Боловсролын сайдаар Д.Бадарч томилогдох уу?

Боловсролын сайдаар Д.Бадарч томилогдох уу?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар огцруулсан.

Түүнийг огцруулах саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорихын өмнө өөрөө оруулж ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчдын гаргасан хамгийн онцгой шийдвэр байлаа. Төр өөрөө хариуцлагатай байх ёстой гэсэн зарчмын үүднээс БСШУС-ын сайдыг ажлын хариуцлага алдсан, салбараа удирдлагаар хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах нь зөв гэж үзэж, УИХ-д оруулж ирсэн гэж Засгийн газар тайлбарлаж буй. УИХ-ын гишүүд ч Ж.Батсуурь сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газар нэг сайдаа явуулсан билээ. Харин одоо БСШУС-ын сайдын ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат түр хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн сайд томилогдох хүртэл тэр давхар алба хашина гэсэн үг. Хамгийн гол нь Засгийн газар БСШУС-аар тогтохгүй цаашид хэд хэдэн сайдад хариуцлага тооцох ажлаа үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдэл анхаарлын төвд үлджээ.

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын зуны амралт эхэлсэн ч ахлах ангийн сурагчдын улсын шалгалт болон их, дээд сургуулийн элсэлт үргэлжилж байгаа хариуцлагатай үед энэ яам нь эзэнгүй удаан байж болохгүй. Тиймээс БСШУСЯ-ны дараагийн сайд хэн бэ гэдгийг олон хүн сураглаж байгаа.

МАН дотор БСШУС-ын дараагийн сайдад УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди, БСШУС-ын сайдын зөвлөх байсан Ж.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Цогцолмаа нарын нэр яригдаж байсан. Тэд ч сайд болох хүсэлтэйгээ ил бөгөөд далдаар илэрхийлж байгаа гэдгийг Тусгаар тогтнолын ордны бор шувууд жиргэнэ лээ. Сөрөг хүчин болох АН-ын зүгээс дараагийн сайд давхар дээлтэй байж болохгүй гэдэг зарчим баримталж байгаа гэх. Тэгээд ч үнэхээр хариуцлага ярьж байгаа бол өмнөх алдаа, дутагдлаа залруулах, түүнээс илүү дээр сонголтыг хийж байж МАН-ын  онцгой шийдвэр үр дүнгээ гаргана. Тиймдээ ч МАН мэргэжлийн, чадвартай боловсон хүчний эрэлд гарч, ШУТИС-ийн багш, доктор, профессор Д.Бадарчийг дуудуулжээ. Түүнийг БСШУС-ын сайдад томилохоор яригдаж байгаа бөгөөд маргааш /2017.06.08/ болох чуулганы хуралдаанаар томилох асуудал МАН-ын удирдлагын түвшинд яригджээ.

ДЭНДЭВИЙН БАДАРЧ ГЭЖ ХЭН БЭ?

Д.Бадарч нь Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. ОХУ-ын Свердловск, одоогийн Екатеринбург хотын Политехникийн дээд сургуулийг төгсч, ШУТИС-ийг Политехникийн дээд сургууль байхад багшаар томилогдон ажиллаж, улмаар орлогч декан, тэнхимийн эрхлэгч, төвийн захирлаар ажилласан. КТМС-ийг анх санаачлан байгуулж, захирлаар нь ажиллаж байгаад 1992 оноос Техникийн их сургуулийн ректороор сонгогдон, 2001 онд ШУТИС болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулж байжээ.

Өдгөө ЮНЕСКО-гийн "Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд "Евро-Арабын харилцаа”, "Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, "Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэдэг аж. Мөн ЮНЕСКО-гийн Удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх зөвлөлийн гишүүн, Уур амьсгалын зөвлөлийн орлогч дарга, Дээд тушаалын ажилтан шалгаруулах зөвлөлийн гишүүний албатай. 

Д.Бадарчийн ШУТИС-д 25 жил үр бүтээл, санаачилгатай ажилласан хувь нэмрийг үнэлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард ШУТИС-ин "Хүндэт доктор”-оор өргөмжилж байжээ.

ДАРААГИЙН ДЭД САЙД 

БСШУС-ын яамны дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д Элчин сайдаар томилогдох болсонтой холбогдуулах мөн дараагийн дэд сайд хэн болох вэ гэсэн томилгоо хүлээгдэж байгаа. Дэд сайд Ё.Отгонбаярын хувьд өмнө нь тус яамны сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан гээд олон жил төрд зүтгэсэн нэгэн.

АНУ-ыг зорих болсон дэд сайдын оронд очих хамгийн магадлал өндөртэй хүн бол Г.Ганбаяр гэгдэж байв. МАН-ын хэвлэл мэдээллийг хариуцаж буй, өмнө нь ТВ-5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч байснаараа олон нийтэд илүү танигдсан Г.Ганбаяр гэхдээ дэд сайд болохгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн. Хэдийгээр тэдний хэн нэгнийг нь тодорхойлсон томилгоо хийгдээгүй байгаа ч хамгийн өндөр магадлалтай хүнээр намынхан нь нэрлэж байна. 

Түүнтэй хамт нэр нь яригдаж буй өөр нэг дэд сайд горилогч бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон.

Ш ОЮУНЧИМЭГ

http://www.news.mn/mobile/2163?isDesktop=1&night=0

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen