Х.Баттулга “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулж, 2024 онд Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч Засгийн газар байгуулах мөлхөө улс төрөө эхлэв үү
“Жэнко” Х.Баттулга АН-ыг хагалах “ан”-д дахин гарчээ. УИХ-ын 2020 оны сонгуулиар Лу.Болд, Ж.Батзандан нарыг ашиглан АН-ыг хагаралдуулж, сонгуульд ялагдуулсан цаад эзнээр улс төрийн хүрээнийхэн түүнийг нэрлэдэг. Х.Баттулгын зараалаар АН-ыг ялагдуулсныхаа шагналд Лу.Болд Бельги улсад Элчин сайд, Ж.Батзандан Австрали дахь Монголын ЭСЯ-д Элчин зөвлөхөөр томилогдсон. Гэвч Ж.Батзандан Элчин зөвлөхийн суудлаа голж Австрали улсыг “Цөллөгийн улс” хэмээн гоочилж, төд удалгүй Монголд ирж Ерөнхийлөгчид лаиваар хуурай агсам тавьж, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар “Ганц худаг”-т хоригдсон удаатай. Харин өнгөрсөн өдрүүдэд Х.Баттулга “Улс төрд би байгаа шүү” гэх мөлхөө улс төрөө хийж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан Орхон аймагт болсон овоо тахилгад оролцлоо. Түүнийг ийнхүү тахилга, наадам эргүүлэхтэй зэрэгцэн “УИХ дахь АН-ын бүлэг доторхи ЖАН-ынхан “Нэг Монгол” хөдөлгөөн байгууллаа” гэх мэдээлэл түгэв. УИХ дахь АН-ын бүлэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийг хассан ч С.Ганбаатарыг нэмснээр 11 гишүүнтэй хэвээр үлдсэн. Харин Х.Баттулгын фракцид УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Бейсен, Ц.Туваан нар багтдаг. Орж, гараад явчихдаггүй бол С.Одонтуяа тэдэн дээр нэмэгдэнэ. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлэг доторхи Х.Баттулгын фракцийнхан “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж, ASEM цогцолборт өнгөрсөн амралтын өдөр тансаг хүлээн авалт зохион байгууллаа. Путиний намыг Нэгдсэн Орос гэдэг бол Х.Баттулгын фракцийнхан ийнхүү “Нэг Монгол” хэмээх хөдөлгөөн дор нэгдэв. Мэдээж хэрэг, “Том ах” нь Х.Баттулга.
“Улсын Дээд шүүхэд эхний гуравт бүртгэлтэй Ногоон намыг хэн тэрбум, тэрбумаар худалдаж авсан бэ” гэдэг мэдээлэл хэвлэлийнхний сонирхлыг татаж эхэлсэн. Зарим хэвлэл “Н.Номтойбаяр худалдаад авчихжээ” гэх таамаглалыг дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр твиттерт “Утга, үнэ нь алдагдсан ядруу улс төрөөс түр хол байгаа шүү. Харин улсад маань “Түгжил” болсон олон асуудлыг Оксфордод авчраад шийдэл эрэлхийлээд суралцаж байна. Үр дүн нь эерэг гарваас хожим энд эргэн ирж багшлаад өчүүхэн ч гэсэн Монгол лэжиси үлдээчих ухааны юм мөрөөдөж сууна” хэмээн бичсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөртэй нь холбоотой мэдээллийг нэн даруй үгүйсгэсэн нь энэ юм. Харин О.Бум-Ялагчийн тухайд, Ногоон намыг бусдад зарсан эсэх талаараа ямар ч хариулт өгөөгүй. Гэхдээ тэр Х.Баттулгад намаа зарсан уу. Шинэ эзэн нь олдохгүй байгаа Ногоон нам экс Ерөнхийлөгчийн “халаас”-нд орсон байж болзошгүй тухай таамаглалыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж байгаа. Улс төрийн тавцнаа өнгөрсөн 20 гаруй жилийн туршид сайн, муугаар хэлүүлж буй Х.Баттулга Ногоон намыг худалдаж авсан нь үнэн бол “халаас”-ных нь нам нэгээр нэмэгдэж, 2024 онд АН-ыг дахин хагалж, МАН-д ялалтын улаан тугийг найр тавин гардуулах боломж түүнд байна гэсэн үг. Харин тэр үед Х.Баттулга МАН-аас, тэр дундаа Л.Оюун-Эрдэнээс ямар шагнал авах бол. “Халаас”-ныхаа жижиг намуудаар эвсэл байгуулж, АН-ын саналыг хуваан ялагдуулж өгснийхөө шанд тэрбээр МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг тооцож суугаа биз. Үүнээс өөрөөр тэр намуудын хэрэг гэж Х.Баттулгад юусан билээ! Чухам ийм л учраас хүний, өөрийн жижиг намуудыг зоос шиг цуглуулж, “халаас”-ндаа лавхан шургуулж байж ч мэднэ.
Х.Баттулга Ногоон намыг худалдаж авсан бол ямар эх үүсвэрээс тэр мөнгийг гаргасан бэ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг “Нэг Монгол” хөдөлгөөн дор багцалсны цаана хэр их мөнгө эргэлдэж байгаа бол... УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өчигдөр (2023.06.18) фэйсбүүкт нэгэн сонирхол татахуйц пост бичжээ. Тэрбээр Путин болон “Нэг Монгол” хөдөлгөөний арга хэмжээний талаарх гэрэл зургийг хавсарган “Хүн хөрш улсдаа хайртай байж болно. Гэхдээ эх орноосоо илүү хайртай байгааг ёстой ойлгохгүй юм байна. Анх Трамптай уулзахдаа Монголоо хоёрдугаарт тавьж байгааг нь хараад би лав түүний үйлдэлд ой гутаж байсан. Одоо бүр даварч байгааг нь хараад дургүй хүрч байна. Нөгөө яригдаад байсан 20 сая долларын ид шид юм байх даа” гэж бичсэн байна. Хорин сая ам.доллар...!? Энэ бол Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад буюу 2021 оны хоёрдугаар сард ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ-аас оруулж ирсэн 20 сая ам.доллар юм. Үйл явдлыг эргэн сануулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн ажилтнууд болох Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-нд УНУ-0536 улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн. Ингэхдээ тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах, холбогдох албаны хүмүүстэй уулзахаар явж байгаа тухайгаа хил, гаалийнханд мэдүүлсэн. Улсын хилээр гарсан даруйдаа тэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны зарим албан тушаалтан, “Роснефть” компани, УБТЗ-ын Оросын талын удирдлагуудтай уулзсан. Харин хоёрдугаар сарын 16-нд ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт ОХУ-д үлдсэн бол Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монголын хилээр нэвтэрсэн. Нэр дурдсан хоёр хүн ОХУ-аас бэлнээр 20 сая ам.долларыг хайрцагнуудад хийж, машиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэж лацдаад ямар ч хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн тухай өдөр тутмын сонинууд, сайтууд, сошиалаар мэдээлж байв. Тухайн үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх хэвлэлүүдэд “Манай албаны хүмүүс тусгай үүрэг гүйцэтгэж, ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл автомашинаар яваад буцаж ирсэн. Энэ автомашинд ямар ч хууль бус мөнгө байгаагүй. Ямар зорилгоор явсныг хэлэх боломжгүй. Албаны болон төрийн нууц. Нууцын зэрэглэлтэй учраас би олон нийтэд задалж чадахгүй” гэсэн тайлбарыг өгсөн ч энэ хэрэг тэгсхийгээд замхарсан. Тэгвэл одоо Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед дэгдсэн эл дуулиант явдлыг эргэн сануулахуйц үйл явдал өрнөж эхлэв бололтой. Тодруулбал, Х.Баттулга ОХУ-аас оруулж ирсэн 20 сая ам.доллараасаа жижиг намуудыг худалдаж аваад байгаа юм биш биз гэх хардлага... Ийм яриа, хардлага, таамаглал улс төрийн хүрээнд хэдийнэ үүсчээ.
2022 оны есдүгээр сар. АНУ-ын Цагаан ордны албаны хүмүүс “ОХУ 2014 оноос хойш гадаад орнуудын сонгуульд нөлөөлөхөөр 300 сая ам.доллар зарцуулсан” гэж мэдэгдэв. Тус улсын тагнуулын байгууллагаас “ОХУ дөрвөн тивийн 20 гаруй орны улс төрийн намууд, улстөрчдөд 300 сая ам.доллар нууцаар шилжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй дахиад хэдэн зуун сая ам.доллар шилжүүлэхээр төлөвлөснийг илрүүллээ” гэсэн талаар Монголын хэвлэлүүдэд ч онцоллоо. Энэхүү 300 сая ам.доллартай холбоотойгоор “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас Монголын хилээр оруулж ирсэн 20 сая ам.доллар арай Путиний “илгээмж” байсан юм биш биз” гэх хардлага олон нийтийн дунд үүссэн. Ийм хардлага одоо ч бий. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Оросын талыг баримтлагч улстөрч гэдэг. Түүний эмзэглэж, эмээдэг сэдэв нь Украинд өдүүлсэн Путиний дайн, ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ-аас Монголын хилээр оруулж ирсэн 20 сая ам.долларын хэрэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь нууц биш. Гэвч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нүд, чих байх учиртай тагнуулын байгууллага энэ хэргийг шалгаж буй эсэх нь ихээхэн бүрхэг. “АТГ-т байцаалт өгөхөөр ирлээ, би” гэж камерийн өмнө шоудсан Х.Баттулга болон түүний ойр тойрныхонтой холбоотой байж болзошгүй ийм нэгэн хэрэг хуулийнхны сейфэнд байсаар л байна. Тагнуулын байгууллага Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албанд харьяалагддаг. Х.Баттулгын хувьд, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр нэг хэсэг ажилласан. Тэгэхээр энд ямар нэгэн нууц байна уу, харж л байя. Хэрэв Х.Баттулга жижиг намуудын эвслийн тэргүүн болж, 2024 онд АН-ын саналыг хуваан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах хүслээ гүйцэлдүүлж чадвал Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны хувьсгал”-ын гол сэдэв болох нүүрсний хэрэг, мухар төмөр замын асуудлууд нэг мөр цайрч замхарна гэхэд нэг их хилсдэхгүй. Жэнко Х.Баттулгыг “Голомт”, нөгөө олон Хөдөлмөрийн баатрууд нь санхүүжүүлэх нь ч нууц биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцдэг.
С.Баттулга
http://www.analiz.mn/postview/58504