ѲВѲРМОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ

ѲВѲРМОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ

 

Өвөрмонголчуудын эрх, үндэсний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх нэгдсэн байгууллага болох Өмнөд Монголын Их Хуралдай энэ сарын 1-нд Японы нийслэл Токио хотод “Өмнөд монголчуудын эсрэг геноцидийг ЮНЕСКО-д бүртгүүлье” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ.

Хурлаар Хятадад 1966-1976 онд болсон Соёлын хувьсгалын үеэр Өвөрмонголд болсон геноцидийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэр үеийн үйл явдалд хамаарах бичиг баримтыг цуглуулан, англи хэлээр орчуулж, ирэх жилийн зургаадугаар сар гэхэд тус хөтөлбөрт бүртгүүлэх юм.

Хятадын Засгийн газраас “Соёлын хувьсгалын үеэр хэлмэгдүүлэлт болсон” гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч 1990 онд хэвлэгдсэн “Өвөрмонголын түүх”-ийн сурах бичигт Өвөрмонголд энэ үеэр мөрдлөгө шахалтаар амиа алдсан хүний тоог 27900 гэж бичсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ харгис яргалал, байцаалт, эрүү шүүлтээр амиа алдсан хүн маш олон байгаа тул нийт 100 мянган хүн алагдсан гэсэн тоо ч бий.

Хэвлэлийн хуралд оролцохоор Германаас ирсэн Өвөрмонголын эх оронч Шовчууд Тэмцэлт “Соёлын хувьсгалын үеэр Хятадын бүх ард түмэн хохирсон гэж хятадууд ярьдаг ч Өвөрмонголд монгол хүн гэдгээрээ л буудуулан алуулж байсан үнэн баримтыг дэлгэн тавина. Дахин ийм зүйл бүү тохиолдоосой гэсэн зорилгоор бид энэ харгис үйл явдлыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх гэж байна” гэж сэтгүүлчдэд ярьлаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen