Ж.Мөнхбатыг “Боомтын зөвлөл”-ийн сайдаар томилбол “Сэргэлтийн бодлого” чинь “Ширгэлтийн бодлого” болох магадлал тун өндөр шүү, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!
-Мартагнуулж байгаад ороод ирдэг “дархлагдсан” хэдэн сайд нарын байрыг сольсноо “Шинэчлэл” гэж андуураад байна уу?-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулахдаа “Боомтыг аль л бол аль байгууллага хариуцдаг чиг үүрэгтэй юм шиг ойлгогддог болсон. Иймд боомт хариуцсан үндэсний зөвлөл болон шууд хариуцсан нэг сайд шаардлагатай” гэсэн. Харин сүүлийн үед сонсохнээ энэ сайдын суудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр дуулдаад цочив. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан болохоор нь асуудлаа мэдэх хүн гэж үзсэн байж мэдэх ч түүний тарьсан балагууд дэндүү урхагтай байдгийг сануулах нь зүй ёсны хэрэг.
Учир нь Дарханы зам яагаад гацсан, Хятадын “Шинжиан Шинфа” гэдэг компани яагаад Монгол Улсын Төрийн банкнаас ганцхан өдрийн дотор 20 тэрбум төгрөгийн зээл авчихсан, түүнийгээ төлсөн нэртэй хэдий ч үнэн хэрэгтээ Монголын замын компаниуд төлсөн, гэхдээ хүү бүрэн төлөгдөөгүй мөн л 20 орчим тэрбум төгрөгийн асуудал шүүх дээр байдаг, цаашилбал Хөгжлийн банкинд найз нөхдөө шургуулсан, тэд нь завхарлыг засах байтугай банкны мөнгөөр бизнес хийсэн гээд тоочоод байвал дэндүү урт холын балагтай. Казиногийн ширээний араас Монголын төрийг удирдалцахдаа алдааг засах бус, албан тушаалтны гэмт хэргүүдийн үүр уурхайг цогцлооход л хувь нэмрээ оруулсан түүнийг танхимдаа оруулж “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хамгийн чухал, эгзэгтэй цэгийг атгуулж “Боомтын зөвлөл”-ийн асуудлыг хариуцуулах аваас “Сэргэлтийн бодлого” чинь “Ширгэлтийн бодлого” болох магадлал тун өндөр шүү, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!
МАН дахь фракцуудад албан тушаал хуваарилж байгаа байдлаас харахад өнөөдөр тухайн асуудлыг мэддэг гэхээсээ илүү “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар хандаж байгаа нь ажиглагдаж, “М.Энхболдын фракцийн” гэх хүмүүсээс сэм сэм шургуулж “тэнцвэрийг хангах” замаар “тэнцвэрээ олж ядан” явааг тань олон нийт харж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт албан тушаал хашиж байхдаа ямар гавьяа байгуулсан, хэр гай тарьсныг нь мэдсээр байж “бялуу өгөх” нь хожмын өдөр хор болох нигуур өндөр гэдгийг эртхэн сануулах нь зүйтэй биз ээ. Дээр дурдсанчлан “тэнцвэрийг хангах” замаар “тэнцвэрээ олж ядахдаа” М.Энхболдын фракцийнхан, Ж.Эрдэнэбатын Засгийн газрынхнаас хэчнээнийг нь өнөөдөр дахиад төрийн өндөр албан тушаалд томилов? Хэдэн сайдыг нь танхимдаа элсүүлж, хэн хэнийг Элчин сайдаар томилж шагнав гэдгээ эргээд хар даа, МАН-ынхан? Үүнийг хариуцлага тооцох гэдэг юм уу? Шинэчлэл, Шинэ сэргэлт гэж үүнийг хэлдэг юм уу? Мартагнуулж байгаад ороод ирдэг “дархлагдсан” хэдэн сайд нарын байрыг сольсноо “Үе солилоо”, “Шинэчлэл, Шинэ сэргэлт” гэж хашхираад байвал андуурч байна шүү. Ард түмэн тэнэг биш гэдгийг сануулахад тун бага хугацаа үлдлээ.
https://www.newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/34190