НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгож, Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг даргад дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,
- Ж.Батбаясгалан
- Р.Дагва
- Ж.Алдаржавхлан
- Б.Пүрэвдагва
- С.Даваасүрэн
- М.Халиунбат
- Б.Мөнхбат
- Н.Баярчимэг
- Д.Энхтуяа
- Д.Бадарсан
- Д.Гантулга нарыг сонголоо.
Мөн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ.
Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа гэдгээ дуулгалаа.
Харин Д.Сумъяабазарын зүгээс “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой тул нийслэлийн Монгол Ардын Намын хорооны шийдвэрийг даган 2020-2024 онд “Нийслэлийн Хөгжлийн Гэрээ” мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэн ажиллаарай гэсэн захиас даалгаврыг хүлээн авсан. Тиймээс цаашид улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил” гэлээ.
Асуулт, хариулт дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад Төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Цаашид УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох учиртай юм.
Хэлэлцэх асуудал дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ "Та бидний ажил олгогчид бол нийслэлчүүд. Хотынхоо иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотоо хөгжүүлэх олон ажлуудыг хийнэ" хэмээн онцлов.