Ц.Дамба-очир, Б.Хурц нарын 13 хүнд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусгавар болж буй. Тэрбээр өчигдөр /2021.06.24/ ял эдэлж буй нэр бүхий 13 хүнд уучлал үзүүлэх зарлиг гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас гадна анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болон өрх толгойлсон эмэгтэйчүүд уучлалд багтаж, суллагдсан аж.
Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүнээр ажиллах үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн гэх хэргээр шүүхээс гурван жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн байдаг. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хороосон хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон.