Лу.Болд : Ц.Элбэгдорж намайг ГХЯ-ны сайдаас холдуулж 3 ажил хийсэн
Намайг сайдын тушаалаас огцруулахын тулд хууль гаргаж байлаа. Бүр яамыг минь татан буулгасан. Би харин тусгаар улсын нэг гол шинж тэмдэг нь Гадаад Хэргийн бие даасан яамтай байхад оршдог юм шүү гэж зүтгэж байж, дахин Гадаад яамыг байгуулсан. Түүний сайдаар нь Пүрэвсүрэнг томилсон. Тэгэж байж Ц.Элбэгдорж гурван "том" ажлыг хийсэн. Би байсан бол тээглэх байсан. Хэзээ ч түүний үгээр тэр 3 ажлыг хийхгүй байсан.
Харин Пүрэвсүрэнг сайдаар томилсноор энэ бүхнээ гүйцэлдүүлж амжсан. Тодруулья. Нэг: АСЕМ-ийг бизнес болгосон. АСЕМ-ийг Монголд хийх эрхийг би Гадаад Хэргийн сайдаар ажиллаж байхдаа авсан байсан. Бэлтгэл ажилдаа ч орсон байсан. Төсөв мөнгө бага шаардагдахаар тооцоо гарч байсан. Ирэх, буцах тийз, дээр нь буудлын зардлаа зочид өөрсдөө хариуцаж байсан. Ердөө л 1 тэрбум төгрөгөнд багтааж АСЕМ-ийг Монголд хийх тооцоог ажлын хэсэг гаргасан байсан.
Харин Элбэгдорж үүнийг бизнес болгож цэцэглүүлсэн. 21 тэрбум төсөвлөж, түүнийхээ 19 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Түүнийгээ хэмнэлттэй ажилласан гэж ярьж байна. Үнэндээ 1 тэрбумаар хийх байсныг 19 тэрбум зарцуулж өөрсдийн бизнес болгож цэцэглүүлсэн. Хоёр: Дубайн гэрээг байгуулсан. Монголд ч бай, Дубайд ч бай энэ гэрээг байгуулахад заавал Гадаад Хэргийн Яам оролцоно. Тиймээс би тээглэж байсан. Би бол Дубайн гэрээг дэмжихгүй, зуруулахгүй байсан.Харин Пүрэвсүрэнг тавьснаар энэ гэрээг байгуулсан.
Гурав: Эрдэнэтийн 49 хувийг хувьд авсан. Хоёр улсын хоорондын асуудлыг Гадаад хэргийн Яамыг тойрч шийднэ гэж үгүй. Би сайдаар ажиллаж байсан бол үүнийг дэмжихгүй байсан. Одоо эргээд бодоход, энэ 3 ажлыг л хийх гэж бачимдаад Гадаад Яамыг татан буулгаж байж, намайг чөлөөлөөд, эргүүлээд байгуулахад нь Пүрэвсүрэнг томилсон байна. Ингэж Комментатор нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын гишүүн Лу.Болд хэлснийг сийрүүлэн буулгалаа.
Ц.Хишгээ