Цэрэггүй бүсээс дайны үеийн цэргүүдийн үлдэгдлийг илрүүлжээ
БНАСАУ-ын хилийн ойролцоох Цэрэггүй бүсээс 60 хэсэг яс илрүүлсэн тухай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд баасан гарагт мэдээлжээ. Тэдгээрийг 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх хэмээн үзэж байгаа аж.
"БНСУ малтлага ажлыг энэ сарын эхээр эхлүүлснээс хойш нийт 92 хэсэг яс олсон" гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Тэдгээр ясыг хэдэн хүнийх гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа явуулж, ДНК-ийн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.
Хоёр талын хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой баримт бичгийн дагуу Сөүл, Пёньян өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын турш хамтарсан малтлага явуулахаар төлөвлөж байжээ.
Харин БНАСАУ малтлагын талаар ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байгаа бөгөөд БНСУ-ын цэргийн хүчин уг ажиллагааг дангаар явуулж байгаа ажээ.