Сэжигч зангийн гайгаар...

 

Нэгэн удаа би Өмнөговь явах унаа хайгаад ачаа тээврийн 5-р бааз дээр яваад очлоо. Тэгтэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат Даваасүрэн начин таардаг юм байна. Мэнд ус солилцоод Өмнөговь явах тухайгаа хэлтэл -Цаана чинь Дэмүүл арслан хөдлөх гэж байна Гүйгээд суучих гэлээ. Дэмүүл гуай нь 5-р баазын жолооч мөн ч юмуу биш ч юмуу бүү мэд. Ямартай ч гэсэн Өмнөговь явах унаа юм байна гэж бодоод гүйж очоод учраа хэлтэл Дэмүүл гуай ер кабиндаа суулгах гэж байгаа юм шиг л кабинаас дээш метр гаруй гарсан ачаан дээрээ намайг аччихлаа. Тэр үед ер нь л тиймэрхүү маягаар л хөдөө явдаг байсан даа. Нэг их юм ч бодож амжсангүй. Ачаан дээр нь замын постоос нуугдан барин л Дундговийг өнгөрөөд нөгөө говийн дэржигнүүрт эрүү амаа салгах шахан ноцолдуулсаар нэгэн бяцхан голын хөвөөнөө буудалж, хөл гарын чилээ гаргасан юм.
 
Гэтэл машины ачаан дээрээс арваад хүн буудаг юм байна. Ганцаараа явж байна даа гэсэн бодол маань хөдөөширч, замдаа дуулж явсан дуу минь ч замхрах шиг л болж билээ. Гээд яахав аяны алжаалал тайлж нүүр гараа угаацгааж, жаахан хөлийн чилээ гаргацгаалаа. Дэмүүл гуай нэгэн дэрсний хажууд суугаад хүндрэхээр зэхлээ. Хараа буруулан хэсэг байж байгаад хартал Дэмүүл гуай чинжаалаа гаргаж ирэн бөгсөө шувтраад өвсөнд арчиж байгаа харагдана. Зэрлэг ч юм шиг... Өөртэйгөө харьцуулахад эрэмгий ч юм шиг харагдлаа. Ингэсгээд бид цааш хөдөллөө Хэсэг явж байснаа шөнө дүл болохын алдад нэгэн айлын хаяа бараадлаа даа. Бид бүгдээрээ л яваад орлоо.
 
Гэтэл гэрийн эзэн 50 гаруй насны эр гарч гүйгээд нэгэн сайхан хязаалан хонь төхөөрөөд Арслан ирсэн гээд гэдсийг нь ч чаналгүй махыг нь шууд тогоонд үйлээ. Дэмүүл гуай кабинаасаа сонгино гаргаж ирээд хөшгөлөхөд махны үнэр, сонгиний ааг гэж хамар сэтлэм байлаа. Урт замын дэржигнүүрт ходоодондох хоол тээрэмдүүлсэн будаа шиг л алга болсон учир өлсөж байсан гэж юухэв. Гээд удалгүй мах гарлаа. Жолооч хийгээд улсын арслан хүний өмнүүр хэн гүйж маханд хүрч зүрхлэхэв. Дэмүүл гуайн гарыг харлаа Гэтэл нөгөө Дэмүүл гуай бөгсөө шувтарч байсан чинжаалаараа өнөө махыг чинь юу ч үгүй хөшгөлөөд аманд хийхээр бэлтгэж тавьчихаад хүн бүрт -Ид ид гээд өмнүүр нь цартай чигээр нь явуулна. Хүмүүс мэдсэн хэрнээ ганц ганц зүсэмийг авцгаасаар байлаа. Хөшгөлсөн махыг дээр дээрээс нь авсаар байтал хамгийн анхны огтолсон мах над дээр таардаг юм даа. Миний сэжиг хүрээд авъя ч гэсэн авч чадалгүй -Би цатгалан байнаа гэж хэлээд буцаалаа. Гэтэл гэрийн эзэгтэй шөлөнд хаясан будаанаасаа ч надад өгсөнгүй. Дэмүүл гуай будаанаас юу үлдээлгүй идсэн юм даг. Миний гэдэс өлсөөд өвчүүтэйгээ наалдахнээ. Ийн тарчилсаар унтацгаалаа. Гэдэс хожигноод, ходоод хорсоод нойр хүрдэг юм биш. Хариугүй л амь тавихнээ.
 
Аргаа тасрахдаа мөлхөж очоод гэрийн эзэгтэйн хормойноос татаж сэрээтэл эзэгтэй- Яах гээд байгаам гэсээр өндийлөө би ч учраа хэлтэл Хөөрхий хэдэн ааруул хурууд авч өгөх гэсэн болов уу цааш эргээд тонгойтол гэрийн эзэн ухасхийн босч ирээд намайг багалзуурдаад авлаа. Учраа хэлж амжаагүй байтал Дэмүүл гуай босож ирээд намайг сарвайтал сугавчилсаар ачаан дээрээ аваачаад хүлчихлээ. Юун юм идэх байтугай, хажууд нь шалдан нүцгэн шөнийн жаварт сэрвэлзэн хонох боловоо. Шөнийн салхи ч яахав сэрвэлзэсгээд өнгөрөв. Өглөөний нар мандах үеийн жавар гэдэг ёстой нэг яс маханд мэдрүүлдэг юм билээ дээ. Би тэгэхэд арайтай л амь тавьчихаагүй юмдаг. Сэжигч зан ч дээ нэг их сайнгүй л юм шиг санагдсан ч баас хуссан хутгаар мах хөшгөлөж иднэ гэдэг арай ч юм шиг санагдсан шүү... хэхэхэ
 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen