Ж.Эрдэнэбат: Засгийн газар малчдаа бүх талаар дэмжинэ

Ж.Эрдэнэбат: Үйлдвэрлэгч, ажил олгогч малчдаа Засгийн газар бүх талаар дэмжинэ

 

Төрийн ордонд болж байгаа "Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Ж.Эрдэнэбат: Засгийн газар малчдаа бүх талаар дэмжинэ

 

"Малчдын улсын зөвлөгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Мал аж ахуй нь олон зуун жилийн турш Монголын ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, үндэсний өвөрмөц соёл, иргэншлийн уламжлалыг хадгалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод онцгой байр суурь эзэлсээр ирснийг энд цохон тэмдэглэе.

 

Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих шинэ боломж нээгдсэн ч, мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдахын зэрэгцээ өмнөхөөсөө илүү ирээдүйтэй болж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол, мал аж ахуйн салбарын үр төл, үр өгөөж, ашиг шим нь тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Өнөөдөр дэлхийн нэг хүнд хоёр толгой мал ногдож байхад, нэг монгол хүнд 19 толгой мал ногдож байгаагийн дээр олон улсын байгууллагууд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээл, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Иймд манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн бодлогын төвшинд тодорхойлон ажиллаж байна.

 

Малчдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн дээд хэмжээ буюу 61.5 саяд хүрч, гурван их наяд гаруй төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол улс орны эдийн засагт манай малчдын оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.

 

Өнгөрсөн өвөл  17 аймгийн 149 сумдад  хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26,4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.

 

Орчин цагт малын тоо толгойг бус, үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийг тэргүүн зорилго болгох, тэгж ажиллах нийгмийн бодитой шаардлага бий боллоо. Аль ч салбарынханд байхгүй хамгийн том зах зээл малчид та бүхний л өмнө байна. Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж  байгаа юм. Энэ боломжийг малчид та бүхэн бүрэн дүүрэн ашиглах ёстой. Ажилтай малчны хотонд зуд болдоггүйтэй адил, зах зээлийн энэ боломжийг бүрэн ашиглаж чадсан малчин өрх үйлдвэрлэлээ өсгөж, амьдралаа дээшлүүлж чадна. 

 

Нэг талдаа ийм таатай боломж байхад, нөгөө талдаа малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хэт хямд байгаа хяслан бас та бүхэнд минь бий. Үнийг зах зээл өөрөө тогтоох ёстой ч, энд төрийн оролцоо, Засгийн газрын бодлогын зохицуулалт заавал байх ёстой. Энэ хүрээнд манай Засгийн газар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөж  малчин өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх журмыг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн тодорхой хугацаанд мөрдөхгүй байхаар түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө хонины нэхий гэхэд боодол бохины үнэд ч хүрэхгүй болтлоо үнэгүйдсэн байсныг Та бүхэн санаж байгаа байх аа. Энэ журмыг 2013 онд анх баталснаас хойш Монгол Улс хонины нэхийг огт экспортлоогүй байна. Гэтэл манай улсын дотоодын үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээ нь арьс ширнийхээ нийт зах зээлийн  дөнгөж 40 гаруй хувийг шингээх чадвартай. Үлдсэн 60 гаруй хувь нь худалдан авагчгүй учраас хонины нэхий гэхэд 500 төгрөг ч хүрэхгүй болтлоо үнэгүйдэж байв. Харин манай Засгийн газраас дээрх журмыг түдгэлзүүлсэн шийдвэрийн дараа хонь, ямааны нэхий, үхэр, адууны ширний үнэ тодорхой хэмжээнд өссөн, цаашид энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд боловсруулах үйлдвэр байгуулах ёстой.

 

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж буй "Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжийн  бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай явна. Тус цогцолбор ашиглалтад орсноор малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах үндэсний чадавхи бий болно.

 

Түүнчлэн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд салбарын эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, малын тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлж импортыг бууруулах зэрэг олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх юм. Мах, сүүний анхдугаар аянаар хангамжийг нэмэгдүүлэхээс гадна, хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд эрүүл хүнс хэрэглэх шинэ стандартыг орон даяар нэвтрүүлэх, тийм технологийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах юм. Ингэж дэлхийн хэмжээнд мөрддөг эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаснаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс нэмэгдэнэ. Экспортыг нэмэгдүүлснээр зөвхөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид бус, тэдний анхдагч түүхий эдийг бэлтгэж байгаа малчид та бүхний ч  орлого ихээхэн нэмэгдэх болно. Энэ аянаа амжилтад хүргэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд манай Засгийн газар онцгой анхаарч, гадаадын зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байна.

 

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсноос хойш Япон, БНХАУ гэсэн хоёр улсад л албан ёсны айлчлал хийсэн. Япон Улсад айлчлахдаа сүү хатаах, хуурай сүү үйлдвэрлэх дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулах талаар тодорхой шийдвэрт хүрсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 60 суманд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын үйлдвэр байгуулахад бэлэн болоод байна.   

 

Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх махны экспортын хэмжээ болон мах экспортлох хилийн боомтуудын тоог нэмэгдүүлэхээр тус улсын удирдлагуудын төвшинд тохирлоо. Удахгүй бодитой ажил хэрэг болно.

 

Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч малын үүлдэрлэг байдал алдагдан, ашиг шимийн гарц багасаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс болж малын бэлчээр жилээс жилд талхлагдаж доройтлоо. Иймд бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг байгуулах зэрэг ажлыг төсвийн хөрөнгөөр зохион байгуулж бэлчээрийн даац, багтаамжийг нэмэгдүүлж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг үр дүнтэй болгож мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхэд малчид та бүхний оролцоо их чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе. Мөн мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтад онцгой анхаарах хэрэгтэй байна.Монгол Улсад 2000-2016 онд бүртгэгдсэн мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг судалж үзэхэд халдварууд нь бүгд шинэ халдвар байна. Энэ нь  Монгол Улсын хилийн мал эмнэлгийн хорио цээр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой юм. Энэ талаар Засгийн газраас тодорхой ажлууд хийж эхлээд байна.

 

 

Эрхэм төлөөлөгчид өө.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байдаг. Тэгвэл манай Засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд байх болно. Мал дагавал ам тосдоно гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг сайн малчидтай байсан цагт ам тосдоно гэж ойлгох хэрэгтэй.

 

Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний холч монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд хэлье. Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, малчин хүний  эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншлаа өдрөөс өдөрт гээгдэж байна. Орчин цагийн малчид хүлэг морио моторт хөлгөөр, монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа нь нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдлээс гадна монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж, сануулж байгааг залуу малчид санаж сэрэх хэрэгтэй. Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш ээ. Малчид бол өнө эртнээс Монголын үндэсний өв соёл, уламжлалыг тээж ирсэн, цаашид ч тээж явах үүрэгтэй өв соёлын элч нар юм.

 

Малчид зөвхөн мал маллаж улс орондоо хувь нэмрээ оруулдаггүй. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч-малчдынхаа  үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, шударга хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг  бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээн ажиллах болно.

 

Эцэст нь тэмдэглэхэд, монголчууд бид нүүдлийн мал аж ахуй эрхлэж ирсэн олон зуун жилийн туршлагаараа дэлхийд гайхагдах соёл иргэншлийг бүтээсэн гайхамшигтай ард түмэн. Харин одоо мал аж ахуйгаараа орчин цагийн хөгжлийн гайхамшигтай түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломж та бидэнд, түүнийг түүчлээх үүрэг нь малчид та бүхэнд байгааг онцлон хэлмээр байна. Малчин түмэн-Та бүхэндээ эрүүл энхийг ерөөж, хариуцлага энэхүү эрхэм үүргээ биелүүлэх нэр төртэй үйлсэд тань амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen