Эмсийн хүрээлэнгээс Хятадын алдарт адтай Далайн дээрэмчин болсон хатагтай

Эмсийн хүрээлэнгээс Хятадын алдарт адтай Далайн дээрэмчин болсон хатагтай

 

«Далайн дээрэмчин» гэхээр таны төсөөлөлд ямар дүр зураг бууж ирдэг вэ? Модон хөлтэй, өрөөсөн нүдтэй, мөрөн дээрээ тоть суулгасан эр үү? Тэгвэл одоо түүхэн дэх хамгийн одтой далайн дээрэмчдийн нэг, Хятадын Чжэн Ши гэгч алдарт дээрэмчин хатагтайг хараарай.

Түүний удирдлаган дор 2000 хөлөг, 70 000 гаруй далайчдаас бүрдсэн том флот байсан гэдэг. Энэ намхан турьхан бүсгүй гартаа сэлэм жад биш, дэвүүр барьж байгаад тулааныг удирддаг байжээ.  Наполеон болон адмирал Нельсоны чацуутан энэ хатагтайг Европт мэдэх хүн ховор. Гэвч Алс Дорнод болон Өмнөд Хятадын тэнгисүүдээр түүний нэрийг үгээгүй ядуу гуйлгачингаас авахуулаад өв хөрөнгөтэй баячууд хүртэл андахгүй мэддэг байлаа. Тэр ганц нүдтэй, модон хөлтэй ааваасаа энэ бүхнийг залгамжилж авсан гэж бодож байна уу?

1801 онд Чжэн Шиг 26 настай байхад хятад дээрэмчид түүнийг Кантон дахь эмсийн хүрээлэнгээс олж авчээ. Дээрэмчдийн толгойлогч Чжэн И гоо бүсгүйг эхнэрээ болохыг гуйж. Харин бүсгүй бүх үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцож байх болзол тавьсныг дээрэмчин хүлээж авсан гэнэ.

Дээрэмчин хатагтай Цин

 

6 жилийн дотор тэд Өмнөд Хятадын тэнгис дэх бүх өрсөлдөгчдөө буулган авч армиа 400 хөлгөөр нэмэгдүүлж чаджээ. 1807 онд Чжэн И нас барж эхнэр нь удирдлагыг гартаа авсан байна. Шинэ ахмад нилээд чанга гараар удирдаж, дээрэмчдийн бүлгийг сахилга баттай арми болгож чадсан гэдэг. Дээрэмчид эхлээд эсэргүүцэхийг оролдсон боловч хэдэн удаагийн аймшигт цааз тэднийг номхруулсан байна. Удалгүй эрэг хавийн бүх тосгод дээрэмчин хатагтайн мэдэлд орлоо. (түүний өмгөөлөл дор арай амар тайван амьдрах бололцоотой байв) Эдгээр тосгод Чжэн Лигийн флотыг бүх хэрэгцээт зүйлсээр хангах үүрэг хүлээдэг байлаа.

1808 оны 1-р сард Хятадын эзэн хааны флот дээрэмчдийг дарахаар шийджээ. Хатагтай Цин тэдний дивизийг уран аргаар занганд оруулж тулаанд ялаад зогсохгүй 60 хөлөг онгоцыг нь олзолсон байна. Дивиз командлагч энэ шившгийг тэсвэрлэж чадалгүй амиа хорлон үхсэн гэдэг. Хятад улс барууны адал явдал хайгчдыг энэ дайнд оролцуулах гэсэн боловч бас бүтэлгүйтжээ. Чжэн Лиг ялж чадахгүйгээ ойлгосон засгийн газар энхийн хэлэлцээрийг санал болгож, 1810 оны 4-р сард дээрэмчид түүнийг нь хүлээн авсан байна.

Дээрэмчид (янз бүрийн эх сурвалжаар 17 000-80 000 хүн) дээрмийн олзоо алдахгүйгээр эзэн хааны албанд орох өршөөлийн зарлигт хамрагджээ. Ингэж Хятад дахь далайн дээрэм дуусгавар болсон байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн азтай, одтой дээрэмчдийн нэг болох Чжэн Ши өөрөө зочид буудал, цэнгээний газар, мөрийтэй тоглоомын газар зэргийг эзэмшиж байгаад 69 настайдаа хорвоог орхижээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen