Өглөө нь нууцаас гарч, орой нь нэвтрүүлэг болдог “нууц материал”

Би та нарт дэлхийн түвшний зохиол, найруулгатай кино ярьж өгье.

Зохиолын дагуу өглөө нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга нь журмын нөхдийн хамт хэвлэлийхнийг цуглуулан ард түмнийг айлгаж, хэсэг бүлэг хүмүүсийг үзэн ядуулах гэсэн цорын ганц зорилготой схем үзүүлнэ. Уг мэдэгдэлд яригдаж байгаа бүхэн хуулийн дагуу хийгдсэн байна уу үгүй юу хамаагүй. “Пөөх эд нар чинь ямар аймар юм бэ” гэж хэлүүлж л байвал болно. Хэдхэн цагийн дараа нөгөө сэтгүүлчдэд нэгэн зэрэг ил болгосон гээд байсан “нууц” баримтуудаар нь хийсэн нэвтүүрүүлэг цацагдана. Хэрэг эрхлэхийн даргатай үгээ нэгтгэсэн мэт ярих энэ нэвтрүүлэг өглөө эхэлсэн “үзэн ядалтын гал”-ыг дэвэргэж, оргилд нь хүргэнэ. Маргааш өглөө нь хэвлэлийхнийг цуглуулж баривчилгаа хийнэ. Энэ сайн чанарын кино, жүжгийн найруулагчдад тавих хэдэн асуулт байна.

Асуулт нэг.

Үнэхээр л попроогүй, жинхэнэ булхайн схемийг ил тод болгох гэсэн юм бол яагаад ямар ч баримтгүй “баримт” өгч байгаа юм бэ. Схем дээр дурдагдсан гүйлгээ, дамжлага, бизнесийн үйл ажилгааны аль ч хэсгийг нь ямар ч хууль хүчний байгууллага хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаагүй гэдгийг сануулах нь зүйтэй биз. Гаднын орны жишээ ярих дуртай улс хаана, хэзээ УИХ-ын гурван гишүүн нь хэвлэлийхнийг цуглуулж байгаад аль ч хууль хүчний байгууллагаар буруу нь тогтоогдоогүй хувь хүн, компанийг гэмт хэрэгтнээр цоллож болдог байсан юм бэ. Ямар ч тогтоол шийдвэргүйгээр эд нар гэмт хэрэгтэн гэж олон нийтэд зарласныхаа дараа “одоо миний хэлсэн зүйлс үнэн эсэхийг холбогдох газрууд шалгана, тогтооно” гэж хэлдэг Хэрэг Эрхлэхийн даргатай улс орон байна уу. Буруу нь тогтоогдох хүртэл буруугүй гэдэг зарчим бус “буруутай гэдгийг чинь төрийн нэрийн өмнөөс зарлачихъя.

Нэвтрүүлгийн араас мэдүүлэг авч, хэрэг үүсгэдэг цорын ганц орон бол Монгол

Харин дараа нь та нар буруугүй гэдгээ чадвал батал” гэдэг хуулийн тогтлолцоотой улс уу, бид. Би ч гэсэн тэр “Схемийг” хараад айсан, сүрдсэн, яригдаж байгаа хүмүүсийг үзэн ядах сэтгэл төрсөн, “схем”-ийн зураг цорын ганц зорилгоо биелүүлсэн гэсэн үг.

Асуулт хоёр

Үнэхээр л мэдээллийг цэгцтэй өгч, ард иргэдэд зөв ойлголт олгох гэж сэтгүүлчдэд нэгэн зэрэг аймшигт “схем”, мэдээллийг цацсан юм бол яаж хэдхэн цагийн дараа уг мэдээлэл дээр  нь суурилсан эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлэн болох вэ. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга л нууцлалын зэрэглэлээс гаргасан болохоос биш аймшигт бүлэглэл хав дарж, хэнд ч мэдэгдэхгүй байсан мэдээлэл гээгүй бил үү. Олон цаг, өдрийн хөдөлмөр шингээн анализ хийчихсэн нэвтрүүлэг бэлдчихсэн байж байдаг. Хүмүүсийг мэдээллээр бөмбөгдөж байгаад юу болсныг нь ойлгож амжаагүй байхад баривчилгаа хийсэн тохиолдол энэ анхных биш. Үнэхээр л буруутай юм бол бурууг нь нотолчихоод энэ ажлуудаа хий л дээ. Чоно борооноор гэгчээр баахан үймээн шуугиан тарьчихаад завсар чөлөөгөөр нь хорьж цагддаг ажиллагаа Монголын “норм” боллоо.

Нэвтрүүлгийн араас мэдүүлэг авч, хэрэг үүсгэдэг хууль шүүхийн тогтолцоотой цорын ганц орон бол Монгол болж хувирч байна.

Асуулт гурав

Гавлахын учир юунд вэ. Зугтаж оргоогүй хэн нэгнийг хэвлэлийхний өмнө Холливуудын кино шиг гавлан, “SWAT”- ын машинаар авчирдаг болсон юм уу. Машиныг нь хүртэл “баривчилдаг” нь яаж байгаа юм бэ. Киноны зохиолыг бичиж байгаа хүмүүс энэ дээр арай л хэтрүүлчих шиг болсон. Эргэн тойронд нь байдаг, гайгүй хүн шүү гэж боддог, өмнөөс нь дугарчих магдлалтай хэн хүнд “энэ хүн дууссан, ойртож болохгүй гэмт хэрэгтэн” гэдэг мессежийг өгч түлхэхийн тулд ингэж ажилладаг гэж Д.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьж байсан санагдаж байна. Гэхдээ тэр хууль хүчнийхний ашигладаг аргыг чинь одооны Засгийн газрын тэмцээд байгаа, өмнөх Засгийн газар ашигладаг байгаагүй бил үү.

Асуулт дөрөв

Үзэгчдийн таашаалыг хүртэхийн тулд хийж байгаа энэ киноны “үнийг” энгийн иргэд төлнө гэдгийг ойлгож байна уу. Энэ Засгийн газрын үед ажилгүйдэл хэдэн хувиар буурсан бэ, шатахууны үнэ багассан уу, ханш юу болсон бэ, бидний амьдрал сайжрав уу, тартагтаа тулав уу. Энэ бүх бодит асуудлуудыг шийдэхийн оронд “бүх нийтийн дайсныг бий болгох” нь амар шүү дээ. Дайн дажин, нийтлэг дайсан байгаа цагт жинхэнэ ажил хийх хэрэггүй.

Харамсалтай нь, сонгож авсан дайсны нэг нь Монголын эдийн засгийн гучаад хувьтай тэнцэх  активтай, 2000-аад хүнийг ажлын байраар хангадаг, Монгол Улсын бүх олон улсын гүйлгээг дамжуулдаг ууган банкны нүүр царай. Олон улсын эдийн засаг, зах зээл хэрхэн ажилладаг, нэрээ гаргахын төлөө улстөрчдийн хэлсэн хариуцлагагүй ганц үг нь энэ зах зээлд хэрхэн нөлөөлдгийг хэлээд хэлээд нэмэргүй бололтой. Олон улсын эдийн засагчид, улстөрчид Монгол Улстай битгий түншил гэж хэлэх хүртэл нь битгий попор л доо. Та нарын тавьж байгаа жүжиг, кино чинь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гээд тавхан хором ч гэсэн бодоод үз л дээ. Энэ поп үйл ажилгаанаас нь үүдэх эдийн засгийн үр дагаврыг даван туулах чадамж энэ Засгийн газарт байхгүй, тэгэхээр энгийн ард иргэд, тэдний өдөр тутмын амьдрал л хохироод дуусна шүү дээ.

Нийтлэгч: Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen