“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв
“Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд аудитаас гадна иргэний зүгээс хяналт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Үүний дагуу “Шилэн” Цогоо буюу иргэн Д.Цогтгэрэл төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ыг хянаж, хууль хэрэгжүүлэх шаардлага тавьсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCO” компанийг дахин тендерт оруулах гэж байгааг буруушаажээ. Тиймээс “Шилэн” Цогоо “Хуулиар хориглосон гэрээг сунгах, сунгахыг завдах гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах улс төрийн тэмцэл өрнүүлнэ, тэмцлээ удирдан манлайлж оролцоно” гэдгээ цахим хуудсаараа мэдэгджээ.
Тэрээр урьд өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын таван саяас дээш төгрөгийн гүйлгээний хөтлөлт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тендергүйгээр төрөөс мөнгө гаргаж байсныг баримтаар дэлгэсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдад хууль бус үйлдлээ засах гурав хоногийн хугацаа өгч, хэрэв хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ утгаараа тэрээр Г.Ёндон сайдад дахин сануулга өгч байгаа хэрэг.
Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүнд, үндэсний компаниуд бараг ажилгүй шахам сул зогсож байна. Тэгээд ч Монгол Улсад туршлага бүхий хөрс хуулалтын компани олон бий. Нөхцөл байдал ийм байхад заавал гадны компани тендерт оролцуулах гээд байгаагийн цаана Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ямар нэгэн эрх ашиг нуугдаж байж ч болох юм. “Тендерийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжид дурдахдаа ч “уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулах, хамтрах, гүйцэтгэх ажилд үндэсний компаниудыг оролцуулах” ёстой. Хэрэв “дотоодын нөхцөлд боломжгүй бол гадны аж ахуйн нэгжийг тусгай шалгуураар оролцуулж болно” гэсэн заалт бий. Хамгийн наад зах нь хөрс хуулалт болон уул уурхайн бусад чиглэлд ажиллах боломжтой үндэсний олон компани сул зогсож байхад гадны компани оруулах гэж байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаар үндэсний гэсэн сэтгэл дутаж байгааг харуулсан хэрэг.
Дашрамд дурдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт олон нийтэд ил болсон. Тус баримтаас харахад тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ий өдөр хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Уг нь тэрээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамж авдаг байсан гэхээр төрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэх шаардлагагүйг харуулна.
Энэ бүх мэдээллээс харахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань төрийн мөнгөнд гар дүрэх, албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой нэгэн бололтой.