Захиргааны ерөнхий хуулийг өөрчилж, ЖДҮХС-ийн булхайг нуух нь
-Засгийн газар Хуульчдын эсэргүүцлийг үл хайхран, Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөхөөр зүтгэж байна-
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуваарьт оруулжээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар төслийг хэлэлцэх, эсэхийг шийднэ.
Захиргааны ерөнхий хуульд дээр танилцуулсан өөрчлөлтийг оруулснаар хүний эрх болон ААН-үүдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийг У.Хүрэлсүхийн дур зоргоороо гаргах таатай нөхцөл бүрдэнэ.
Энэ төслийг өнгөрсөн зургаадугаар сард өргөн барьснаас хойш олон хуульч хүчтэй эсэргүүцсэн юм. Захиргааны хуулиар мэргэшсэн, манай улсын үе үеийн бүх шилдэг хуульч цахим сүлжээгээрээ дамжуулан Засгийн газрыг анхааруулсан. Мөн Монголын хуульчдын холбоо гурван ч удаа албан бичиг илгээсэн юм.
2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөнийг тогтоосон.
Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан. Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүхийн ХЯНАЛТААС ГАРГАХ нь энэ төслийн гол зорилго. Иймд дараах өөрчлөлтийг оруулахаар гүйцэтгэх засаг шийдвэрлэсэн юм.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО.
Чухам яагаад энэ төслийг боловсруулах болсон шалтгааныг Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль ёсоор буцаан эзэмших гэтэл Захиргааны хэргийн шат шатны шүүх тэдний эсрэг шийдвэр гаргасантай холбон тайлбарлаж байв.
ХУУЛЬЧИД ЯАГААД НЭГЭН ДУУГААР ЭНЭ ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН БЭ?
МУИС-ийн Хуулийн сургуулийн багш О.Мөнхсайхан: Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016.07.01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулан тусгай хэрэгцээнд авсан, хувийн компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг агуулгатай Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн тухай 20 гаруй хэргийг хянан шийдвэрлэжээ.
Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн, эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.
Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байгаа нь Үндсэн хууль бүрнээ нийцсэн гэдэг дээр дийлэнх хуульч, судлаач санал нэгддэг.
Гэвч, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үүний эсрэг байр суурьтайгаа дээрх шүүх хуралдаанд төдийгүй олон нийтэд илэрхийллээ. Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг бүрэн гаргах алхмыг бодитой хийж эхэллээ. Эхний алхам нь Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулж, “Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа”-гаа болиулах арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Иргэнээс очсон мэдээллийн дагуу уг маргааны агуулгыг Цэц их суудлаараа шийдвэрлээгүй байхад саналаа урьдчилан хэлсэн, Цэцийн даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл боллоо.
ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХААР ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЭРХИЙГ ХААЛАА
Засгийн газрын хуралдаанаар ЖДҮХС-аас олгодог зээлийг арилжааны банкаар биш, сангаас шууд олгодог болгохоор өөрчилсөн байдаг.
Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо зургаадугаар сард энэ хуулийн төслөөр гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Төслийг УИХ-д өргөн барихгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газарт санал болгон уриалжээ.
Мөн Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан, Хуульчдын форумд 500 шахам хуульч оролцож, “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй” гэсэн зөвлөмжийг санал нэгтэй баталсан юм.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ ЯМАР УРШИГТАЙ ВЭ?
Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай гэж хуульч О.Мөнхсайхан тайлбарласан юм. Тэрээр “Засгийн газрыг хуульд захируулахгүйгээр Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим бүрэн хэрэгжих боломжгүй юм. Үндсэн хуулийн 38.1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж бичсэн нь Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн засаг дарга, яам, агентлаг зэрэг доод шатны байгууллага, албан тушаалтныг хуулийн дагуу удирдан захирамжлах утга илэрхийлснээс бус хууль, түүний манаач болсон шүүхийн хяналтаас дээгүүр гэсэн утгагүй” гэж үзэж байна.
Засгийн газрын үйл ажиллагаа иргэд, бусад этгээдийн нэгэн адил хуульд захирагдах, үүнийг шүүхээр хянах боломжтой байвал Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдын 1991-1992 онд хүсэж тэмүүлсэн эрх зүйт төр буюу хууль дээдлэх ёс жинхэнэ утгаараа бүрэлдэнэ. Аль ч улсад хувь хүн, хуулийн этгээдийг төрийн хүч албадлагын дор хуульд захируулдаг бол зөвхөн эрх зүйт төртэй улсад хувь хүн, хуулийн этгээд төдийгүй засгийн газрын үйл ажиллагааг хараат бус шүүхийн хяналтад оруулах замаар хуульд захируулж чаддаг.
Үндсэн хуулийн 45.2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан нь уг асуудлыг шүүх харьяалахгүй гэсэн үг биш. Харин, энэ заалт бол Засгийн газар хууль зөрчсөн алдаагаа өөрөө засах эсхүл түүнийг томилсон УИХ уг алдааг нь засах боломж олгосон механизм.
Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд улс төрийн бодлого тодорхойлж, баталж, хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй боловч нотлох баримтыг бодитой үнэлэх, хууль тайлбарлах, хууль зүйн үндэслэлээр маргааныг төвийг сахиж шийдвэрлэх чиг үүрэггүй. УИХ болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэлдэх арга (сонгууль), шийдвэр гаргах журам, ажиллах соёл нь шүүхийнх шиг маргааныг хараат бусаар, шударгаар, төвийг сахиж бодитой шийдвэрлэхэд зориулагдаагүй. Тиймээс, бодит байдал дээр Засгийн газар болон түүнийг эмхлэн байгуулдаг УИХ улс төрийн байгууллагын хувьд хууль зөрчсөн алдаагаа тэр бүр засаад байдаггүй. Иймд уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэхийг Үндсэн хууль зөвшөөрдөггүй.
Монгол Улсын иргэн “хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй гэдгийг Үндсэн хуулийн 16.14-т тодорхой заасан. Засгийн газар хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг байнга гаргадаг.
Тиймээс, хэрэв Засгийн газрын шийдвэр хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл хувь хүн, хуулийн этгээд уул эрхээ хамгаалуулахаар холбогдох шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нь Үндсэн хуулийн шаардлага юм.
ДҮГНЭЛТ
Захиргааны ерөнхий хуульд дээр танилцуулсан өөрчлөлтийг оруулснаар хүний эрх болон ААН-үүдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийг У.Хүрэлсүхийн дур зоргоороо гаргах таатай нөхцөл бүрдэнэ. Тэдний шийдвэрийг ямар ч байгууллага хянах, шүүн хэлэлцэх боломжүй болно.
Ямартаа ч хуульчид албан, албан бусаар тэмцсэний үр дүнд Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх хугацааг таван сараар хойшлуулж чадлаа. Гэвч өнөөдөр болох хуралдаанаар төслийг дэмжин, цаашид хуулийн төслийг энэ хэвээр баталвал ЖДҮХС-гаас их хэмжээний зээлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд олгох боломжийг нээсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох боломжгүй юм. Учир нь Засгийн газрын хуралдаанаар ЖДҮХС-аас олгодог зээлийг арилжааны банкаар биш, сангаас шууд олгодог болгохоор өөрчилсөн байдаг.
Тэгэхээр бид ЖДҮХС-ийн зээл тойрсон асуудлын гол углуурга болсон дээрх шийдвэр хууль зөрчсөн, эсэхийг ч шүүхээр хэлэлцэх боломжгүй болно.
http://news.gogo.mn/r/232928?fbclid=IwAR2DWgF2lqDBl0uHcnbkbjSiAiUD2VE3hY0SaTnSC2rJnLk8rkfi2GiCrrw