Даргагүй давсан өвөл, даргатай болсон хавар
Улаанбаатар хот анх удаа 92 хоног удирдлагагүй байж үзлээ. Товчхондоо бол нийслэлчүүд утааны улирлыг даргагүй давлаа. Сүүлдээ хүмүүс Улаанбаатарт даргын хэрэг алга гэж шуударч үзлээ. Дарга байсан ч, байгаагүй ч өвөл болдгоороо болж, утааг уушгилдаг болохоор хотын даргыг тэр бүр үгүйлсэнгүй. Дээр нь энэ өвөл цас ороогүй учраас халтиргаа гулгаа ч үгүй, давсаа цац, дарга аа гэж хэлэх шаардлага гарсангүй. Нийслэл нам гүмхэн нэг өвлийг дуусгалаа. Хааяа хуралдах НИТХ-ын хуралдаанаар хотын даргын асуудал яригдана. Хотын төлөөлөгчид жижиг танхимдаа том улстөржиж, даргаа сонгосон ч Ерөнхий сайдын ширээн дээр дарагдаж, багагүй хугацааг барсан. Үнэндээ бол ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүд, тэднийг түдгэлзүүлэх прокурорын санал, Засгийн газрын гишүүдийн огцролт, чөлөөлөлт, шинэ сайдын томилгоо гээд хотын даргын суудалд санаа зовох завдал энэ өвөл байсангүй.
Харин одоо хавар ирлээ. Хот ч даргатай боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүтгүүлэн байж дарга болгосон С.Амарсайханыг хотын олон асуудал хүлээж байгаа. Тэр хариуцлагаас ажлаа эхэлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр эхний ээлжинд халаа сэлгээ явагдахыг үгүйсгэх аргагүй. Сандал ширээний томилгоо богино хугацаанд хурдтай явагдвал зүгээр. Учир энэ улирал өвөл биш хавар. Өөрийн автороор нэрлэгдсэн ажил хийх багахан хугацаа. Дээр нь сонгууль хаяанд тулсан үед цаг хугацаа алдаж болохгүй. Дараагийн сонгууль болоход 17-хон сар. Ажил хийхийг хүссэн, хичээх хүнд бол бачуурам бага хугацаа. Харин CV-гээ баяжуулж, намтартаа хотын дарга гэсэн албан тушаал нэмэхийг хүссэн хүнд бол хангалттай л цаг. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэсэн үгийн баталгаа болохгүйн тулд үлдсэн багахан хугацаанд С.Амарсайхан дарга өөрийгөө харуулах л шаардлагатай. Түүнд дэмжлэг хангалттай бий.
Хийх ажил ч их байгаа. Наанадаж л хотын нэг хэсгийнхэн өвөлжин мөсөн цэвдэгт амьдарч, одоо шар усны үерт автахад хүрээд байна. Дээр нь хөрсний бохирдол толгой өвтгөнө. Түмэн асуудалтай зэрэгцэн бүтээн байгуулалтын их ажил эхлэх ёстой. Бут мод тарихаас эхлээд зам тавина. Хотын даргын ажил бол ахуй. Тэр яг л гэрийн эзэгтэй шиг, түүнд оролцохгүй асуудал үгүй. Гал тогооны жижиг асуудлуудаас эхлээд том ажлууд ч бий. Өмнөх дарга С.Батболдын эхлэлийг нь тавьсан Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил нийслэлчүүдэд дарамтгүйгээр үргэлжлэх ёстой. Мөн Ерөнхий сайд, хотын дарга нарын хэдэнтээ шавыг нь тавьсан төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил гараанаас гарлаа. Энэ бүтээн байгуулалт хотын даргын гардан хийх ёстой ажлын нэг.
Үүнээс гадна нийслэлийн нийтийн тээвэрт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Хэдийг болтол нийслэлчүүд хөлдөж үхэх шахам автобус хүлээх юм. Хэзээг хүртэл хүйтэн хөндий автобусанд шахцалдаж алалцах юм. Хотын нийтийн тээвэр хөгжөөгүй учраас иргэд хэдэн саяар нь зээлж тавьж, машинтай болохыг хүсдэг. Үнэндээ бол өртэй амьдрахыг хэн ч хүсэхгүй. Автобус хэрэгцээ шаардлага хангадаг байсан бол хүн бүр машинтай болохгүй. Э.Бат-Үүл дарга автобусны төлбөр хураах системыг ухаалгаар шийдсэн. Харин одоо С.Амарсайхан дарга нийтийн тээвэрт бас нэг шинэчлэл хийх хэрэгтэй байна. Гэхдээ хэдэн арван тэрбумаар хаа нэгтэйгээс хуучин автобус оруулж ирэх бол шинэчлэл биш шүү.
Энэ мэтээр хотын шинэ даргыг олон асуудал хүлээж байгаа. Жижгээс эхлээд том хүртлээ түүний оролцохгүй ажил энэ хотод үгүй. Тэгэхээр одоо ажиллах л үлдлээ. Өөрийг нь хоёронтоо зүтгүүлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болгосон Ерөнхий сайдын “хайр”-ыг бодсон ч тэр. Дараагийн сонгуулиар хувь заяа хаашаа эргэхийг мэдэхгүй болохоор даргаар ажиллах хэсэгхэн хугацаандаа суудал бөглөгч нэр зүүхгүй байх нь залуу хүний замын уртад тустай.
С.Амарсайхан даргын хийх ажлыг ар араас нь нэрлээд байвал дуусашгүй. Тэр ч үүнийг мэдэж, хотын дарга болсон биз. Тэгэхээр ажиллаад бай, дарга минь. Арыг нь нийслэлчүүд даана бас дүгнээд өгнө өө.
М.Болд
SHUUD.MN