ДЭМБ: Цар тахлыг ялснаа зарлахад эрт байна

 

ДЭМБ: Цар тахлыг ялснаа зарлахад эрт байна

 

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 цар тахал БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэнийг дэлхий нийтэд зарласнаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш пүрэв гарагийн байдлаар дэлхийн 227 оронд 451 сая гаруй хүн халдвар авч, зургаан сая гаруй хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлоос 385 сая хүн нь эдгэрсэн гэж Жон Хопкинсийн их сургуулиас мэдээлэв. Ийн цар тахлын одоогийн нөхцөл байдал болоод цаашдын  төлвийн талаар тоймлон хүргэж байна.

 

1300 хүн тутмын нэг нь цар тахлаар нас баржээ

 

ДЭМБ-аас омикрон гэсэн шинэ хувилбарыг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд зарласан. Үүнээс хойш гурван сар хүрэхгүй хугацаанд энэ хувилбар дэлхий даяар хурдацтай тархсан билээ. Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий нийтээр халдварын тархалт эрчимтэй буурч байна. Тухайлбал, хоёрдугаар сарын эхний долоо хоногт өдөрт 11 мянган хүн нас барж байсан бол өдгөө 6700 гаруй болж буурчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Халдварын энэ эрчимтэй бууралтыг вакцины нэмэлт тунтай холбоотой хэмээн судлаачид тайлбарлав. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш дэлхийн 1300 хүн тутмын нэг нь нас барсан гэсэн тооцооллыг судлаачид гаргасан гэж CNN мэдээлэв.

Одоогийн байдлаар АНУ, Бразил, Орос, Мексик улсууд цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн тоогоороо тэргүүлж байна. ДЭМБ-ын шинжээчдийн хийсэн тооцооллоор нас баралт ихэнх мужид буурч байгаа ч Номхон далайн баруун хэсэг, Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн орнуудад өссөн байна. Тодруулбал, халдварын тохиолдлын тоо Номхон далайн баруун хэсгийн орнуудад өнгөрсөн хоёр долоо хоногт эрс нэмэгджээ.

 

Дэлхийн хүн амын 57 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдав

 

“Our World in Data” сайтын мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 57 хувь буюу 4.4 тэрбум хүн вакцины бүрэн тундаа хамрагджээ. Гэхдээ  энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал, бага орлоготой орны иргэдийн 14  хүрэхгүй хувь нь вакцины нэгдүгээр тунгаа тариулжээ.

Өдгөө 81 сая гаруй хүн халдвар авч,  нэг сая орчим иргэнээ цар тахлаар алдаад байгаа АНУ-ын хүн амын 90 гаруй хувь нь халдварын тархалт дунд болон бага бүсэд амьдарч байна гэсэн судалгааг CDC танилцуулав. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Цар тахал дуусах болоогүй.  Америк энэ хавар, зунаас хэвийн амьдралдаа шилжинэ” гэж мэдээлэв. Харин ДЭМБ-аас дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдахаар буюу энэ жилийн дунд үеэр цар тахлын тархалт бүрэн зогсоно хэмээн мэдээлэв.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд нас баралт 11 хувиар буурсан ч АНУ-д өдөрт 1500 гаруй нас баралт бүртгэгдсэн хэвээр байна. Энэ нь томуугийн өвчлөлөөс илүү сөрөг нөлөөтэй хэмээн шинжээчид анхааруулав. Тухайлбал, доктор Соуза “Маш олон хүн өдөр бүр коронавирусаар амиа алдаж байна. Энэ нь цар тахал маш ноцтой өвчин гэдгийг харууллаа” гэв. Гэхдээ  дахин өөр хувилбар гарч ирэхгүй бол вакцин болоод зөв эмчилгээний тусламжтайгаар цар тахал дуусахад маш ойрхон байна гэдгийг CDC нотоллоо.

Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус “Цар тахлыг ялснаа зарлахад арай эрт байна. Олон оронд өдгөө халдварын тохиолдол болоод нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж оргилдоо хүрлээ. Илүү аюултай хувилбарууд ч гарч ирэх эрсдэл өндөр. Тиймээс бид бүх Засгийн газрыг анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг уриалж байна” гэж ням гарагт мэдэгдсэн юм.

 

Хонконгод хүнсний дэлгүүрийн лангуу хоосорчээ

 

Халдварын тархалтыг эрт намжааж чадсан амжилтаараа тэргүүлж байсан Хонгконг улс өдгөө халдварын оргил үетэйгээ “дайтаж” байна. Тус улсад хоёр долоо хоногийн дотор 312 мянган хүн халдвар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байна. Мөн 100 мянган хүн тутамд гурван нас баралт бүртгэгдэж байгаагаараа дэлхийг тэргүүллээ. Үүнээс үүдэн хөл хорио тогтоох вий гэж айсан иргэд хүнсний дэлгүүрүүдийнхээ лангууг хоосолж, халуун бууруулах эм, гар ариутгагч эмийн сангуудад дуусчээ. Тус улсын удирдагч Кэрри Лам энэ нөхцөл байдлыг таамаглаагүй сорилт хэмээн тодорхойлжээ.

Хонгконгод омикрон хувилбараар вакциндаа хамрагдаагүй ахмад настнууд илүү  халдварлаж байгаа учир нас баралт өндөр байгаа аж. Тус улсын 80 болон түүнээс дээш насныхны 25 хувь, 70-аас дээш насны 48 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан нь халдварын тархалт эрчимжихэд нөлөөлж байгааг судлаачид анхааруулжээ. Хонгконгод энэ сарын 10-ны байдлаар 551 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 2800 гаруй  хүн нас бараад байна. Харин өдөрт 25 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 300 орчим хүн цар тахлаар амиа алдаж байна. Энэ тархалтыг зогсоохын тулд 7.4 сая хүн амаа бүгдийг нь шинжилгээнд хамруулахаа Засгийн газар нь амлалаа.

 

Халдварын үр нөлөө урт хугацаанд үргэлжилж болзошгүй

 

COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн тархи хэвийн байдлаа алдаж эхэлснийг баталсан шинэ судалгааг “Nature” сэтгүүл танилцуулсан нь цар тахал дууссан ч түүний сөрөг үр дагаврыг хүмүүс бие махбодиороо мэдрээд үлдэх нь гэдгийг санууллаа. Үнэрээ алдах шинж тэмдэг нь тархины өөрчлөлттэй холбоотой юм байна. Энэ талаар судалгааг ахалсан эрдэмтэн Гвенале Доуауд “Халдвар авсан хүний тархи хэрхэн өөрчлөгдсөнийг хараад бид их цочирдлоо. Насны онцлогоос шалтгаалаад хүний тархины ой санамжийн хэсэг жил бүр 0.2-0.3 хувиар муудаж байдаг. Гэтэл халдвар авсан хүмүүсийн тархины саарал бодис 0.2-2 хувиар багассан байгааг судалгаагаар тогтоолоо” гэж ярилаа. Мөн цар тахлын нөлөө урт хугацаагаар үргэлжилж сэтгэцэд нөлөөлөх эрсдэлтэйг судлаачдын баг анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 51 (6783)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen