ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ ГЭЭД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР ДЭМ ТУС БОЛОХ ВЭ

ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ ГЭЭД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР ДЭМ ТУС БОЛОХ ВЭ

 

Манайхан цалин нэмэхгүй болохоор нэмсэнгүй гэж бухимдана, нэмэхээр нэмчихлээ, одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөрт гарна гэж бухимдах юм.
 
Өчигдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмж 320 мянган төгрөг болгож байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ гэдгийг салбарын сайд С.Чинзориг болон холбогдох албаныхан албан ёсоор мэдээллээ. Энэ мэдээллийг сонсоод баярласан иргэд цөөнгүй харагдав.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг удаа дараа шаардаж, хэл ам хэрүүл тэмцэл хийж байж ийнхүү нэмж байгаа юм байна. Цаашид ч нэмэгдүүлэх талаар хэлж ярьж зөвлөлдөж байгаа гэнэ.

Цалин нэмэхдээ гол биш нэмэхээс таван сарын өмнө зарлаж байгаад л учир байх шиг.
Цалингийн доод хэмжээг 2013 онд нэмж, 192 мянган төгрөг болгож байсан билээ. Түүнээс хойш өөрчлөгдөхгүй, нэмэгдэхгүй явсаар өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сарын 01-ий өдрөөс 240 мянга болж нэмэгдсэн. Харин одоо 320 мянга болгож байгаа юм. Гэхдээ энэ шийдвэр 5 сарын дараа хэрэгжинэ. Гэтэл цалин нэмэгдлээ гэсэн сургаар нөгөө наймаачид, худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэд дахин нугалж зарж давардаг нь үнэн.

Тэгвэл үнээ дур зоргоороо нэмдэг худалдаачдын үнэ нэмэх асуудлыг төр зохицуулж болдоггүй юмуу. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож болохгүй гэж үү.  Ядаж өдөр тутамд байнга хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний үнийн асуудлыг зохицуулж өгөхгүй бол үнийн өсөлт, хөөсрөлтөд “живэх” цаг ирнэ шүү.

Цалингийн нэмэгдлийн шуурганд орлогогүй ажилгүй, хувийн байгууллагад ажилладаг ажилчид өртөж, хохирно шүү дээ. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, өсөхгүй, нэмэгдэхгүй байгаасай л гэж иргэд хүсч байна.

Үнэндээ цалингийн доод хэмжээ нэмэгдлээ гээд ард түмний амьдралд ямар хэрэг, дэм болох уу. Нэмэр болохоосоо илүүтэй нэмнээ, том гай л болох шинжтэй. 

Яс юман дээрээ 80 мянган төгрөгийн нэмэгдэл нь үнийн өсөлтөө гүйцэхгүй нэмэгдэл юм. Өнөөдөр гурил, будаа, мах, хүнсний ногоо болон шатахууны үнэ хэр байгаа билээ.

Наадмын өмнө үнээ нэмж даварсан ШТС-иуд одоо дахиад үнээ нэмж дарамтална. 2500-3000 хүрсэн байсан хүнсний ногоо 5000 төгрөгт хүрэхийг ч үгүйсгэхгүй юм.
 
Харин цалин нэмэгдэх сургаар элдэв торгуулийн хэмжээ нэмэгдэхгүй байх тал дээр анхаарна. Угаасаа ч хуулиараа нэмэгдэхгүй байхаар зохицуулагдсан гэдгийг салбарын сайд нь өчигдөр онцолсон юм.
 
Тэгвэл энэ цалингийн нэмэгдэл хэнд тааруулж, тохируулж нэмэгдсэн бэ гэдэг нь бас анхаарал татаж байгаа юм.
 
Өнөөдөр Монгол Улсад нийт ажмл эрхлэгчдийн 8 хувь нь буюу 80 мянган иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 мянгаар цалинждаг юм байна. Тэдэнд зориулж эрх ашгийг нь хамгаалж буй МҮЭХ болон Монголын ажил олгогчдын холбооныхны хийж буй ажил юм.
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь хоёр талтай. Яг үнэхээр өнөөдөр хөдөлмөр эрхлээд 240 мянган төгрөг авдаг иргэд 320 мянган төгрөг сардаа авбал аштай юу даа. Гэхдээ эндээс татвар шимтгэл нь суутгагдана.
 
Гэвч өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсадын дийлэнх нь хувийн салбарт ажиллаж байна. Хувийн байгууллагын цалин нэмэгдэхгүй. Төрийн албанд 240 мянган төгрөгийн цалинтай алба хаагч ч байхгүй шүү дээ. Доод тал нь 450 мянган төгрөгөөс дээш цалинждаг байгаа шүү дээ. Эдийн засаг талаасаа үзэхээр 80 мянган ажилчинд зориулсан нэмэгдэл мэт харагдана.

Тэгэхээр хувийн аж ахуй нэгжүүд л үнийн өсөлт хөөрөгдөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн хөлд чирэгдэх гээд байна. Нэг талаараа цалингийн нэмэгдэл гэж ойлгохгүй нийгмийн даатгалын санг бүрдүүлж байгаа хэлбэр юмуудаа гэж хардаж байна.

Хатуухан хэлэхэд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд хувийн байгууллагад ажилладаг бидэнд ямар ч ашиг ч байхгүй шүү дээ. Төгрөгийн ханш ийм сул үед, идэж уудгаа аваад л таарна. Үнийн өсөлтөө гүйцэхгүй нэмэгдэл. Үүнийг олон нийтэд зарлах нь зөв ч юмуу буруу ч юмуу. Хэрвээ нэмэх байсан юм бол ирэх нэгдүгээр сард чимээгүй л нэмчихнэ биз дээ.

Одоо байгаа 240 мянган төгрөгийн 38600 төгрөг татварт явчихна. Гар дээрээ бэлэн авах цалингийн хэмжээ 201.400 төгрөг авна. Харин ирэх жил 320 мянган төгрөг болохоор татварт 53800 явж, гар дээр авах цалин 266.200 төгрөг л болно шүү дээ. Эндээс харахаар бодит нэмэгдэл биш.

Харин одоо сургаар нь наймаачид ашигтай ажиллана, томоохон зах худалдааны төвүүд болон дэлгүүр л барааныхаа үнийг өсгөнө. Ийм л үр дагавартай байна даа. Тиймээс энэ цалингийн доод хэмжээг нэмлээ, нэмэгдүүлж байгаа зэргээр амаа олохгүй магтаж сайлах нь сайны дохио бишээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen