Д.Дулмаа: Сэтгэл зүрхтэй байж чадвал хүний амь насыг аврах боломж бид бүгдэд байдаг юм

Д.Дулмаа: Сэтгэл зүрхтэй байж чадвал хүний амь насыг аврах боломж бид бүгдэд байдаг юм

 

ЦССҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаатай ярилцлаа.

 

-Цусны донорын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, түүний ач тусын талаар олон нийт мэддэг, ойлгодог, дэмждэг болжээ. Тэр буянт үйлсийн эздийг чухам хэрхэн урамшуулж, алдаршуулдаг талаар танаас тодруулая?

 

-Эхлээд “Хүндэт донор” гэдэг нэр хүндтэй шагналын талаар онцлоё. Энэ бол Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ийн 35 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудад олгодог шагнал юм. Анх 1963 оноос хойш олгож эхэлсэн байдаг.

 

-Одоогоор хэчнээн хүнд “Хүндэт донор” цол олгоод байна вэ?

 

-1963-2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2990 гаруй хүн “Хүндэт донор” цол хүртсэнээс 1400 нь цусаа идэвхтэй өгч байна. “Хүндэт донор” шагналыг жилд нэг удаа зургадугаар сарын 14 буюу Дэлхийн цусны өдрөөр олгодог байсан бол ачтан доноруудын тоог хэмжээг нэмэгдүүлэх, тэднийг алдшаруулах үүднээс жил бүрийн 1 дүгээр сарын 3 буюу Цусаа бэлэглэх үндэсний өдрөөр олгодог болсон. Ийнхүү жилд хоёр удаа хүртээдэг болоод байна.

 

-“Хүндэт донор” цол хүртсэн хүнд ямар давуу тал үүсдэг вэ?

 

-Мэдээж сайн дураараа, авлагагүйгээр цусаа өгч байгаа хүмүүсийг цусаа өгсөн байдлаар нь нийгэм, олон нийтэд алдаршуулах нь хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. 35 удаа цусаа өгөөд “Хүндэт донор” болсон хүмүүсийг нас харгалзалгүй улсын магадлан итгэмжлэлд орсон сувилалд 100 хувь үнэ төлбөргүй сувилуулах эрхээр урамшуулдаг.

 

Мөн нийслэлийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломж олгодог болсон. Гэхдээ энэ эрх нь яг өнөөдөр цусаа өгч байгаа “Хүндэт донор”-уудад л хамаатай юм.

 

Журамдаа сүүлийн 3 жил тогтмол хугацаанд цусаа өгч байгаа Нийслэлийн Хүндэт иргэнийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна гэж тодорхой зааж өгсөн учраас тэр л дээ. Орон нутгийн “Хүндэт донор”-ууд маань автобусны карт авах хүсэлт тавиад ирэх нь бий. Гэвч дөрвөн байгууллага ярилцаж тохироод гаргасан дээрх журмын дагуу асуудал зохицуулагдах учиртай. Цусаа өгөхөөр ЦССҮТ-ийн цус цуглуулах төвийг зорих хугацаанд нь үнэ төлбөргүй зорчуулая гэсэн санаа юм.

 

-Цусны доноруудыг алдаршуулан урамшуулах өөр олон хэлбэр байдаг. Энэ талаар танаас тодруулая?

 

-Тиймээ. Доноруудын хүмүүнлэгийн үйл хэргийг урамшуулдаг шагнал урамшил “Хүндэт донор”-оор зогсоогүй. 120-иос дээш удаа цусаа хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медальд тодорхойлж шагнуулдаг болсон. Энэ бол 2019 онд Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэгдсэн асуудал.

 

-“Шударга журам” медалийн үнэ цэнийг мэддэггүй хүн ховор биз ээ. Одоогоор хэчнээн донор Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог энэхүү том шагналын эзэн болоод байна вэ?

 

-Одоогоор 38 донор “Шударга журам” медалиар шагнуулаад байна. Жилд 5-6 донор энэ шагналын болзолыг хангадаг бөгөөд бид цаг алдалгүй Ерөнхийлөгчийн Тамгын газарт тодорхойлолтыг нь хүргүүлдэг.

 

-ЦССҮТ-ийн үйл ажиллагааг маш олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дэмжиж хамтран ажилладаг. Тэдний нэр бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шүү дээ...

 

-Тиймээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2015 оноос хойш нягт хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг маш өргөн утгаар дэмждэг гэсэн үг. Нэг жишээ л дурдахад Дүнжингаравт байрлах Нэг цэгийн үйлчилгээний төвд ЦССҮТ-ийн цус цуглуулах Дүнжингарав салбар ажиллаж байгаа бөгөөд урсгал зардлыг нь нийслэлээс 100 хувь хариуцдаг. Мөн жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог Нийслэлийн өдрөөр 9 донорыг Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Хүндэт тэмдэг гэх мэт шагналуудаар шагнадаг уламжлал тогтсон.

 

-Цус цуглуулах явуулын үйлчилгээний талаар асууя? Мэдээж төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиудын дэмжлэг байгаа учраас энэ хэлбэрийн цус цуглуулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу?

 

-Үнэн. Бид цус цуглуулах үйл ажиллагаагаа суурин төвүүд дээр болон явуулын үйлчилгээгээр гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулдаг. Явуулын хэлбэрээр жилдээ 235 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, цэргийн анги, их, дээд сургуулиуд дээр очиж цуглуулдаг.

 

 

Бидэнтэй хамтран ажилладаг сайн үйлсийг дэмжигч байгууллагууд, тухайлбал арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын зүгээс доноруудыг маань төрөл бүрийн хэлбэрээр урамшуулдаг.

 

Тухайлбал, “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг 2015 оноос нийтдээ 117 удаа зохион байгуулаад байгаа бөгөөд энэхүү өдрийн хүрээнд маш олон байгууллага хамтран ажиллаж доноруудад нэрийн бэлэг, бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулдаг.

 

Жишээ нвь, “Таван богд” группийн ULKER MONGOLIА брэнд л гэхэд сүүлийн гурван жилд тогтвортойгоор хамтран ажиллаж байна. Мөн “Монос” группийн охин компани “Е-Монос” компани 2024 оны туршид бидэнтэй хамт байж доноруудад бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэсэн.

 

Мөн Улаанбаатар смарт карт компанийг нэрлэхийг хүсэж байна. Түүнээс гадна 2024 онд ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг бүхэл бүтэн дүүрэг дэмжиж өргөн цар хүрээтэй хамтран ажилласан. Тэр бол Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ юм. Донор дүүрэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж, тэр зорилгодоо хүрснийг энд зориуд сайшаан дурдах нь зөв биз ээ.

 

-“Алтан донор”, “Мөнгөн донор”, “Хүрэл донор” гэдэг шагналууд анх хэзээ бий болсон бэ?

 

-Анх 2016 онд ЦССҮТ-ийн ерөнхий захирлын санаачилгаар “Алт”, “Мөнгө”, “Хүрэл” донор гэдэг шагналыг бий болгосон. 2024 оны байдлаар Монгол Улсын Цусны албаны хэмжээнд “Алтан донор” 13, “Мөнгөн донор” 72, “Хүрэл донор” 212 төрсөн байна. Энэ шагналын ач холбогдол нь байнгын донорын тоог нэмэгдүүлсэнд оршино. Бид сүүлийн жилүүдэд байнгын донорын тоог шинэ донорын тооноос илүү нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, энэ зорилттоо ч хүрсэн.

 

2020 оноос өмнө шинэ донор 60 хувь, байнгын донор 40 хувь байсан бол 2020 оноос хойш шинэ донор 40 хувь, байнгын донор 60 хувь болж өсссөн. Энэ нь доноруудаа алдаршуулах арга хэлбэрээ шинэчилсний үр дүн юм.

 

Байнгын донорын эзлэх хувь өсөх нь манай цусны албанд үнэ цэнэтэй үр дүн шүү дээ. Яагаад гэвэл тэд маань бие болон сэтгэлзүйгээ бэлдчихсэн, цусаа өгөхийг үүргээ гээд ойлгочихсон хүмүүс. Нэг ёсондоо цусны төв нь нэг ажлын газрын хэмжээнд хүрчихсэн мэт мэдрэмж авдаг болсон гэсэн үг. Энэ бол хамгийн том дэвшил, бас бахархал. 150 удаа өгвөл “Алтан донор”, 100-гаас дээш өгвөл “Мөнгөн донор”, 70-аас дээш өгвөл “Хүрэл донор”-оор өргөмжилдөг. Бас “Топ донор” гэж бий. 200-гаас дээш цусаа өгсөн хүмүүсийг “Топ донор”-оор зарлан алдаршуулдаг бөгөөд одоогоор хоёр хүн “Топ донор”-оор тодроод байна.

 

-Бахархал гэснээс “Бахархал” тэмдгийн талаар асууя?

 

-ЦССҮТ-ийн захирлын сангаачилгаар бий болгосон шагнал. 2016 онд олон нийтийн дунд “Бахархал” тэмдгийн хэв загварын уралдаан зарлаад, улмаар шалгарсан бүтээлээр нь энэхүү тэмдгээ хийдэг болсон. Агуулгын хувьд доноруудын өөрөөрөө бахархах сэдлийг төрүүлэх үүднээс санаачилсан шагнал юм. Цус өгсөн тоогоороо “10”, “20”, “30”, “40”, “50” гэсэн эрэмбэтэй. Та 10 удаа цусаа өгсөн бол шууд “Бахархал 10” тэмдгээр шагнуулна.

 

-Та ЦССҮТ-д олон жил ажиллаж, маш олон доноруудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ үүднээсээ цусаа өгөхийн ач тусын талаар яриач?

 

-Цусаа өгөхийн хамгийн гол ач холбогдол бол бусдад амьдрал бэлэглэдэгт оршино. Хүний амь нас эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулна гэдэг бол хамгийн бодитой хувь нэмэр. Эрүүл мэндийн талаасаа гэвэл цусаа өгснөөр шинэ цус дахин төлжихдөө шинэ залуу эд эсүүдийг бий болгодог учраас бодисын солилцоо эрчимжиж зүрх судасны өвчлөл, хавдрын эсийг бууруулах судалгаа гарсан байдаг. Гадаад орнуудад энэ талын маш олон судалгаа хийгдсэн. Ер нь цусаа өгөх нь залуужуулахад үнэтэй хувь нэмэр оруулна, урт наслахад үнэтэй хувь нэмэр оруулна, сэтгэцийн хувьд эрүүл байхад үнэтэй хувь нэмэр оруулна. Бас хүний бие дэх төмрийг зохицуулдаг гээд сайн тал олон бий.

 

-Нэг үеэ бодвол цусаа өгөхийн нийгмийн болон эрүүл мэндийн ач холбогдлыг олон түмэн мэддэг болжээ. Энэ нь цусны донорын эгнээ жил бүр өргөжиж байгаагаас харж болно гэж бодож байна?

 

-Тэгэлгүй яахав. 2012 оноос хойш манай донорын тоо 37 хувиар өсч, шинэ донорууд нэмэгдлээ. Ер нь залуучуудын ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Өөрт байгаагаараа бусдад туслая гэсэн чин сэтгэлтэй болж байна. Хэрвээ бид цусаа бэлэглэж, хэн нэгэнд хэрэгцээтэй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бий болгож байхгүй бол яаралтай үе тулгардаг гэдгийг мэддэг, ойлгодог болсон нь олз.

 

Сүүлийн жилүүдэд Монголд шинэ өвчнүүд бий болж байна. Дээр нь шинэ хагалгаануудыг дотооддоо хийж байна. Хамгийн сүүлийн тоо баримт гэвэл дотооддоо 204 удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байгаа юм. Цус, цусан бүтээгдэхүүн байхгүйгээр энэ том хагалгаанууд хийгдэх боломжгүй.

 

Тийм учраас гарцаагүй тохиолдолд хүний амь насыг аврах үнэ цэнэтэй бүтээгдэхүүн та бидний биед оршин байдаг юм байна. Сэтгэл зүрхтэй байж чадвал хүний амь насыг аврах боломж бид бүгдэд байдаг юм байна гэдгийг хүн болгон ухамсарлаасай гэж хүсч байгаагаа илэрхийлье. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн 1000 суварга босговол буян үйлддэг гэж ярьдаг бол хүний амь насыг аварна гэдэг бол юугаар ч сольшгүй хамгийн том буян юм шүү. Залуучууд болон ард иргэдээ хандаж сэтгэл зүрхээ зориулж, иргэний үүргээ биелүүлж өөрт байгаа үнэт эрдэнэ болсон цусаа   бэлэглээрэй гэж уриалах байна.

 

 

 

Л.Цэлмүүн

https://sonin.mn/newsDetail/7092

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen