МАН-д гомдогсод эвээ олохгүй байна

МАН-д гомдогсод эвээ олохгүй байна

 

Эрх баригчид дундаа үе үе далдхан сэлэм эргүүлж байгаа ч сэлмийг нь маш хурдан хуйнд нь хийж байна. Чухам ямар тохироо, хүчин зүйлс нөлөөлж байгааг мэдэх юм алга. Ерөнхийдөө “Нүүрсний”, “Хөгжлийн банкны” гэх мэт хэрэгт тохогдоод байгаа гомдогсдын хилэн дээд цэгтээ тулж, ямар нэг аргаар Засгийн газрыг унагаах, улмаар МАН дотор удирлагын шинэ баг гаргаж ирэх төлөвлөгөө цухалзаж байгаа ч арга эвээ олохгүй байна.

 

Юуны өмнө ирэх сонгуульд ороход хамгийн том үүрэг гүйцэтгэх нийслэлийн МАН-ын хорооны нэр хүн өдрөөс өдөрт унаж, тэр тусмаа хотын намын дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг сонгуульд удирдаж ороод амжилт үзүүлэхээргүй нэр хүндтэй боллоо гэх шуугиан дэгдээгээд үзсэн ч Хотын дарга маань энэ галыг маш хурдан цурманд хийлээ.

 

Үнэн хэрэгтээ айсуй сонгуулийн ялагдал ялалтын гол түлхүүр нь нийслэлийн МАН-ын гарт л бий. Өөрөөр хэлбэл Хотын дарга Д.Сумъяабазарын гарт бий. МАН Улаанбаатарын хэмжээнд ялагдвал маш эвгүй байдалд орно. Өнөөдрийн үйл явцаас харж байхад ирэх сонгуульд нийслэлийн МАН ялалтын туг мандуулна гэхэд бэрх харагдана. “Нүүрсний” гэх гомдогсод ийнхүү Д.Сумъяабазараар ажлаа эхлүүлэх гэсэн боловч сөрөг тактиканд орлоо. МАН-ын дарга нар ч барьцаа халж, өөр барьц сонгов бололтой. Тэгэхээр нь үүний шилийг даран, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ноцож үзээд ч барсангүй. Одоогийн байдлаар гэхэд хичээллэх анги танхимгүй хүүхдүүд сургуулиа нэхэн жагсаж байна. Уг нь салбарын сайд нь гурван ээлжийг халж байгаа бололтой ярьж байсан нь ийнхүү талаар болж, эцэст нь төрсөн дүүгээ аймгийн Цагдаагийн даргаар ажиллаж байгааг гэнэт мэдсэнээр асуудлыг бас л дараад авав. Бага ангийн хүүхдүүд анги танхимаа нэхэн жагсаж байгаа нь худлаа популизм хийж байгаа сайдыг огцруулах хангалттай шалтгаан. Ерөөсөө өдрөөс өдөрт уруудаж байгаа нийгмийн амьдрал, амьдралаас тасарсан тоо баримт өгч байгаа албаныхан гэхэд л Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох томоохон шалтгаан шүү дээ. Гэтэл хийсэн хийгээгүй хэрэгт тохогдоод байгаа нөхдийн хилэн буруу тийш бадраад байгаа юм.

Уг нь тэдний төлөвлөж байгаагаар бол ирэх аравдугаар сарын 1-нд эхлэх Намрын чуулганаар уг асуудлыг шийдвэрлэх байсан ч дэмжлэг тааруу байгааг хэлнэ лээ. Яагаад гэхээр МАН-ын 60 гишүүн дунд бослого гаргаж чадахгүй айдастай нөхөд маш олон байгаа аж.

Өнөөдрийн байдлаар гэхэд Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн учраас нөлөөлөх зүйл байхгүй. Гэтэл өдгөө цагдаа, АТГ, прокурор, шүүхийн шатанд хэрэг нь хаашаа ч эргэж мэдэхээр арваад нөхөр бий. Үүн дээр нэмэгдээд хэзээ ч дуудагдаж магадгүй гэсэн айдастай нөхөд цөөнгүй байгаа болохоор парламент дотор бужигнаан үүсгээд засгаа дараад авах боломжгүй харагдана. Ядахад АН-ын бүлгийн гишүүд дэндүү цөөн, дэмжлэг авахад жулдаж байгаа юм. Нийгмийн амьдрал уруудаж доройтож байгаа энэ өдрүүдэд Засгийн газарт нааштай хандах иргэн ч цөөрсөөр байгаа. Ийм цаг үед Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс эхлээд засгаас гарч шоудах л учиртай даа. Үүнийг дагуулж мэх хийх хувилбар байж болох юм.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Болорчулуун, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нарын нөхдийн хувьд нөхцөл байдал эвгүйтвэл “Би ийм Засгийн газар хүсээгүй, ажил хийлгэхгүй байна. Ард түмэнтэйгээ байя” гээд шоудаад гарчих нөхцөл байдал үүсэж магадгүй. Энэ мэт нөхдийн хувийн тоглолтод “Нүүрсний” гэх гомдогсдын аврал ч байж магад. Нөгөө талаар Сү.Батболдын гэх бүлэглэл юу юунаас илүү үймээн шуугиан хүсэж байгаа. Хэдийгээр улс төрийн гадна байгаа ч М.Энхболдын бүлэглэл ч бий. Эдгээр нөхөд үймээн гарлаа л бол сэвээд явчихад бэлэн байгаа зэргийг яагаад анзаарч харахгүй байгаа юм бол. Ямарч хөдөлгөөн хийхгүй гомдоод яваад байвал өөрсдөө л хохирч үлдэнэ гэдгийг эрх биш мэдмээр юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen