Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсооно

Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсооно

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв.

“Цахим систем нэвтрүүлснээр төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгаж, улсын төсөвт жилд ₮10-15 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой”

2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж.

Уг цахим системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэллээ.

Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.

Газрын тухай хуулийг анх 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч давхардал, хийдэл байсаар байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын үнийг дур зоргоороо, өөр өөр тогтоодог байсныг зөвхөн аймаг, нийслэлийн түвшинд нэгдсэн байдлаар тогтоохоор цэгцэлж буйгаас эхлээд газартай холбоотой авлига, хээл хахуулийг зогсооход чиглэсэн олон зохицуулалт тусгагдсан гэж албаныхан танилцуулсан.

 

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин нягталж, засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсоохын тулд уг хуулиар аймаг, нийслэл үнээ тогтоодог итгэлцүүртэй болж байгаа нь сайн хэрэг. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирдог учраас итгэлцүүрийн хувийг маш сайн судалж, нягталж байж тогтох ёстой.

Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар ашиглалт, зохион байгуулалтыг ил тод нээлттэй байлгах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, өгөөжийг нь нэмэгдүүлэх технологийн шийдлүүд ч энэ хуулиар нэгтгэгдэж явна” хэмээгээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen