Роснефтид цаг алдаж хариу өгсөн Ц.Эрдэнэбаярыг "ажилд нь үлдээ" гэж Д.Амарбаясгалан шахалт хийлгүй орхижээ
Шатахууны хомстлын асуудлаар Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Түүнийг өнгөрсөн долоо хоногт /2021.10.06/ өргөдлөө өгсөн даруйд иргэдийн зүгээс “Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар хариуцлага хүлээх ёстой байсан. Ц.Эрдэнэбаяраар туг тахилаа” хэмээн шүүмжилж байв. Тэгвэл яагаад Ц.Эрдэнэбаяр хариуцлагаа хүлээгээд ажлаасаа гарсан бэ гэдэг асуултад бид эх сурвалжийн мэдээллээр хариулт өгч байна.
-Ц.ЭРДЭНЭБАЯР РОСНЕФТЬ КОМПАНИЙН ХОЁР АЛБАН БИЧИГТ ХУГАЦАА АЛДАЖ ХАРИУ ӨГСӨН БАЙЖЭЭ-
Шатахууны хомстол үүсч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг”-ийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд өгсөн байдаг. Г.Ёндон сайд ч үүнийг олон нийтэд ил мэдээлсэн. Иймд хэнд хариуцлага тооцох вэ гэдэг асуулт анхаарал татаж байлаа. Дээрээс гадна МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч “Бүлгийн хурлаараа хариуцлагын асуудлыг ярилцана” гэж мэдэгдсэн.
Ингээд чухам ямар албан тушаалтан хариуцлага алдав гэдгийг хөөж үзэхэд ОХУ-ын Роснефть компанитай харилцах хоёр ч албан бичигт хугацаа алдаж Ц.Эрдэнэбаяр хариу өгсөн байжээ. Түүний хувьд АМГТГ-таа нефть хариуцсан албан тушаалтан юм.
Итгэхэд бэрхтэй ч энэ тухай Засгийн газрын хуралдааны түвшинд ч ярьсан байна. Шатахуун хомстож, асуудал өндрөө авч нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн учир Засгийн газрын түвшинд Ц.Эрдэнэбаяртай хариуцлага тооцох тухай яригджээ. Энэ даруйд Ц.Эрдэнэбаяр өөрийг нь тус албан тушаалд томилуулахад нөлөөлсөн гэгддэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалантай уулзаж "Ахаа намайг бодоорой" гэжээ.
Харин МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан түүнийг албан тушаалд нь үлдээх асуудлаар Засаг руу утас цохихдоо, ажилд нь үлдээх талаар дорвитой шахалт үзүүлээгүй, гуйгаагүй хаясан гэх мэдээлэл байна. Тиймээс Ц.Эрдэнэбаяр МАН бүлгийн хурал болон Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө “өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх” өргөдлөө өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN
http://isee.mn/n/26748