Ерөнхийлөгч асан Х.Баттулга: МоАХ-ын алгын чинээ газар дээр 50 тэрбум төгрөг өгдөг тэнэг банк байх уу?
АН-ын хоёр хуваагдсан хэсгийн нэг О.Цогтгэрэлийн талынхан хэвлэлийн хурал зарлаж, АН-ын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлаж байна. АН-ын даргын сунгаанд О.Цогтгэрэлийн талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр нэр дэвшиж, дэнчингийн 500 сая төгрөгөө өгөөд байгаа. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Х.Баттулга: Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Сая манай Ган-Очир гал цогтой сайхан танилцуулга хийлээ. Тэгээд эргэлзэх зүйл, асуух зүйл байхгүй байх гэж бодож байна. Одоо бид Хэнтий аймгаас ирээд 21 аймгаа нар зөв тойрч уулзалтууд хийнэ. Өнөөдрийн энэ АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш юм аа.
Энэ бол Монгол Улс маань цаашдаа Парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ Парламентад сонгодог Парламент байх уу гэдгийг шийдэх ийм сонгууль, сунгаа байгаа юм. Тийм учраас үүнийг АН-ын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс Парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг л тогтоох гэсэн сунгаа байгаа юм.
Өнөөдөр Парламентад хэт олонхи, төрийн 3 өндөрлөг нэг намаас байна гэдэг бол өөрөө энэ Ардчилсан нийгэмд ямаршуу байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байгаа. Тийм учраас АН Парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль байгаа юм гэдгийг бодож өөрийн биеэр энэ сунгаанд оролцож байна хэмээн мэдэгдлээ.
Х.Баттулгад тавьсан сэтгүүлчдийн асуулт, түүний хариултыг хүргэж байна.
Асуулт: Энэ сунгаа АН-ын эв нэгдэл үү, хагарал уу. Та юу гэж харж байна?
Х.Баттулга: Эв нэгдэлтэй болгохын төлөө явна даа. Амьдрал баян, тэгээд харж л бай.
Асуулт: Та МАН-ын дарга байсан, одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа У.Хүрэлсүхтэй ямар харьцаатай байгаа вэ. Ялалт байгуулсан тохиолдолд Улсын дээд шүүх дээр та нарыг хүлээн зөвшөөрөх найдвар хэр байгаа вэ?
Х.Баттулга: Бүх Ерөнхийлөгч нар бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой.
Асуулт: АН-ын тамга хаана байгаа вэ?
Х.Баттулга: О.Цогтгэрэлд байгаа юу. (хажуугийн хүн: тийм, Цогтгэрэл даргад байгаа гэв)
Асуулт: Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр та ямар хариулт өгөх вэ?
Х.Баттулга: Хөгжлийн банкин дээр тийм юм байхгүй, тийм юм байхгүй, тийм ямар ч асуудал байхгүй. Наадах чинь худлаа шүү.
Асуулт: Таны зөвлөхөөр олон жил ажилласан хүн байсан шүү дээ?
Х.Баттулга: Зөвлөх гэвэл зөндөө зөвлөх байгаа шдээ, битгий ингэж бай. Тийм юм байхгүй.
Асуулт: МоАХ-ны байрыг барьцаалаад бас зээл авчихсан юм уу?
Х.Баттулга: Байхгүй байхгүй.
Асуулт: Бүгдийг нь та үгүйсгэж байгаа юм уу?
Х.Баттулга: Юу гэж дээ, тэр МоАХ-ын алгын чинээ газар дээр 50 тэрбум төгрөг өгдөг тэнэг банк байх уу. Наадах чинь бүгд гүтгэлэг. Ер нь бараг бүтэн жил над руу ингэж дайрч байна.
Асуулт: Одоо энэ сонгуулийн үр дүнгээр нэг нь ялна. Тэрийг нь УДШ хүлээн зөвшөөрөх юм болов уу. Та тэр тохироогоо хийж чадсан уу.
Х.Баттулга: Хүлээн зөвшөөрөх ёстой.
Асуулт: МоАХ-н дээр өөр дарга томилогдоод байгаа. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Х.Баттулга: Хариулсангүй