Далайн дээрэмчдийн толгойлогч, хатагтай Вонг
XX зууны дунд үеэр буюу ердөө хагас зууны өмнө их далайн мандалд хамгийн одтой явсан дээрэмчдийн толгойлогч нь эмэгтэй хүн байв. Тэрбээр хятад үндэстэн, бүжигчин бүсгүй байжээ. Шан гэх энэ эмэгтэйг залуухан байхад нь 1938 онд Хонконгийн казиногийн нэг хүндтэй зочин олж харснаар түүний мандан бадрах үе нь эхэлсэн гэлтэй.
Тэр зочин хөшигний араар орж царайлаг бүсгүйн гараас барьж аваад “Намайг Вонг Кунгкит гэдэг, генералиссимус Чан Кайшигийн дэргэд ажилладаг. “Надтай гэрлээч” гэж хэлжээ.
Тэр хүний улайм цайм авирт нь гайхаж алмайрсан Шан бараг л өөрийн мэдэлгүй зөвшөөрч орхив. Чухам хэнтэй дэр хуваах болсноо бүсгүй удалгүй мэджээ. Нөхөр нь болсон хүн Хонконгийн дээрэмчдийн бүлгийн гишүүн байсан юм санж. Тэрбээр чинээлэг айлуудын хүүхдийг хулгайлаад мөнгө нэхэж, гэмт хэргийн ертөнцөд анх хөл тавьсан аж.
Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, үгээгүй ядуу хүмүүст буян хийхээр мөнгө цуглуулдаг “Ядуусын ахан дүүс” гэдэг нууц байгууллагаар Кунгкит нэрд гарсан байна. Түүний хүмүүс хүүхдүүдийг хулгайлаад тахир дутуу болгож орхиод, тэднээрээ мөнгө олдог байв. Тийм хүмүүст олон түмэн гар татаад байдаггүй юм байна.
Вонг мафийн томоохон бүлгийн толгойлогч болсноор гэмт хэргийн ертөнцийн ихэстэй хэлхээ холбоотой байсны хүчинд эрх мэдлээ хадгалж чадаж байсан генералиссимус Чан Кайшигийн анхаарлыг татжээ. Албан ёсоор туслагч нь болохыг Вонгод дарангуйлагч санал болгоход нь зөвшөөрсөн аж.
Гэвч бизнес хийхэд төрийн алба нь Вонгод саад болоод байсан тул Чан Кайши тэр хоёрын зам салсан байна. Туслагч нь байсан хүмүүсийнх нь нэг өргөн цар хүрээтэй дээрэм тонуул хийж байгааг генералиссимус яахин сайшаах билээ.
Энэ үед ноён Вонг бүхэл бүтэн флоттой болчихоод байлаа. Онгоцнууд нь хүчирхэг мотортой, радио болон навигацын төхөөрөмжтэй, хурд сайтай байжээ. Хурд, маневрлах чадвар сайтай учраас онгоцнууд нь бараг бүх онгоцыг хөөн гүйцэж, гүехэн усаар эргээд зугтаж чаддаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Вонгийн хүмүүс хангалтын үүрэг гүйцэтгэж буй тээврийн хөлөг онгоцнуудыг дээрэмддэг байжээ.
Япончууд далайн дээрэмчдэд тун “таагүй” ханддаг, хөлөг онгоцны тавцан дээр гарч хүмүүсийг нь буудаад тэр дор нь ус руу хаяж, аварга загасны хоол болгодог байв. Дайны төгсгөл рүү Квантуны арми ялагдахад Вонг дээрэм хийж багагүй олз олсон байлаа. Тэгтэл япончуудын орыг удалгүй америкчууд эзэлснээс далайн дээрэмчдийн толгойлогч маань багахан олзонд сэтгэл ханаж байхаас аргагүй болжээ.
Хонконг руу бараа ачсан гурван онгоц ирж явааг 1946 оны арванхоёрдугаар сард Кунгкит олж мэдэв. Тэгээд хүмүүсээ аваад далай руу гарч, ачаатай онгоцнуудын замыг хааж гардан тулаанд орж явчихлаа. Ачааны онгоцнууд дээр гараад очсон чинь тэнд айж ширвээтсэн загасчид биш усан цэргүүд байх нь тэр. Вонгийн хүмүүс хиартал цохиулж, тэр өөрөө моторт жижиг завиар арай гэж зугтаж амжсан аж. Гэвч эрэг дээр гармагцаа партизануудад олзлогдон, улмаар Макаогийн цагдаа нарын гарт орж, хоёр өдрийн дараа зугтах гэж оролдох үедээ шархдан, амиа алджээ.
Вонг алагдсан тухай мэдээ чихэнд нь хүрмэгц туслахууд нь эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэллээ. Нөхрийнх нь суудлыг булаалдсан хоёр эр хатагтай Вонгийн унтлагын өрөөнд ороод ирэв. Хэн нь дээрэмчдийн бүлгийн толгойлогчийг залгамжлахад илүү тохирохыг шийдэж өгөхийг тэд бэлэвсэн хатагтайгаас шаардлаа.
Сүйхээтэй Шан цаашаа харж суугаад тэдний хэлэхийг сонссон ч хариулт өгөх гэж яарсангүй. Эрчүүдийн шаардсанаар тэр эргэж харахад гарт нь нөхрийнх нь бэлэглэсэн гар буу байж байлаа. Тэрхэн агшинд буу хоёронтоо дуугарч, эрх мэдлийн төлөөх тэмцэл ийн дуусчээ. Цогцоснуудыг зайлуулахыг хамгаалагчдад тушаагаад хатагтай Вонг дээрэмчдийн өрхийг өөрөө тэргүүлнэ гэдгээ бүгдэд ойлгуулав.
Шинэ толгойлогч нөхрийнхөө үлдээсэн өв хөрөнгийг шалгахаас ажлаа эхэллээ. Тэгсэн чинь флот нь төрөл бүрийн 150 хөлөг онгоцтой байв. Усан доогуур явдаг завь л байсангүй. Хямдхан үнээр худалдаж авах гээд чадсангүй.
Өөрийнх нь шүд хэр хурц болохыг хатагтай Вонг тун ч удалгүй харууллаа. 1947 онд түүний хүмүүс Кантоноос гараад Шаньтоу руу явж байсан, Голландын “Ван Хойц” гэдэг хөлөг онгоц руу довтлов. Дээрэмчид юуны урьд онгоцны холбооны хэрэгслийг нь устгаад хүмүүсийг өрөөнд нь хөөж орууллаа. Тэнд усан цэргүүдийг цаг, үнэт зүйлс, мөнгө төгрөгнөөс нь салгажээ. Дараа нь онгоцны ачааг буулгахад 15 цаг зарцуулав. Энэ бүхний эцэст тэр эмэгтэй хөрөнгөө 400 мянган фунт стерлингээр арвижуулжээ.
Эрх баригчид далайн дээрэмчдийг хайгаад ямар ч амжилт олсонгүй. Вонг ч дөрвөн жил томоохон “загас” агнасангүй. 1951 оны гуравдугаар сард хоёр шаламгай онгоцоор Португалын “Опорто” гэдэг хөлөг рүү дайрлаа. Дээрэмчид онгоцны тавцан дээр гармагцаа португалчууд руу автомат буугаар гал нээж 22 хүнийг нь тонилгож орхив. Шархадсан ганц хүн усан дээр үлдсэн байсныг нь Португалын өөр онгоцны хүмүүс аварчээ. Аврагдсан тэр хүн эмнэлэгт хэвтэж байхдаа дээрэмчдийг удирдаж байсан царайлаг хятад хүүхний тухай ярьсан байна.
Мөн л 1951 онд Тайванийн хоолойгоор явж байсан Британийн “Мэллори” хөлөг онгоц хатагтай Вонгийн довтолгоонд өртөв. Зальтай дээрэмчид нэг жижиг онгоцоо Британийн хөлгийн урдуур хөндөлдүүлэхэд түүнийг дайрчихгүйн тулд ахмад нь онгоцоо зогсоожээ. Толгойдоо баг өмсөж, зэвсэглэсэн 25 дээрэмчин дайрч ороход энэ л хангалттай байлаа. Зэвсгээрээ сүрдүүлэн хөлгийн багийнхныг өрөөнд нь оруулан түгжээд үнэт барааг нь шилжүүлэн ачив.
Хатагтай Вонг энэ мэт ажиллагаанд биечлэн оролцохгүй ч уг бизнес амь насанд тун халтай болохыг сайн мэднэ. 1951 оны наймдугаар сард Английн усан онгоцны тээврийн албан байранд “Энэ сарын 25-нд замд гарах танай онгоц руу довтолно. Онгоцоо далайд гарахыг нь хойшлууллаа ч тусыг эс олно.
20 мянган хонконг доллар төлж онгоцныхоо аюулгүй байдлыг хангаж болох юм” гэсэн үгтэй захидал ирэв. Энэ үг наргиан биш болохыг шалгаж тогтоогоод ачаа нь илүү үнэ цэнэтэй тул нэхсэн мөнгийг нь өгөх нь зөв гэж британичууд шийдлээ.
Нэхсэн мөнгийг нь өгөлгүй шийр заах гэсэн компани бас байжээ. Жил бүр 150 мянган доллар төлж байхыг Вонг шаардахад Хонконгийн “Куангси” тоомжиргүй хандав. Тэгээд онгоцныхоо багийг сайтар зэвсэглэж, хаалга хатавчийг нь ган төмрөөр бэхэлсэн байна. Вонг үүнийх нь хариуг гайхалтай аргаар барив.
Хөлөг онгоцыг нь замд гарахаас өмнө бүхээгт нь цагийн механизмтай тэсрэх бөмбөг тавьчихжээ. Бөмбөг дэлбэрч 17 зорчигч, усан цэрэг амь үрэгдлээ. “Куангси” мөнгө төлөхөөс яах билээ. 1950-иад оны эх гэхэд Вонгийн дээрэмчдийн орлого 150 сая долларт хүрч, тэдний хяналтад байдаг газрын хэмжээ Английн нутаг дэвсгэртэй тэнцэж байв.
Солонгост байлдаж байсан Америкийн флотод ч хатагтай Вонг багагүй түвэг учруулж байлаа. Байлдааны хэрэгсэл, зэр зэвсгээ алдсандаа галзуурах дөхсөн америкчууд энэ бүс нутаг руу хэсэг тагнуулаа явуулаад юу ч олоогүй төдийгүй хөлөг онгоцоо алдсан аж.
Албан бус мэдээллээр бол тайван байлгавал хууль бус үйл ажиллагааг нь халхалж байхаар Вонгтой америкчууд тохиролцоонд хүрсэн гэдэг. Вонгийн зургийг авчирч өгвөл 10 мянган фунтээр шагнахаар Макаогийн цагдаагийн байгууллага зарлаж байлаа.
Сарын дараа “Энэ зургууд хатагтай Вонгод хамаатай болохоор та бүхний сонирхлыг татаж магадгүй” гэсэн үгтэй захидал Макаогийн цагдаагийн байгууллагад иржээ. Хамт илгээсэн дугтуйг нь задалбал эрэгтэй хүмүүсийн биеийг тастаж хуваагаад зургийг нь авч явуулсан байв. Хатагтай Вонгийн зургийг нь авах гэж оролдсон хүмүүсийг ийм болгосноо бас тайлбарласан байлаа.
Хатагтай Вонгийг биеэр нь авчирч өгсөн хүн авах шагналаа өөрөө нэрлэж болно гэх мэдээллийг Тайвань, Филиппин, Тайланд, Японы цагдаагийн байгууллага хожим нь бас тараасан байна. Харамсалтай нь амь насандаа халтай ийм зүйл хийх зүрхтэй хүн олдсонгүй.
Харин Вонгийн нэг туслах 1963 оны тавдугаар сард Японы цагдаагийн байгууллагатай нууц яриа хөөрөө хийсэн аж. Тэрбээр Кобе хотод япончуудтай уулзахаар товлосон цагтаа очих гэж явах замдаа хэлгүй, хоёр гаргүй болсон байна. Энэ урвагч хэнд ч юу ч хэлж чадалгүй байсаар хоёр долоо хоногийн дараа амьсгал хураажээ.
Хатагтай Вонгийн дээрэмчдийн 8000 хүнтэй байгууллага Дундад зуунаас эхтэй Хятадын нууц нийгэмлэгийн зарчмаар ажилладаг байсан учраас санаснаа хийгээд, баригдаж сүйрэхгүй оршин тогтнож байсан гэж үздэг аж. Удирдагчаасаа урваснаас шоронд орсон нь дээр гэж дээрэмчид үздэг байв.
1960-1970-аад онд хатагтай Вонгийн үйл ажиллагааг Интерпол мөрдөхөөс аргагүй байдалд очсон байна. Тэрбээр Амстердам, Нью-Йорк, Дундад Дорнод, Латин Америк гээд дэлхийг сүлжсэн хэлхээ холбоотой болсон байв.
Түүний хүмүүс алт, мансууруулах бодис, зэвсгийг үйлдвэрийн хэмжээнд олж, дамлан худалддагийг Интерпол тогтоожээ. Хятад эмэгтэй үүнээс хэдэн арван сая долларын ашиг олдог байлаа. Энэ хатагтайн амьдрал, үйл ажиллагаа хэрхэн төгссөн нь тодорхойгүй үлдсэн аж. Түүхийн энэ хуудсанд тусгай алба хэзээ нэгэн цагт салхи оруулахыг үгүйсгэх аргагүй.
Эх сурвалж: Р.ЖАРГАЛАНТ