МАН-ын зовлон төрийнх боллоо

Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, төрийн бус байгууллагын статустай нэг намын зовлон эрх зүйт төрийн дээр сууж байна. 

Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын талцал, хэрүүл хэрээс хэтэрч төрийн дээр гараад суучихлаа. 2016 оноос өмнөхөн МАН-ыг тулхтай, зангарагтай тогоон дотроо хэрүүлээ эмхэлж, эцэслэж чаддаг төлөвшсөн улс төрийн хүчин гэх имиж салшгүй дагадаг байлаа. Гэвч өнгөрсөн бүх түүхийг баллуурдсан үйл явдал улирч буй хоёр жил гаруйн хугацаанд МАН-ыг бүрхэж, тэр нь хальсаар нийгмийн, төрийн зовлон болж, утаатай, униартай хотдоо, хөгжил цэцэглэлт дулимагхан хөдөөдөө бид ажин түжин амьдарч энэ цаг үеийг туулж байна.

Яг үнэндээ ийм л нам, улстөрчдийг “бүтээсэн” ард түмэн бид л буруутай юм шиг. Бид л тэднийг өөгшүүлж, дөрвөн жилд нэг удаа төр төлөөлөх эрхээ атга гурил, арвай будаа, хэд гурван төгрөгөөр худалдаж байгаагүй бол өнөөдөр улс төрийн соёл төлөвшил арай ч ийм түвшинд хүрэхгүй байсан ч байж мэднэ. Улс төрийн намын төлөвшил ёроолдоо хүрч, тулах цэггүй болж, тэр хэрээр намаар дамжиж төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээ улам бүр доройтож эхэллээ.

Үүний тод жишээ одоогийн эрх баригч нам. Магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр МАН байгуулсан Засгийн газраа огцруулаад зогсохгүй хоёр дахь удаагаа унагахаар гарын үсэг цуглуулж, хууль тогтоох байгууллагаар хэлэлцэж, нам доторх эрх мэдлийн хуваарилалт, эрэмбээс үүдсэн маргаан нь төрийн ажлыг гацаав. Гурван долоо хоног УИХ-ын чуулганы ирц бүрдсэнгүй, гишүүд “бойкотлож” байх энэ хооронд утаанд хордсон олон зуун хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж, төрөх дөхсөн тулгар биетэй ээжүүдийн ураг эндэж байна. Хөдөөд өвөлжилтөд бэлтгэх гээд түмэн ажил ундарч, буман завгүй хүмүүс байх ч салбар хариуцсан сайд нь томилогдоогүй, үүрэг чиглэл өгөх, хөрөнгө мөнгө хуваарилах ажил үндсэндээ гацаанд орсон байдалтай.

Яг үнэндээ ийм л нам, улстөрчдийг “бүтээсэн” ард түмэн бид л буруутай юм шиг. Бид л тэднийг өөгшүүлж, дөрвөн жилд нэг удаа төр төлөөлөх эрхээ атга гурил, арвай будаа, хэд гурван төгрөгөөр худалдаж байгаагүй бол өнөөдөр улс төрийн соёл төлөвшил арай ч ийм түвшинд хүрэхгүй байсан ч байж мэднэ. Улс төрийн намын төлөвшил ёроолдоо хүрч, тулах цэггүй болж, тэр хэрээр намаар дамжиж төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээ улам бүр доройтож эхэллээ.

Албан тушаал, эрх ашиг ярих болохоор Төрийн ордонд хүн гишгэх шахам зайгүй болдог, хүмүүст хэрэгтэй хууль хэлэлцэх болохоор 10-20-уулаа сууж байдаг жишиг тогтоод удчихлаа. Ганцхан жишээ. Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж буй алтанд ногдуулах татварын үйлчлэх хугацаа ирэх сарын 1-нээр дуусгавар болж буй. Гэсэн ч энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байна. Үүний цаана төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдэх, хасагдах асуудал байж л байх. Гэвч салбар хариуцсан сайд нь асуудлаа танилцуулахгүй, чуулганы ирцэд бүртгүүлэх картаа хийхгүй гүрийж суусан тохиолдол ч өнгөрсөн өдрүүдэд гарлаа.

Эрх ашгийн эрэмбэ алдагдсаны энгийн жишээ энэ мэтээр хөвөрч төрийн бус байгууллагын статустай нэг намын зовлон эрх зүйт төрийн дээр сууж байна. Ердөө өчигдөрхөн болсон МАН-ын гуравдугаар Бага хурлаар УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцруулах асуудлаар санал хураалгаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжжээ. Энэ бол төрийн дээр нам гарсны тод жишээ мөнөөс мөн. Уг нь бол төрийн эрх барих дээд байгууллага нь хууль тогтоох байгууллага гэж “эцэг” хуульд цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэвч Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш улс төрийн нам байдаг болсон жишээ ажээ.

УИХ-ын даргыг чөлөөлөх үндэслэлийг хуульд ийн заасан байна

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын бүрэн эрхийн хугацаа  дөрвөн  жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж болно гэжээ.

Нэгдүгээрт, нас барсан

Хоёрдугаарт, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт  гаргасныг УИХ  хүлээн авсан,

Гуравдугаарт, хүндээр өвдөж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан

Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байх.

Тавдугаарт, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан.

Эдгээрээс өөрөөр УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх заалт байхгүй. УИХ-ын даргыг чөлөөлөх цагаан дээр хараар бичсэн хууль нь ийм заалттай ажээ. 

 

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen