассадын дэмжигчид болох ОХУ, Ираны сул талыг харууллаа.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон: Эцэст нь зэрлэг төр нуран уналаа. Би Сирийн ард түмэн, тэдний зориг, тэвчээрийг хүндэтгэж байна. Энэхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн мөчид би тэдэнд энх тайван, эрх чөлөө, эв нэгдлийг хүсэн ерөөж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам: Башар Ассад болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын нутаг дэвсгэр дээрх мөргөлдөөнд оролцсон хүмүүстэй хийсэн хэлэлцээний үр дүнд тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, улсаасаа явах шийдвэр гаргасан. Мөн төрийн эрхийг энхийн замаар шилжүүлэх ажлыг үүрэг болгосон.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: Дэглэм нуран унаж байгаа нь шударга ёсны зүйл. Энэ нь удаан хугацааны турш зовсон Сирийн ард түмэн бахархалт улсдаа сайн сайхан ирээдүйг бүтээх түүхэн боломж.
Эх сурвалж: Al Jazeera