МАН дотроо хэнийгээ “идэх” нь маньд падгүй болчихлоо

Гишүүн асан Д.Гантулгыг нөгөө “муу нэртэй” хэрэгт шалгагдаж байх үед түүнийг сайн мэдэх нутгийнх нь хүн ярьж билээ. Сургуульд байхдаа манлайлагчдыг төрүүлдэг сургалт дугуйланд яваад хэл яриа нь хөгжихсөн, буруу талын сэргэлэн нөхөр байсан гэж. Ерээд онд элдэв “Манлайлагчдын клуб”, “Leadership”, “Мини парламент” энэ тэр гээд дунд сургуулиас нь эхлээд хүүхдийг амбицаар нүддэг элдэв сургалт, клубууд байлаа даа. Тэр үеийн бүтээгдэхүүнүүд одоо төр барилцаж байна. Бэлээхэн жишээ нь Д.Гантулга.

Одоогийн энэ парламентад шинээр орж ирсэн 41 гишүүний бараг тал хувь нь 70, 80-аад оныхон. Төрын албанд ажиллаж үзээгүй, бизнес хийж хөдөлмөрөөрөө мөнгө хурааж ч үзээгүй, хар багаасаа даргын цүнх бариад, хэлсэн үг бүрийг нь цээжилж түүнийгээ тоть шиг давтан түүнийгээ “амьдралын боловсрол”, “улс төрийн туршлага” гээд ойлгочихсон хөнгөндүү гарууд.

Өмнөх үеийнхэн шигээ хоцрогдсон ч гэсэн системтэй боловсрол олж аваагүй, дараа үеийнхэн шигээ зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөнд ороогүй, зүгээр л аль нэг намын дарга, албан тушаалтны цүнх барьж яваад кранаар өргүүлээд төрд ороод ирчихсэн. Хүн болж төлөвшиж амжаагүй байхдаа улстөрч, манлайлагч болох гээд гүйчихсэн нэг үеийн гарууд одоо төрийн бодлого тодорхойлох гэж оролдож байна л даа.

2000-аад оны манай их сургуулийн боловсрол ч гэж ямар байлаа. Дуртай нь мөнгөө төлөөд нэг хувийн дээд сургуулийн диплом өвөртөлдөг байсан цаг. Бас нэг жишээ нь Х.Нямбаатар. Орхон дээд сургууль төгссөн, тэндээ иргэний эрх зүйн хичээл зааж байсан. Тийм л намтартай нөхөр өнөөдөр Эрүү, Зөрчлийн гээд суурь шинжтэй том хуулиудыг барьж аваад өөрчилж байх жишээтэй. Гадаадад боловсрол олсон гэж байгаа зарим нь тэднээсээ нэг их дээрдэх юмгүй. Хүний номыг үзсэн хүнд номын номыг үзүүл, хүний номыг үзээгүй хүнд номын номыг бүү үзүүл гэдэг юм гэнэ лээ.

Өмнөх үеийнхэн нь өнгөрсөн 27 жилийнхээ харанхуй намагт шигдчихсэн, дараа үеийнхэн нь тэднийгээ дийлж аваад намагт эзэн суух гэж улайрсан тийм л тэмцэл одоо МАН дотор болж байна. (АН-ын тухай бол ярихаа ч больё. Угаасаа өнөөдөр болж байгаа хийгээд цааш үргэлжлэх үйл явцад тэдний нөлөө, хүч гэж байхгүй юм чинь. Үлдсэн хоёр жилдээ) “Хүн бүр өөр өөрийнхөө жороор галзуурдаг” гэсэн орос ардын үг өнөөдөр манай улс төрийн өнгө байдлыг тодорхойлж байна. Хэн нь эзэн суулаа ч чанарын хувьд нэг их дээрдэх юм байхгүй. Нэмэгдэхүүний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгүй. Хэн нь хэнээ “идэх” нь маньд падгүй болчихоод байна.

Түүний оронд УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, бүрэлдэхүүнийг бүтнээр нь солих ганц арга байна. “Ард түмний сонголт” гээд толгой дэр бие засаад байгаа нөхдүүдийг ард түмэн сонголтоороо өөрчлөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй гэвэл нэг хонгилыг нөгөө хонгилоор солиод энэ ёроолоосоо дахиад хорин жилдээ гарахгүй.

Тиймээс УИХ-ын таван гишүүний зохион байгуулж байгаа “МАНАН-гийн эсрэг” жагсаал, өлсгөлөнг (үнэн хэрэгтээ М.Энхболдыг хугацаанаас нь өмнө УИХ-ын даргаас огцруулах ганцхан зорилготой Засгийн газраас зохион байгуулж буй ажиллагаа) жинхэнээсээ МАНАН-г устгах, УИХ-ыг тараах өлсгөлөн, суулт болгож өөрчлөх нэг зам байна. Иргэд өөрсдийн санаачилгаар. АН ч гэсэн сөрөг хүчин юм бол тэдний оронд гудамжинд гараад “ЖДҮ-гийн Засгийн газар, 60 тэрбумын их хурлыг тараая” гээд зогсч байх ёстой юм. Хууль санаачиллаа, тогтоол өргөн барилаа гээд МАН-ын олонхи түүнийг нь дэмжих үү? Битгий сэрүүн зүүдэлж, сэрж март аа гэдэг байх аа. Эсвэл тэдний арга залийг ажил хэрэг болгохын тулд албаар цаг хожсон юм хийгээд байна уу?

АН-ын бүлэг УИХ-ыг тараах тухай тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах гээд мунгинаж байх хооронд цаадуул нь хуулиа ч батлаад, ЖДҮ-гээ ч өршөөгөөд цаашаа явахаар болчихлоо. Өчигдөр ТББХ, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдсан байдлыг авч үзвэл ийм л дүр зураг харагдаж байна.

Б.Заяа    

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen