Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ хүрээнд өрнөж буй “Намайг алгас” нөлөөллийн ажлын явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын хүрээнд өрнөж буй “Намайг алгас” аян хэр үр дүнгээ өгч байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлын түвшинд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэхэд чиглэсэн бодлогын томоохон ажлуудыг эхлүүлсэн. Өнгөрсөнд бид согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн үр дагавартай нь тэмцдэг байлаа. Одоо бид сөрөг үр дагавар гарахаас нь урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах бодлогыг барьж байна. Үүний нэг нь залуучууд руу чиглэсэн “Намайг алгас” нөлөөллийн ажил юм. Тус нөлөөллийн ажил нь согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах зорилготой өрнөж байна. Өнөөдөр залуучуудын дунд хорт зуршлыг алгасаж болдог юм байна гэсэн ойлголт сууж эхэлж байгаа нь үр дүн юм. Хамгийн гол нь нийгэм, ирээдүй хойч үедээ хорт зуршлаас алгасах иргэний зориг чухал гэсэн ёс зүй, ухамсарыг суулгахыг зорьсон. Тиймээс энэхүү нөлөөллийн ажлаар дамжуулан залуучуудын дэмжлэгийг авч, зөв сонголт хийхүйц өөрчлөлт гарна гэж харж байгаа.
-“Намайг алгас” нөлөөллийн ажил цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шиг үргэлжилнэ гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Ерөнхийлөгчийн зүгээс архины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор олон нийт рүү чиглэсэн урт хугацааны нөлөөллийн ажлыг 6 үе шаттайгаар зорилтот түвшинд хэрэгжүүлнэ. Цаашид бид ахуйн хүрээний, эмэгтэйчүүдийн, насанд хүрээгүй архидалт, зам тээврийн болон зангиатай архидалттай тэмцэх зорилтот нөлөөллийн ажлыг үе шаттайгаар өрнүүлэх юм. Үе үеийн Ерөнхийлөгчид уриалга төдий орхидог байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд бодлогын түвшинд хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлаар дамжуулан этик, ухамсарыг суулгаж өгөхийг зорьж байна. Ер нь бид огцом өөрчлөлт, гэнэтийн ялалтыг мөрөөдмөөргүй байгаа юм. Архидалттай тэмцэх асуудлыг үндэсний хэмжээнд авчирч, бодлогын түвшинд хэд хэдэн дорвитой шийдвэрүүд гарч эхэлсэн учраас бид урт хугацаандаа бодит үр дүн гарна гэсэн тооцоолол, өөдрөг хүлээлттэй байна.
-Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?
-Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.
Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ. Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин ч өссөөр байна. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.