Хариуцлага тооцох, хариу нэхэх цаг ойртсоор байна (2024 он...)

сонин mn
“Ухаалаг, овсгоотой хүн хогийг алт болгодог, харин тэнэг хүн алтыг хог болгодог” гэсэн үг бий. Монголын газар нутаг, хөрс шороо, мал, монгол хүмүүс бол цогц утгаараа энэ дэлхий дээрх “шижир алт” билээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн зуун жилийн дотор Монгол маань мөн ч олон удаа муугаа үзэж, мухардаж, доройтлоо. Энэ бүхэнд төр засаг, удирдлага л буруутай байжээ.
 
Өнгөрсөн дөрвөн зуун жилийн туршид монголчуудад чухам юу дутаад Монгол улс тусгаар тогтнолоо алдаж, хүн ам цөөрч, ядуурч, өвчин халдварт өртөж, өр зээлэнд баригдаж, өвөг дээдсийнхээ нэрийг хөөдсөн юм бэ?. Энд нэг л хариу буй. Энэ бол төр засгийн эрх барьж байсан хүн хүчний мэдлэг, чадвар, ур ухаан, суу билэг дутагдалтай байсны үр дагавар юм. Шуудхан, товчхон хэлэх аваас найман дүрийн Богд Жавзандамба нар Монголыг маань өөд нь татсан бус уруу нь чирчээ. Мөн найман сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд Монголыг маань өр зээлэнд бариулж дампуурлаа зарлахад хүргэжээ. Амьд бурхад хэмээгдэж байсан найман Богд гэгээн, мөн найман сонгуулиар тодорсон 900 орчим том дарга нар (яг л үнэнийг хэлэх аваас) ард түмнээ хуурчээ, мөлжжээ, өөрсдөө баяжжээ, тансаглажээ. Уул нь монголчууд бол чадварлаг жолоодогчдын удирдлаар юу ч хийж чадахаа дэлхийд нотолчихсон ард түмэн шүү дээ! Гэтэл одоо, XXI зуунд залуус нь амь амиа бодох, гадаадруу гарч боолын шахам хөдөлмөр эрхлэх, үлдсэн хүмүүс нь ядуурч, өлсөж эхэлж байдаг... Бурууг нь яах ч аргагүй л эрх баригчид л хүлээх болчихоод байна. Тэд харин юу бодож, юу төлөвлөж байдаг юм бол? Одоохондоо бол гаднаас зээл аваад ч болов нам дотроо хувааж идэх, шамшигдуулах, чингэснээр улс орон улам бүр л өр зээлэнд бариулах замыг сонгоод байгаа бололтой. Яана даа, яана, ард олон минь! Ямар ч шунахай хүмүүс саарал ордонд цугларчихаа вэ? Уг нь тэд бүгд л баян чинээлэг амьдралтай хүмүүс шүү дээ. Шуналд хязгаар байдаггүй гэдэг үнэн ажээ.
Эрх баригч хоёр намын томчууд дан дангаараа ч авилга авч луйвар хийлээ. Хоёулаа нийлж хамсаад ч идэж ууцгаалаа.
Засгийн газрын 20-р тогтоолын үеэрх булхай луйвар, ашигт малтмалын лицензүүдийн дамлан наймаалалт, алт дилерийн хэрэг, Эрдэнэтийг тойрсон шахаа, чавчаа, Оюу Толгойн гэрээг тойрсон авилга, луйвар, Төрийн өмчит үйлдвэрүүд тойрсон булхай, луйвар, Улсын эрдэнэсийн сан, музейн үзмэрүүдтэй холбоотой луйвар, хулгай, солио, Нийгмийн даатгал ба эрүүл мэндийн сан, ЖДҮ-лэлийн сантай холбоотой, банкуудын дампууралтай холбоотой луйвар, булхай, Улсын болон хоршооллын өмч хувьчлалтай холбоотой луйвар, булхай, менежментийн гэх өмч хувьчлал, хотын төвийн газрын наймаа, албан тушаалын наймаа, улсын аюулаас хамгаалах фонд тойрсон булхай, луйвар, яамдуудын хөрөнгө, баялагийн шамшигдуулалт, удирдах зөвлөлийн гишүүний гэх сул цалин гээд л тоочиход цаана нь бас өчнөөн хэлбэр, зүйлийн булхай улс орныг минь туйлдуулжээ, самарчээ, одоо дампууралруу хөтөлсөөр байна.
 
“Булхай, луйвар хамуудаа! Одоо боллоо, зогсооцгооё, араа бодоцгооё” гэж хэлэх, уриалах хүмүүс тэдний дундаас олдмоор доо! Яг л цаг нь болчихоод байна даа!... Даварвал хаана, хаана очдог билээ?! Хөөн хэлэлцэх хугацаа, өршөөл, уучлал гэж байхгүй болсон шүү дээ.
“Тэнэгүүдийн оронд (нутагт) ухаантай хүн тэнэгт тооцогддог” гэсэн үг буй. Иймэрхүү үзэгдэл өнөөдөр манай олон аймаг, сумдад, олон яам газарт ажиглагдах болоод байна. “Одоо чинь мэддэг, чаддаг нь биш зөвхөн л мэдэмхийрэх өвчтэй нь удирддаг болчихоод байна даа Чука минь” гэж надад олон хүн хэлэх болов.
Шальгүй нягтлаад үзэхэд л тэдний үг үнэн байлаа. Яагаад ийм болчихоо вэ? Гэж асуухад “ тэд чинь ялсан намын томчуудын шадрууд шүү дээ” л гэцгээж байв.
Бид сонгуульд ялсан юм чинь гээд зоргоор загнаж, ийм юм хийж болдог юм уу? Ингээд л байх юм бол бүх яам, газрын ажил дээрдэхгүй, бүр байснаасаа дорд он биз дээ? Иймэрхүү ааш авир, үзэл бодол, “бялуу хуваах” гажгаас болоод л улс орон маань дампуурлаа зарлахад хүрсэн байж ч болох юм. Ардчилал, либеральчлалын замаар зөв явахад юуны өмнө улс төрийн намууд, тэдний удирдлагууд суралцах хэрэгтэй байжээ дээ?. Би, бид энэ талын боловсролтой, хүмүүжилтэй, ёс суртахуунтай гээд хэлчихэж чадах нам, удирдлага өнөөдөр Монголд минь алга бололтой. Үйл хэрэг нь, үр дүн нь энэнийг нотлоод байна шүү дээ! Маргалдах, гүтгэлээ, доромжиллоо хэмээн шүүхэд хандах хүн гарахгүй байх хэмээн найдаж байна...
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen