Баяраар өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ "тэнгэрт хаджээ"

Тав хоногийн дараа 2019 он гарна. Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахаар айл өрхүүд аль хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлжээ. Тодруулбал, томоохон худалдааны төв, зах, супермаркет болон хүнсний дэлгүүр олны хөлд хэдийнэ дарагджээ. Тэдгээрээс гацуур мод тэвэрсэн, тор дүүрэн хүнсний бараа барьсан, гулууз мах мөрлөсөн хүмүүс гарч ийш тийш явах нь баярын уур амьсгал орсныг илтгэнэ. Гэхдээ тэдний сэтгэлийг зовоож буй нэг асуудал бол бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн явдал юм. “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн” гэх үгийг ам дамжин сонсохоос илүүтэй газар дээрээ ямар байгааг тодруулахаар нийслэлчүүдийн дийлэнх нь худалдан авалт хийдэг “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Баяр ёслол төдийгүй энгийн өдрүүдэд ч өргөн хэрэглэдэг мах, ногоо, жимс жимсгэнэ болон хүнсний бүтээгдэхүүний тасгаар орсон юм.

Бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдан авалт хийж буй иргэд төдийгүй худалдагч нар өөрсдөө хэлж байлаа. Тухайлбал, аравдугаар сард 1300 төгрөгийн үнэтэй байсан талх 1600 болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Баяр ёслолоор өргөн хэрэглэдэг салатны навч 4500, өргөст хэмх 5000-6000, даршилсан өргөст хэмх савлагаанаасаа хамаарч 2500- 7500, тахианы мах 8000-8500 төгрөгийн үнэтэй байлаа. Эдгээр бүтээгдэхүүн сарын өмнө 200-1000 төгрөг, зарим нь үүнээс ч илүү хямдхан байсан гэдгийг нэгэн худалдагч хэллээ. Тодруулбал, сарын өмнө салатны навч 4000, өргөст хэмх 4500-5800, даршилсан өргөст хэмх 2300-7000, тахианы мах 5800-6500 төгрөгийн үнэтэй байжээ. Харин бялууны хувьд үйлдвэр, хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байсан ч мөн л нэмэгдсэн гэх тайлбарыг худалдагч нар өгч байлаа.

Үүнээс гадна худалдан авагчид сүүлийн үед махны үнэ огцом нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэд “Малчин удамтай монголчууд өөрсдөө өндөр үнэтэй мах идэх цагийг харах гэж дээ” хэмээн халаглаж байв. Тодруулбал, үхрийн нэг кг цул мах 10500, ястай нь 8500. хонины мах ястай нь 6800, цул нь 7500 төгрөгт хүрчээ. Хэдхэн сарын өмнө хямдхан байсан мах яагаад ийм үнэд хүрсэн талаар махны худалдагч Д.Шүрэнцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Мах жил бүрийн хавар л ховордож, үнэ нь бага хэмжээгээр нэмэгдцэг юм. Харин намар, өвөл тэр дундаа идэшний цагаар мах элбэг, үнэ нь унадаг шүү дээ. Гэтэл энэ жилийн хувьд өдийд ховордож, үнэ нь нэмэгдэж байна. Энэ нь 21 аймагт хятадууд цэг байгуулж мах худалдан байгаатай холбоотой. Бид “Хүчит шонхор” захаас махаа татдаг. Гэтэл тухайн захын ченжүүд өөрсдөө махгүй болоод байна. Яагаад гэвэл, хятадууд малчдаас махыг нь өндөр үнээр худалдан авч байна. Энэ нь нэг талаараа Хятад улсын бодлого явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ талд бодлогын түвшинд арга хэмжээ авч зохицуулалт хийхгүй бол малчин удамтай монголууд өөрсдөө мах идэж чадахгүйд хүрэх нь” хэмээв.

Бараа бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэх болсон шалтгааныг худалдагч нар “Угаасаа томоохон баяр ёслолын өмнө бараа бүтээгдэхүүний үнэ ингэж нэмэгддэг шүү дээ. Бид өөрсдөө дур мэдэн нэмээгүй. Цаад үйлдвэрээсээ нэмээд ирдэг юм” гэсэн тайлбарыг өгч байлаа. Тэгвэл шинэ он гарсны дараа буцаад буух юм уу гэсэн асуултад хэн ч тодорхой хариулт өгөөгүй нь харамсалтай. Шатахууны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч тодорхой бодлогын хүрээнд бууруулсан, оны эцэст дахин бууруулах шийдвэрийг гаргасан. Шатахууны үнэ нэмэгдсэн үед худалдагч, ченжүүд “Шатахууны үнэ нэмэгдсэн учраас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ” гэдэг тайлбарыг хэлдэг байлаа. Гэтэл тэд одоо ийм тайлбар хэлэх, шатахууны үнийг далимдуулах эрхгүй болсон. Ямартаа ч энэ удаад баяр ёслол болж байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ нь иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулж үйлдвэр эрхлэгч, худалдагч, ченжүүд үгсэн хуйвалдаж бараа бүтээгдэхүүний үнээ нэмж буйн илэрхийлэл гэж хардаж болохоор байна. Шатахууны үнэ нэмэгдсэн, томоохон тэмдэглэлт баяр тохиож буй гэдэг шалтгаанаар бараа бүтээгдэхүүний үнийг огцом нэмж, иргэдийн халаасыг хоосолдог зарчим манай улсад л үйлчилж байна. Харин бусад улс оронд эсрэгээрээ хямдралыг утгаар нь зарладаг жишигтэйг та бид мэднэ.

Бараа бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэж буйд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Б.Төмөрөө: -Ахуйн хэрэглээний ойр зуурын бараа бүтээгдэхүүн цуглуулаад явж байна. Миний авсан зүйлүүдээс кофены хуурай сүүний үнэ нэмэгдсэн байна. Үүнийг өмнө нь 3700 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол энэ удаад 4000 төгрөгөөр авлаа. Үүнээс харахад зарим бараа бүтээгдэхүүний үнэ 200, 300 төгрөгөөр нэмэгдсэн байх шиг байна. Уг нь шатахууны үнэ буурсан. Зах зээлийн зарчмаараа түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ буурмаар юм. Гэтэл улам л нэмэгдээд байна. Энэ нь шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотой байж болох юм. Монголын наймаачид, ченжүүд ямар нэгэн томоохон баяр ёслолын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэрт тултал нь нэмдэг. Хэдэн ч төгрөгийн үнэтэй байсан хэрэгцээтэй зүйлээ авахгүй гээд яадаг юм гэсэн хандлагаар ханддаг. Хэрэглэгчид “Ганц удаа авахаас яах вэ”, “Сар бүр баяр тэмдэглэх биш”, “Бусдаас дутахгүйн тулд авна даа” гээд л ямар ч үнэтэй байсан хамаагүй худалдаа хийдэг. Ийм сонин, өнөө маргаашаа харсан, зөвхөн өөрсдийгөө боддог үзлээсээ салах хэрэгтэй.

О.Отгон:-Шинэ он гарах гэж байгаа учраас хэдэн бууз хийх санаатай 2000 төгрөгт тааруулж хонины сүүл худалдаж авлаа. Нэг кг нь 5000 төгрөг болчихож. Уг нь намар 4500-4800 төгрөгийн хооронд байсан санагдаж байна. Манайх махаа байнга худалдаж авдаг Тэтгэврийн зээлтэй болохоор их хэмжээгээр нь авах боломжгүй. Бага багаар нь худалдаж авах бүрт л хэдэн зуун төгрөгөөр нэмчихсэн байх юм. Гэхдээ заримдаа буучихсан байдаг. Иймэрхүү байдлаар хэлбэлзэх нь махны нийлүүлэлт, нөөцтэй холбоотой байдаг гэж боддог. Ченжүүд мах элбэг үед үнээ бууруулаад ховордсон үед нь нэмдэг юм билээ. Уг нь өдийд махны нөөц багасна гэж баймааргүй юм даа. Хүн бүр өвлийн идшээ бэлтгээд элбэг дэлбэг л байдаг цаг шүү дээ.

Г.Очирбат: Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэхүйгээсээ салсан цагт ногоо, бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна

“Бөмбөгөр” худапдааны төвийн хүнсний ногооны тасаг хөл хөдөлгөөн багатай байлаа. Ногооны үнийг харвал өнгөрсөн намрынхаас нэлээд нэмэгдсэн байв. Тухайлбал, төмс кг нь 1200, лууван 1600, байцай 1500, манжин 1600 төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ бол өнгөрсөн хаврын үнэтэй харьцуулахад хамаагүй хямдхан. Манжин махны дайтай үнэд хүрч, ногоо хэрэглэхэд хэцүүхэн болж байсан цаг саяхан. Гэхдээ ирэх жилийн хавар ч ийм байдалд хүрэхгүй байхыг үгүйсгэх аргагүйг худалдагч нар сануулж байлаа. Энэ талаар хүнсний ногооны худалдагч Г.Очирбаттай цөөн хором ярилцлаа.

-Ногооны үнэ нэмэгдсэн харагдаж байна. Яагаад ингээд нэмээд байдаг юм бэ. Тогтсон үнээр худалдаапах боломж байдаггүй юм уу?

-Хүнсний ногооны оргил үе нь намар. Зоорьгүй хүмүүс, ченжүүд зоорьноосоо илүү гарсан ногоогоо тухайн үед маш хямдхан зарж борлуулдаг. Зарим нь бүр ашиг харахгүйгээр зардаг. Харин өдийд бол нөөцөлсөн ногоогоо үнэтэй зарах тал бий. Хятадаас ногоо оруулж ирж байж монгол ногооны үнийг тогтворжуулдаг. Түүнээс монгол ногооны үнэ тогтвортой байна гэж хэзээ ч байдаггүй.

-Яагаад?

-Хятад ногоо харьцангуй хямдхан учраас дийлэнх гуанз, зоогийн газар, ресторан болон албан байгууллага байнга хятад ногоо худалдаж авдаг. Дотоодын ногооны хэрэгцээг бүрэн хангая гэвэл хямдхан байлгахаас гадна Хятадаас оруулж ирэхгүй л байх хэрэгтэй.

-Монгол ногоог аль ч цаг үед хямдхан байлгах боломж бий юү. Олон жил хүнсний ногоо зарж байгаа хүний хувьд цаад учир начрыг нь мэдэж байгаа болов уу. Ийм үнээр л зарахгүй бол ашиг гарахгүй байна уу?

-Боломжтой шүү дээ. Хэдэн ч ченжийн гар дамжсан үүнээс илүү хямдхан байх бүрэн боломжтой. Гэтэл монголчууд бид ганцхан жилийн дотор баяжихыг боддог. Өөрсдөө л орлоготой, мөнгөтэй болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэл, сэтгэхүйгээсээ салсан цагт монгол ногоо, бараа бүтээгдэхүүний үнэ хямдхан болно. Хүнсний ногоочид ногоо ховордсон үед хамгийн дээд үнээр нь ченжүүдэд нийлүүлнэ гээд дарчихдаг. Тэр хооронд нь ченжүүд гаднаас ногоо оруулж ирэхээр хадгалсан ногооны үнэ унадаг тал бий. Нөгөө талаараа гаднаас ногоо оруулж ирэх боломжгүй үед үнэ нь ёстой тэнгэрт хаддаг. Өнгөрсөн хавар төмс 2500, манжин ,7500 төгрөгт хүрсэн шүү дээ. Одоо манжин 1200 төгрөгийн үнэтэй байна. Монгол төмсийг нэг кг-ийг нь 500 төгрөгөөр бөөндөхөд хангалттай ашигтай байдаг. Би ногоо авах гээд орон нутаг руу түншүүд рүүгээ холбогдоход “2000 төгрөгт хүрэхээр нь өгнө” гэж байна. Ийм тохиолдолд хятад ногоо оруулж ирэхээс аргагүйд хүрдэг. 

-Ногоочид ченжүүд үнэ нэмж зардаг гэдэг юм билээ. Та нар болохоор ийм тайлбар хэлж байна. Ер нь цаашид энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой гэж хардаг вэ?

-Энэ асуудлыг бодлогоор цэгцлэх ёстой. Дотоотынхоо ногооны хэрэглээг хангах бүрэн боломжтой Хамгийн гол нь энэ талд зөв зохицуулалт бодлогын арга хэмжээ дутаад байна.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen