Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан. Тэрбээр  Ховд аймагт ажиллахдаа Халзан бүргэтэйн  ордыг ашиглах асуудлыг иргэдийн  саналаар шийднэ,  иргэдийн санал авахгүй  бол Засгийн газар дэмжихгүй гэсэн. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, тус ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг танилцуулан хэлэлцлээ. 

Ийнхүү Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Ховд аймгийн Манхан суманд байрлах Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс түр зогсоогоод байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар  2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй  гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газрын хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Халзан бүргэтэйн орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тус эзэмшигч нь  “Монголиан нэшнл рийр ийрт” гэх компани  байна. Уг компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Анх 2001, 2004 онд лиценз олгож эхэлсэн. Тус орд нь газрын ховор элементийн нөөцтэй. 268 сая тонн хүдэртэй гэсэн нөөцийн бүртгэлтэй. Эцсийн бүтээгдэхүүн буюу 1.2 сая тонн исэлтэй байна. Монгол Улс  гурван сая тонн газрын ховрын нөөцтэй гэж үзвэл 30 гаруй хувь нь энэ ордод  хамаардаг байна. Тэгэхээр манай улсын хувьд том хэмжээний орд гэж хэлж болно. Уул уурхайн яамнаас дөрөвдүгээр сарын 29-нд тус уурхайд дотоод хяналт шалгалт явуулаад үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гаргасан. Хэдийгээр ийм акт гарсан ч гэсэн үйл ажиллагаа нь явж байсан  учраас өнөөдрийн засгийн газрын тогтоол гаргалаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen