Ядуу хүүгээс хамгийн хүчирхэг ерөнхийлөгч болсон түүх
Энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ удаагийн сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дахин буюу дөрөв дэх удаагаа сонгогдох уу гэдгийг дэлхий нийт хүлээж байгаа билээ. Өрсөлдсөн сонгууль бүртээ тогтмол 40%-аас дээш санал авч байсан Путинтай албан ёсоор Коммунист намаас П.Грудинин, Либерал Ардчилсан намаас В.Жириновский нар өрсөлдөх юм.
Путины тухай олон янзаар ярьж болно. Шүүмжлэгчдийн хувьд бол сонгуулийн дүнд нөлөөлдөг, ижил хүйстнүүдийг үздэггүй, ардчиллыг бусниулагч дарангуйлагч нэгэн. Харин дэмжигчдийн хувьд бол цагаан баавгайн найз, жудо, цээж нүцгэн морь унадаг жинхэнэ эр хүн.
Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг Ерөнхийлөгч гэгддэг Путины талаар Grunge.com-д бичсэн 10 баримтыг та бүхэнд хүргэе.
10. Сурагч Путин
Путины аав нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хөлөө алдсан ба үйлдвэрийн ажилтан байсан хэмээн “Нэгдүгээр хүн” номондоо Путин бичсэн байдаг. Харин ээж нь сахуу өвчнөөс болж нэг хүүхдээ алдсан, дайны үеэр өлсөж үхэх дөхсөн ба маш бага цалингаар гудамж, лабораторийн тоног төхөөрөмж цэвэрлэдэг нэгэн байжээ. Путин эцэг эхийнхээ хамт хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан бөгөөд халуун ус, ванны өрөөгүй хүндхэн нөхцөлд өссөн юм. Цаг нөхцөөхийн тулд Путин найзуудынхаа хамт орон сууцнаасаа харх агнадаг байсан аж.
Сургуульд байхдаа харин тун дүрсгүй нэгэн байлаа. Дүрэмт хувцсаа ном журмаар нь өмсөнө гэж бараг байхгүй тэрбээр хичээлдээ анхаардаггүй, бусад хүүхдүүд рүү юм шидэж, биеийн тамирын багштайгаа хэд хэдэн удаа маргалдаж байсан аж. Үгэнд ордоггүй байсан түүний дүн ихэвчлэн дунд байсан ч түүх болон Герман хэлний хичээлдээ бусдаас хамаагүй илүү байсан гэдэг. Энэ хоёр хичээл түүний амьдралд хожим чухал нөлөө үзүүлсэн юм. Сайн багш хүүхдийн потенциалыг олж харж, түүнийг нь ил гаргах чадвартай. Путинд ч ийм багш таарч, 6 дугаар ангиасаа хойш Путины сурлага эрс сайжирсан байна. Гоц авьяастнуудын сургуульд тэнцэн орж, маш сайн сурагч болсон Путин цаашид хуулийн сургуулийг төгсөж, КГБ-д орсон билээ.
09. КГБ-гийн залуу тагнуул
Ихэнхи хүний багын мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ олох нь ховор. Харин Путин өөрийн мөрөөдлөө бодит болгож чадсан нэгэн. “Лос Анжелес Таймс”-д бичсэнээр Путин 9 дүгээр ангиасаа л КГБ-д орохыг хүсдэг байсан гэнэ. Энэ нь тагнуулчдын талаарх сонирхолтой түүхүүд сонирхдог байсантай нь холбоотой аж. Тэрбээр Ленинградыг зорьж, КГБ-д орохыг хүссэн ч албаны хүмүүс түүнийг хуулийн сургуульд ор гэжээ. Путин тэдний үгэнд орж 1975 онд хуульчийн мэргэжил эзэмшсэн байна. Үүний дараа КГБ түүнд ажлын байр санал болгосныг Путин дуртайяа хүлээн авсан байдаг. Тэндээ Герман хэлээ илүү хөгжүүлж, жудогийн хар бүстэй болсон юм.
1985 онд Путин Зүүн Герман руу тагнуулын ажлаар явлаа. Энэ ажиллагааны талаар мэдээлэл хомс байдаг. “Луч” буюу “Цацраг” нэртэй энэ ажиллагааны хүрээнд Путин нэг бол технологийн нууц баримтуудыг цуглуулсан, эсвэл өндөр албан тушаалтнуудын жагсаалтыг гаргасан байх магадлалтай гэдэг. Дипломат хамгаалалтаас гадуур үйл ажиллагаа явуулсан гэхээр Путины ажиллагаа нэлээн ноцтой байсан гэсэн таамаг бий.
08. Зүүн Герман Баруунтайгаа нэгдэх үед
Зүүн Герман улс ЗХУ-тай харьцуулахад маш өөр орчин байлаа. Гудамж талбай нь цэвэрхэн, шар айраг нь амттай, улс төрийн хувьд хамаагүй чөлөөтэй байж. Германы судлаач Борис Райтшустерийн хэлснээр Путинд “Герман байх” их таалагддаг байжээ. Хэдийгээр тагнуулчийн амьдрал тийм гял цал биш ч гэсэн тэр сайхан хувцас өмсөж, илүү сайн машин унахын хажуугаар найзтайгаа хүйтэн шар айраг шимэн, хүсвэл загварын сэтгүүл эргүүлж суудаг байв.
Харин 1989 оны 11-р сард Берлиний ханыг нурааснаар түүний энэ амьдрал дууссан аж. Эрх чөлөөт амьдрал газар авах үед хуучны Зөвлөлтийн дарга нарын эсрэг маш их дайралт ирэх боллоо. Коммунизм буланд шахагдахдаа эргэн дайрахын оронд ган гэж дуугаралгүй ардчилалд зайгаа тавьж өгөх үед Путин ямар нэг үзэл суртал, хэн нэгэн улстөрчийн төлөө сохроор зүтгэсэн хэвээр байж болохгүй юм гэдгийг ухаарсан гэдэг.
07. Коммунизмын дараах үе
Коммунизм төгссөнөөр Путин илүү үндсэрхэг үзлийг баримтлан, эрх баригчидтай холбоо сүлбээ тогтоожээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд болоод хамгийн анх 1999 онд “Шинэ мянганы зааг дээрх Орос улс” гэсэн баримт бичиг гарган, Оросын өмнөх үе болон ирээдүйн талаар бичсэн байдаг.
“Атлантик” сэтгүүлийн тоймлосноор Путин Орос орон улс төрийн эмх замбараагүй байдлаас болж нэгдмэл байдлаа алдсан гэсэн утгыг ихэд тодотгож байв. Үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний эрх зэрэг үзэл маш ихээр тархаж байгаа энэ үед ОХУ-ын ард иргэд хүчирхэг төвлөрсөн Засгийн газрын дор нэгдэж байж гэмээнэ дэлхийн аугаа гүрнүүдийн тоонд багтаж чадна гэж байлаа. Үүнийгээ хүсэл мөрөөдөл биш, харин зайлшгүй хүрэх ёстой ирээдүй юм гэсэн санаа өгөхүйц байдлаар бичсэн байдаг нь иргэдийн зүрхэнд ойр туссан аж. Үүнээс ердөө 2 өдрийн дараа Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болсон билээ.
06. Мянганы ерөнхийлөгч
Берлиний хана нурснаас 10 жилийн дараа Путин ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ энэ хугацаанд Путин яг юу хийж байсан бэ гэдэг мэдээлэл харьцангуй бага. Харин олонд танигдаж эхлэх үед улс төр судлаачид түүнийг дээд албан тушаалд удна гэж бодохгүй байв. Ерөнхийлөгч Борис Ельцин 1999 онд Путиныг Ерөнхий сайдаар томилоход хүртэл түүний улс төрийн хүч нь хязгаарлагдмал байна гэж үзэж байсан аж.
Үнэндээ л түүний өмнөх түүх тийм ч итгэл төрүүлэхүйц биш байсан гэдэг. Учир нь тэрбээр Санкт Петербург хотын дэд даргын албан тушаалыг хашиж байгаад 1998-1999 оны хооронд богино хугацаанд Ерөнхийлөгчийн дор ажилласан нэгэн байв. Богинохон хугацааны турш Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ч ажиллаж байлаа. Харин Ерөнхий сайд болсноос хойш ердөө 5 сарын дараа буюу 1999 оны 12-р сарын 31-нд Борис Ельцин огцорч, Путиныг үүрэг гүйцэтгэгчээрээ нэрлэсэн билээ.
Хоёр хүрэхгүй жилийн дотор олонд төдийлөн танигдаагүй байсан Путин дэлхийн хамгийн хүчирхэг орны Ерөнхийлөгч болж чадсан юм. Түүний гэнэтийн амжилтыг Чеченийн босогчдын эсрэг удирдсан дайны амжилттай холбон тайлбарлах нь бий. Үүнийхээ ачаар Путин ард түмний дунд “чанга гар” гэж алдаршсан гэдэг. Албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгууль болоход Путин илт давуу ялалт байгуулсан билээ.
05. Жудогийн нөлөө
Путин бол маш чадварлаг тамирчин. Тэрбээр 12 настайгаасаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байв. Их сургуульд байхдаа ч спортоо орхиогүй Путин жудо болон самбо бөхийн спортын мастер зэрэгтэй. Тэрбээр бөхийн энэ хоёр төрлөөр Ленинград хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. Түүний үздэгээр жудо бөх бол “өөрийгөө удирдах, цаг мөчийг мэдрэх, дайсныхаа сул болон давуу талыг харах болон хамгийн шилдэг үр дагаврын төлөө тэмүүлэх”-ийг заадаг философи аж. Үүнийгээ ч улс төрийн шийдвэр гаргахдаа ашигладаг юм.
04. Мэдлэг бол хүч
Путин бол Зөвлөлтийн үеийг орчин цагтай нийцүүлж чадсан нэгэн. Үүний нэг илрэл нь түүний мэдлэгийг хамгаалалт болон довтолгоондоо ашиглаж чаддаг явдал юм. КГБ-ийн тагнуул болохоор бэлтгэгдэж, тодорхой хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан тэрбээр бусдын мэдээллийг цуглуулахын хажуугаар өөрийнхөө мэдээллийг зүгээр нэг тавиад өгчихдөггүй хүн болсон аж. Барууны хэвлэл мэдээллийн сайтуудад бичсэнээр “интернэт хурдацтай тархаж байгаа явдал бол нийгэм замаасаа хазайж буйн хэлбэр бөгөөд засч залруулах ёстой” гэж Путин үзэж байлаа. Тэрбээр сонин, телевизүүдээр цацагдаж буй мэдээллийг хязгаарлах болсон гэдэг.
2011 онд дэлхийн Засгийн газруудын улс төрийн булхай, хэвлэл мэдээллийн цензурын талаарх хамаг үнэнийг нь дэлгэсэн WikiLeaks гарч ирэн интернэтийн бодит хүчийг мэдрүүлэх нь тэр. Тунисын Засгийн газрын унагаж дөнгөсөн интернэт шүгэл үлээлт ОХУ-д сонгуулийн булхай байдаг тухай олон нийтэд мэдээлсэн юм. Энэ удаа Путин дуугүй өнгөрөхийн оронд интернэтийн эсрэг хүчтэй дайралт хийн вэбсайтуудыг хаан, өөрийг нь эсэргүүцдэг блоггер, сэтгүүлчдийн эсрэг интернэт троллуудын дайралт хийж эхэлсэн гэдэг.
03. Халдах боломжгүй ерөнхийлөгч
ОХУ-ын төрийн эрхийг бараг л 20 жил барьчихаад буй Владимир Путин одоо хүртэл нууцлаг нэгэн. Зөвлөлтийн тагнуул асан түүний талаар мэдээлэл олох гэж Нью Йорк Таймсын Оросын төлөөлөгч Стивен Майерс олон жилийн турш Кремлийн ажлуудыг судлахдаа маш бага зүйл л олж мэдсэн байдаг.
Путин хэвлэл мэдээллийг оосорлон барьдаг бол өөрийгөө илүү хүчтэй оосроор барьдаг гэнэ. Ярилцлага өгвөл асуудал дагуулж мэдэх асуултуудад маш болгоомжтой үгсээр хариулж, хэзээ ч өөрийгөө буланд шахагдах үг хэлдэггүй байна. Хэвлэлийн бага хурлууд, олон нийтэд хандсан үгс нь нарийн төлөвлөгдсөнөөс бусдаар Путины хийж буй зүйлс далд байдаг аж. Улстөрч, эрдэмтэд зэрэг олон нийтэд танигдсан хүмүүс түүний талаар ямар нэг шүүмжлэл хэлэх юм бол үүнийг нь маш хурдан үгүй хийдэг.
Тэр бүү хэл технологийн хувьд маш том хана хэрэм босгосон байдаг. Гэхдээ энэ нь таны бодож байгаа шиг зүйл биш. Сэтгүүлч Саймон Шастер 2014 оны “Тайм” сэтгүүл дэх нийтлэлдээ Путин орчин үеийн технологи ашигладаггүй болохоороо өө сэвийг нь олоход маш хэцүү байдаг гэжээ. Энд бичсэнээр Путин гар утас хэрэглэдэггүй, зөөврийн компьютертэй ч гэсэн интернэт ашигладаггүй гэнэ. Тэрбээр шаардлагатай мэдээллүүдээ зөвхөн тагнуулын байгууллагаас цаас, хавтаст хэрэг хэлбэрээр авдаг байна.
02. Путины нууцлагдмал хувийн амьдрал
Путин шиг хамгаалалттай хүн сэтгүүлчдийн сонирхлыг яг л утсан бөмбөг муурыг татдаг шиг үргэлж татаж байдаг. Гэвч энэ утсан бөмбөгийг супер цавуугаар наасан байдаг юм. Тухайлбал, 31 жилийн турш түүний эхнэр нь байсан Людмила Путинагийн талаар мэдээлэл бараг байхгүй. Онгоцны үйлчлэгч байсан энэ эмэгтэй түүнээс 2013 онд салсан ч өнөөг хүртэл албан ёсны гэр бүлийн зураг байдаггүй төдийгүй Людмила одоо ч тэр хэвлэл мэдээллээс хол байдаг.
Путин хоёр охинтой. Гучин нэгэн настай Катерина болон 32 настай Мария хоёрын амьдрал ч маш нууц. Тэдний юу хийдэг талаар гэлтгүй ямар царайтай болох нь ч олонд мэдэгдэх гэж удсан билээ. Катеринагийн хувьд авьяаслаг бүжигчин бөгөөд Россия Банкны хамтран эзэмшигч Николай Шамаловын хүүтэй гэрлэсэн боловч салсан, өдгөө Москва хотын Их сургуульд эрдэм шинжилгээний төв байгуулах 1.7 тэрбум ам.долларын Иннопрактика төслийг удирддаг гэхээс өөр мэдээлэл алга. Харин түүний эгч Мария юу хийдэг нь тодорхойгүй ч Жоррит Фаассен гэдэг Голланд залуутай болздог бөгөөд үүнээс цааш мэдэх зүйл мөн л байхгүй байна.
01. Агуу хүчийг бүр ч их хүч дагадаг
Сталин таалал төгссөнөөс 5 сарын дараа хорвоод мэндэлсэн Путин Коммунизм нуран унахыг нүдээрээ харж, Зөвлөлтийн сүүлийн удирдагчаас Ерөнхийлөгчийн албыг авсан бөгөөд АНУ-ын хоёр ч ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусахыг харсан нэгэн. Тэр бүү хэл гуравдахь ерөнхийлөгчийг нь сонгоход нөлөөлсөн ч гэж үзэх нь бий.
ОХУ-ын засгийн эрхийг 2000 оноос хойш барьж буй түүнийг улс төрийн амьдралаа хэзээ орхих бол гэсэн асуулт үргэлж тавигдаж байдаг. 2014 онд түүнээс сэтгүүлч үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, өөрийнхөө засаглалыг бүр мөсөн болгон хуульчилах бодол байгаа эсэхийг асуухад тэрбээр “ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй” гээд “ингэх шаардлага байхгүй” гэж нэмж хариулсан байдаг.
Магадгүй засгийн эрхийг заавал Ерөнхийлөгчийн суудлаас бариад байх шаардлага ч байхгүй байж болох юм. Өмнө нь хоёр удаа дарааллан сонгогдож, үндсэн хуулийн дагуу гурав дахь удаагаа сонгогдох боломжгүй байх үедээ Ерөнхий сайдаар ажиллаж байгаад дахин Ерөнхийлөгч болсон тэрбээр хэрэгтэй гэж үзвэл дахин Ерөнхий сайд болохыг ч “сонгох” боломжтой. Мэдээж түүн шиг хүчирхэг хүнд заавал албан тушаал хэрэгтэй гэж үү?
Эх сурвалж: arav.mn