Ж.Ганбаатар: Уул уурхайн салбарт тодорхой ажлуудыг зоригтой эхлүүлнэ
МАН-ын УЗ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг тодруулсан ба энэ удаагийн засгийн газрын бүрэлдэхүүнийг олон нийт мэргэжлийн, даацтай сайд нараар танхимаа бүрдүүллээ гэж дүгнэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилсон нь энэ цаг үед нүдээ олсон томилгоо гэж харж буй юм. Ж.Ганбаатар гишүүн 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын Гишүүнээр болон эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж эдийн засгийн асуудалд нухацтай, зарчимч хандаж олон асуудлыг хэлэлцэн баталж ирсэн. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний засмал зам тавиулсан нь тухайн үедээ сайн, мууг зэрэг зэрэг л сонсож байсан. Учир нь түүнийг нэг хэсэг нь “гишүүн болж хувьдаа завшсан мөнгөнийхөө талын талаар зам тавиулж ард түмнээс оноо авах гэлээ гэсэн бол нөгөө хэсэг нь энэ олон жил нэг ч гишүүн тэр тусмаа өөрийн хөрөнгөөр засмал зам битгий хэл сайжруулсан зам ч тавьж байгаагүй” хэмээн шуугьж байсан.
Тэгвэл тэр одоо уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг илүү чамбайруулж, энэ салбарыг гацаанаас гаргаж, урагшлуулах үүргийг Ерөнхий сайдаас хүлээлээ. Харин тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ. "Уул уурхайн яамны хувьд тулгамдаж буй гол асуудал бол иргэдэд асуудлыг зөв талаас нь ойлгуулах, иргэдийг мэдээллээр хангах юм. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт маш их дутагдаж байгаа. Түүнээс гадна боловсон хүчний хувьд, чадавх, олдцын хувьд ч асуудал байна. Мөн шинэ технологиор дутагдаж байгаа. Их хурлаар ороод ажлаа авсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгнө. Уул уурхайн салбарт тодорхой ажлуудыг зоригтой эхлүүлэх ёстой. Нийгэм, хэвлэл мэдээлэл хэрхэн дүгнэх бол гэдгээс хандаж болохгүй, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, иргэдийн уялдаа холбоог хангах үүрэг ирж байна" гэв. Түүнийг аливаа ашиг сонирхлоос ангид, ялангуяа уул уурхайн салбарт нэр цэвэр улс төрчийн хувьд шийдэмгий, зоримог ажиллаж чадна гэдэг хүлээлт олон нийтэд ч Ерөнхий сайдад ч бий болов уу. Ямартай ч түүнд Ерөнхий сайд итгэл хүлээлгэж, уул уурхайн салбарыг гацаанаас гаргах даалгаврыг өглөө.