Ерөнхий сайд аа, “сахил хүртээд шал дордов” гэдэг юм шүү
МАН-ын “томчууд” Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр солих, эзэнгүй үлдсэн Боомтын сайдаар Г.Тэмүүлэнг томилох гэж тохирсон ч Удирдах зөвлөл нь “ТҮР ХҮЛЭЭ” гэдэг чиглэл өгчээ.
Мэдээж МАН-ын даргын хувьд засгийн бүтцийн цаана удахгүй гар хүрэхээр зэхэж буй ҮХНӨ-ийн үед олонхоосоо дэмжлэг, туслалцаа хүсэх нэн тэргүүний шаардлага бий. Тиймээс намынхаа хэд дунд ёстой л “эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй”-гээр сайдын суудал өгөх “ацан шалаанд” орчихсон толгой нь гашилж суугаа биз.
Ямар сайндаа л ганц Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэж шүдний өвчин байсан чинь Барилга хот байгуулалтын сайдын суудлыг дэнжгэнүүлж байх вэ дээ. Үлдсэн нэг болох Боомтын сайдын суудал ч угаасаа олон хүний шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөөд байгаа албан тушаал.
Харамсалтай нь энэ удаагийн яригдаж буй хүмүүс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байтугай улстөрөөс “зайлуулах” хугацаа нь аль хэдийн болчихсон нөхөд. Тэр ч утгаараа МАН-ын удирдах зөвлөлийнхөн томилгооны асуудлыг хойш тавьж, ард нийт цахимд хэрхэн цэц булаалдахыг ажиглахаар шийдсэн аж.
Ямартай ч одоогийн хоёр сайдыг “мөргөж” орж ирэх гээд байгаа УИХ-ын гишүүд өмнө нь салбар толгойлж байхдаа гавьтай ажил хийгээгүй учраас нийтээрээ бухимдаж, эгээ л сахил хүртээд шал дордоно гэгч болох нь хэмээж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Гэтэл түүнээс ажлыг нь авсан Н.Тавинбэх сайд эрчим хүчний салбар аюулын байдалд орчихсон, үнэ тарифыг нэмэхгүй бол урагшлахгүй нь гэдгийг байнга “үглэсээр” байгаад ажлаа өгсөн. Дараагийн хүн Б.Чойжилсүрэн сайд нь энэ өвөл монголчуудыг хөлдөөчихгүй юмсан гээд шүд зууж байгаа. Тэдний ярианаас л Ц.Даваасүрэн Эрчим хүчний салбарыг хөгжүүлсэн эсэх нь харагдах биз. Тийм байтал арайхийн өндийх гэж байгаа барилгын салбарыг атгуулчихвал хэрэг хаашаа эргэх вэ гэдэг нь ойлгомжтой.
Нөгөөх нь мөн л ХНХ-ын сайдаар ажиллаж байсан С.Чинзориг. Үнэндээ хоёр удаа сайдаар нь ажиллахдаа НДШ-тэй холбоотой дорвитой ажил хийгээгүй түүнд эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь атгуулаад цааш явахгүй гэдгийг МАН-ын удирдах зөвлөл гадарлана. Гэхдээ хувь хүнийх нь шуналыг барахгүй гацчихаад байгаа аж.
https://erennews.mn/article/58577