Ийм л юм, М.Энхболд л мэдэж дээ

Монголын улс төр Улаанбаатарын өвөл шиг үргэлжийн утаатай. Улирал харгалзахгүй ийм байгаа. Тэнд утаандаа хорддоггүй уушги сайтай нь од болж, хоронд оролцдоггүй нь мод болдог. Манай улстөрчид утаан дундаасаа гадагшаа хамгийн гоёыг ярьж, ханцуй дотроо хамгийн муухайг хийдэг. Тэд хувийн эрх ашиг нь нийлбэл хөлсөө нэвчтэл тэврэлдэнэ, эс нийлбэл цусаа гартал зөрчилдөнө. Ер нь л өөрийгөө бордохоос давж сэтгэдэггүй, хувийн эрх ашгаасаа давуулж хийдэггүй л улс.  Ард түмнийг ой санамж богинотой гэж басамжлах атлаа өөрсдөө “тэврэлт-зөрчил” хоёрынхоо дунд ой санамжийн ямар ч баталгаат хугацаагүй хүмүүс бол УИХ-ын гишүүд юм. Хувийн эрх ашиг л нийлбэл өглөө нь өргөж гаргаж ирсэн М.Энхболдоо орой нь өшиглөж унагаах энүүхэнд. Нэгэн цагт Н.Энхбаярт амжилттай хэрэглэж, өнөөдөр М.Энхболд дээр өрнөж буй улс төрийн энэ технологи хожмоо У.Хүрэлсүх, бас Х.Баттулгыг ч тойрохгүй гэх баталгаагүй. Тийм учраас хувь улстөрчдийн хэрүүл, зодооныг хажуунаас харах нь хамгийн зөв юм.

Үнэнээрээ сайхан. Энэ цагийн, одоо Төрийн ордонд яваа улстөрчид бүгдээрээ л МАНАН-гийн “бүтээл”-үүд. МАНАН гэх МАН, АН-ын хамтрал бий болсон цагаас хойш үүнийг эсэргүүцэх үзэл бодолдоо арай үнэнч явсан нь л З.Энхболд байх. Түүнээс өөр улстөрчийг би л хувьдаа  нэрлэж мэдэхгүй. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулга МАНАН-гийн тохиролцоогоор төрийн сайд болж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гагцхүү МАНАН-гийн дэмжлэгээр л хоёр удаа Шадар сайдаар томилогдсон. Лу.Болд 2008 оны сонгуулийн дараа С.Баярын тэргүүлсэн МАНАН-гийн хамтарсан Засгийн газарт Батлан хамгаалахын сайд байснаа өнөөдөр мартжээ. Ж.Батзандан сонгуулийн саналыг хайрцаг авч зугтсан, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг өдөөсөн хэрэгт шалгагдаж яваад МАНАН-д буюу АН-д элссэний дараа хэрэг явдал нь хаагдсан. Л.Оюун-Эрдэнэ саяхныг хүртэл, УИХ-ын гишүүн болсон хойноо ч МАНАН дэглэмийн толгойлогч гээд байгаа М.Энхболдынхоо зөвлөх, гол ПиАрчин нь байлаа. Бүр гоё жишээ. Ц.Нямдорж, Ч.Улаан нар үнэхээр л өнөөдрийнх шигээ цогтой тэмцэгч, анти МАНАН явсан юм бол МАНАН дэглэмийн жилүүдэд хаагуур, яаж яваад 5-6 удаа төрийн  сайд болж амжсан, чадсан байх вэ? Харин ч МАНАН дэглэм нь тэдэнд албан тушаалын давуу болон тогтвортой байдлыг хангалттай өгчээ. Ц.Нямдорж гэхэд шударга ёс тогтоосон имиж, үнэ цэнэтэйгээр саяхан халаагаа өгсөн Германы Канцлер Ангела Меркельтэй бараг ижил хугацаагаар Хуулийн сайд, Ч.Улаан нь абээкономика гэж дэлхийг шуугиулж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэгээс хамаагүй илүү хугацаагаар Сангийн сайд хийсэн байх юм.

 Тэгвэл одоо улстөрд яг юу болоод байна вэ? Хамгийн товчоор МАНАН-гийнхан л хоёр хуваагдсан. Бөхчүүд Бөхийн өргөөгөө булаацалдаж хоёр хуваагдсан шиг МАНАН-гийнхан хонгил булаацалдаж хоёр хуваагдсан.

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын зодоонд Ерөнхийлөгч өмнө нь бие төлөөлөгчөө илгээж байсан бол, шинэ оны дараа хууль санаачилж биеэрээ орж ирлээ. УИХ-ын гишүүдийн ердийн олонхи санал гаргавал УИХ-ын даргыг нэн даруй чөлөөлөх хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилжээ.  Ингэснээр М.Энхболдыг огцруулах өнөөдрийн улс төр хувь хүмүүс, бүлэглэлийн зөрчлөөс давав. Цаанаа шударга ёсны төлөөх гэх уриатай  ч, наанаа ил мэдрэгдэх  АТГ-ын даргын томилгоо, “Шударга бусын хонгил”-ынхоо түлхүүрийг булаацалдахаас бүр халив. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах харилцааны улс төр, хувь хүмүүсийн хэрүүл байснаа УИХ-ын даргыг огцруулдаг төрийн хуулийн маргаан болоод явчихлаа. Эндээс У.Хүрэлсүх дан ганц өөрийн хүслээр М.Энхболдтойгоо зодолдоогүй, давхар хүний даалгавар биелүүлж явжээ гэж хардах ч жижиг хэрэг болов. Төрийн ямар нэгэн хууль, шийдвэр нь тухайлсан нэг хүнд зориулагдсан, нэг хүнд давуу байдал үүсгэсэн, эсвэл нэгэн хүний мууг үзэхэд чиглэсэн байж болохгүй гэсэн эрхзүйн алтан зарчим ч цаашаа. Яагаад гэдгийг, энэ хуулийн төслийн хохиролтой талыг хувь хүмүүстэй нь холбохгүйгээр хоёрхон жишээгээр өгүүлье.

Нэг.

Төслийн тухай Ерөнхийлөгчийн Тамгын дарга “Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ биелүүлж байна” гэж тайлбарлав. Ерөнхийлөгч эв нэгдлийг сахиулах үүрэгтэй юү, үүрэгтэй. Бүр Үндсэн хуулийн үүрэгтэй. Гэхдээ эв нэгдлийг хангана, илэрхийлнэ гэдэг бол зөрчилдсөн, тэмцэлдсэн талуудыг эвлэрүүлэх зөвшилцлийн санал байхаас бус, шууд нэг талд нь хуулийн дэмжлэг үзүүлэхийг хэлэхгүй л дээ. Мөн тэрээр “Засгийн газрыг огцруулах саналыг 19 гишүүнийг саналаар хэлэлцдэг, харин УИХ-ын даргыг 39 гишүүн санал гаргавал хэлэлцэнэ. Тэгэхээр УИХ-ын дарга бол Засгийн газраас илүү дархлаатай болж байна” гэв. Тооны хувьд тийм. Гэхдээ их улс төрд удаан явсан З.Энхболд дарга энэ удаа мэдэн будлилаа. Улс төрд, УИХ дотор хүчтэй нь ялдаг болохоос кноп олонтой нь ялдаггүй. Хүчтэй нь л кнопоо цуглуулдаг. Хүч гэдэг нь эрх мэдэл, бас мөнгө. Өнөөдөр амьдрал дээр Ерөнхий сайд төрийн эрх мэдэл, төсвийн мөнгөний хувьд УИХ-ын даргаас хамаагүй илүү. Гүйцэтгэх засаглалын тэргүүн учраас тийм ч байх ёстой.  Гэтэл УИХ-ын олонхиор УИХ-ын даргыг чөлөөлдөг хуультай болбол Засгийн газартай хариуцлага тооцох УИХ-ын эрх мэдэл сулрах, сульдах магадлалтай. УИХ-ын даргыг чөлөөлөх нь Засгийн газрыг огцруулахаас амархан болно. Тэр тусмаа ялсан намын даргын тэргүүлсэн, танхим нь зуун хувь “давхар дээл”-тэй өнөөдрийнх шиг нөхцөлд УИХ нь Засгийн газраасаа хямдхан болно. УИХ-ын гишүүд улс төрийн албан тушаалтан учраас өөрийг нь нэр дэвшүүлсэн, бас ирэх сонгуульд нэр дэвшүүлэх, мөн тойрогт нь мөнгө, хөрөнгө оруулалт хуваарилах, хамаарал бүхий этгээдийг нь төрийн албанд томилох, чөлөөлөх  зэрэг эрх мэдэлтэй намын дарга-Ерөнхий сайдаасаа л хамаарлатай явдаг. Өнөөдрийн жишээгээр гэхэд  Засгийн газар 15 “давхар дээл”-тэй сайдтай. Танхимаараа, УИХ-ын 15 гишүүн сайд гэдэг “сайхан бялуу”-наасаа салахгүйн тулд танхим дээрээ нэмээд УИХ-ын 24 гишүүнийг ЖДҮ-дэхэд, 39-үүлээ гарын үсэг зуран УИХ-ын даргыг огцруулж болох нь. Тэгэхээр 39 гишүүний саналаар спикерийг огцруулах нь УИХ-ын дархлааг сульдаана гэхээсээ Засгийн газартайгаа хариуцлага тооцох УИХ-ын хяналтын чадамжийг сулруулах магдалал бодитой байна.  

1992 оны Үндсэн хуулиас хойш долоон удаагийн УИХ-ын сонгууль болж, УИХ-ын 10 дарга ажиллажээ. УИХ-ын дарга байхдаа Л.Энэбиш агсан нас барсан, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Ц.Нямдорж Цэцийн дүгнэлтээр огцорсон учраас гурван дарга илүү байгаа юм. Хэрвээ 39  саналаар УИХ-ын даргыг огцруулдаг хуультай байсан бол өдийд 10 биш, хамгийн багадаа 15 УИХ-ын дарга байх байсан биз ээ. Учир нь долоон удаагийн УИХ-ын үед  Ц.Элбэгдорж, С.Баяр нарын давхардлыг оруулаад хоёр дахин олон буюу 15 Ерөнхий сайд томилсон байдаг юм.

Хоёр.

УИХ-ын дарга бол зарим хүний хэлж буйгаар зүгээр л хурал удирддаг хүн бас биш л дээ. Хууль тогтоох төрийн дээд институцийн тэргүүн, ҮАБЗ-ийн гишүүн хүн танхимын зохион байгуулагчийн дайтай байх боломжгүй. ҮАБЗ дээр саналын ижил тэнцүү эрхтэй УИХ-ын дарга бол  Ерөнхийлөгчийн юм уу, Ерөнхий сайдын тоглоомын хүн байж болохгүй.  Тийм тохиолдол, ийм бүрэлдэхүүн бүхий ҮАБЗ Монголын түүхэнд хоёр ч удаа байсан л гэдэг.

УИХ-ын дарга М.Энхболд надаас илүү эрхтэй байна, би шүдгүй арслан шиг байна гэх Ерөнхий сайд Хүрэлсүхийн үг нэг талаар үнэн юм. Бараг институц гэхээр нэг онцгой эрх УИХ-ын даргад бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох, үүргийг нь гүйцэтгэх онцгой эрх ганцхан УИХ-ын даргад л бий. Ерөнхий сайдыг эзгүйд Шадар сайд, эсвэл өөр нэг сайд нь орлоно, УИХ-ын даргыг байхгүйд дэд дарга нарынх нь нэг орлоно. Харин Ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох, үүргийг нь гүйцэтгэх ганцхан албан тушаалтан байдаг нь УИХ-ын дарга юм. Энэ бол УИХ-ын даргад Үндсэн хуулиар олгосон онцгой эрх. Хэрвээ төрийн тэргүүн удаан хугацаагаар эзгүй үед бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн онцгой эрхүүдийг 39 гишүүний саналтай хэн ч ээлжлэн эдлээд байж болох нь. Тийм учраас бүх ард түмнээс сонгогддог төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийг эзгүйд орлох “Ерөнхийлөгч”-ийг 39 гишүүний саналаар чөлөөлдөг байж болох уу, хуулийн арай өндөр шалгуур бүхий  дархлаатай байх ёстой юу гэдэг нь бодох л ёстой өнцөг.

Энд хувь хүн нь, хэн УИХ-ын дарга байх нь гучдугаар асуудал. Хэрвээ энэ хуулийн төсөл цаашдаа УИХ, УИХ-ын даргын амин чанарт халгаатай бол М.Энхболд огцрохдоо тулбал Монгол Улсын Үндсэн хуульт парламентын засаглалын тулгуур баганаас нэг тоосго сугалахгүйн тулд “өргөдлөө өгөх” хувилбарыг сонгох нь энэ хүний үүрэг, хувь нэмэр юм болов уу. Эцсийн шийдийг тэр гаргана, энэ хуулийг батлуулах үгүйг М.Энхболд л мэдэж дээ.

Г.Отгонбаяр

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen