Хүүхдийн эрхийн “онош” эрхэм гишүүдийн шүүгээнд долоон сар дарагдлаа
Монголын өдөр тутмын сонинууд өнгөрсөн есдүгээр сард болсон форумаараа хүүхэд хамгаалалд хүчээ нэгтгэхээр болж түүнээс хойш хүүхдийн эрх, хамгаалалтай асуудлыг салбар бүрээр нь хөндсөөр байгаа билээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонин эдгээр өдрүүдэд шийдвэр гаргагчдын ширээн дээр очоод 200 гаруй хонож буй Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсан хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг хөндөж байна.
Юуны өмнө нэг зүйлийг тодруулахад, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг ХЭҮК-ын 2017 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, долоо хоногийн дараа УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүлээгдсэний эцэст эдгээр өдрүүдэд л илтгэлийг сөхөж харах боломж тохиож байгаа юм. ХЭҮК-ын илтгэл бол зарим гишүүний ойлгож байгаачлан тухайн байгуулллагын ажлын тайлан биш гэдгийг тодотгох гэсэн юм. Харин Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгаа, юунд анхаарах ёстойг судалгаатайгаар харуулсан цогц хэмжээний “онош” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдийн өргөдөл гомдол, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулдаг хамгийн олон талын эх сурвалж бүхий баримт бичиг юм. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд хүргүүлсэн Хүний эрх, эрх чөлөөний 16 дахь илтгэлд дурдагдсан хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой чухал баримт, улс орны хэмжээний судалгаа, харьцуулалтыг өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд сөхөж ч харалгүй, шүүгээндээ хав дарсаар долоон сарыг үдлээ.
УИХ-ын гишүүд ямар үед ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэж, хүүхдийн эрхийг анхаардаг вэ гэдгийг харуулсан гашуун хэрнээ бодит жишээ бий. Өмнөх илтгэлийг мөн л хэлэлцэхгүй хэдэн сараар хав дарах үед таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлж, шүүх шинжилгээний байгууллага 10 мянган төгрөг нэхэж нийгэм даяар шуугиан тарихад бараг бүх гишүүд хурлын танхим руу гүйж, ам уралдан ярьж байсан удаатай. Ингэж л хүүхдийн эрхийн асуудал сөхөгдөж хүүхэд хамгаалалд ахиу мөнгө төсөвлөж байсан юм.
Гэтэл энэ удаагийн илтгэлд хүүхдийн эрхтэй холбоотой ноцтой баримт судалгаа дурдагдсан ч хэлэлцэхгүй, ойшоохгүй, шийдвэр гаргах түвшинд анхаарахгүй байгаа нь өөрийн эрхгүй хар төрүүлж байна. Хатуухан хэлэхэд гишүүдэд дахиад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж нийгмийг цочроосон сенсаци хэрэгтэй юм уу гэж халагламаар. Тэр үед л Монгол Улсад хүний эрх, хүүхдийн эрх ямар байгааг ярих юм болов уу гэж хардахаас өөр аргагүй. Хэрэв тиймгүй бол 76 гишүүний нэг нь ч гэсэн хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой чухал мэдээлллийг 200 гаруй хоног шүүгээндээ юм уу, эсвэл хаа нэгтээ хэвтэж байгааг нь сөхөж үзээд асуудлыг тавих байсан биз.
Хүний эрх, эрх чөлөөний 16 дахь илтгэлийг өнгөрсөн долоо хоногт арайхийж Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд хоёр гишүүнтэй цаг гаруй хүлээв. Сүүлдээ зарим гишүүд картаа бүртгүүлснээр 5-6 гишүүнтэйгээр хэлэлцэж завсарлага авсан юм. Харин өнөөдөр дээрх байнгын хорооны хуралдаанаар дахиад хэлэлцэхээр товложээ. Энэ үед л гишүүдийн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн талаарх ойлголт, хандлага харагдах учиртай.
ХЭҮК-ын энэ удаагийн илтгэлд “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал” бүлэгт хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын тогтолцоо, хэлний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, асрамжийн асуудлуудыг хамгийн сүүлийн үеийн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын үр дүн, баримтад тулгуурлан боловсруулжээ. Хүүхдийн эрх тэгш байдал нь хүний эрхийн нэг үзэл баримтлал бөгөөд хүүхдийн төлөөх ахиц дэвшил бүх хүүхдэд адил тэгш хүрч, тэд эрх, эрх чөлөөгөө ямар нэгэн ялгаварлалгүйгээр эдлэх ёстой. Гэвч Монгол Улсын нийгэмд хүн амын бүлгүүдийн хоорондын ялгаа, тэгш бус байдал улам гүнзгийрч, түүний дотор эмзэг бүлгийн хүүхдүүдэд илүү хүнд сорилт, бэрхшээлүүд тулгарч байна. Энэхүү тэгш бус байдалд ядуурал, нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал байдал, боловсролын түвшин, хөгжлийн бэрхшээл болон оршин суугаа газар зүйн байршил зэрэг олон хүчин зүйл шууд болон шууд бусаар нөлөөлж байна гэж дүгнэсэн байна. Мөн 2010 оноос хойш НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөр Хүний эрхийн хэрэгжилтийн үндэсний тайланг хоёр удаа хэлэлцүүлэхэд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлаар олон тооны зөвлөмж өгчээ. Тухайлбал, 2015 онд Засгийн газарт 164 зөвлөмж хүргүүлсний 23 нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байв.
Илтгэлд дурдсан судалгаанаас хүүхдийн эрхтэй холбоотой цөөн жишээ татвал, ХЭҮК, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгааг 2016 онд хийхэд хүүхдүүд эрхийнхээ талаар ямар ч ойлголтгүй байсан гэнэ. Хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны нийт 4264 хүүхдийн 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Мөн 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.
Харин хүүхэд хүчирхийлэлд өртөхдөө 46.9 хувь нь ээж аавдаа хэлж тусламж хүсдэг, 43.5 хувь нь найздаа , 35.3 хувь нь “туслаарай” гэж хашгирдаг, 16.6 хувь нь бурханд залбирдаг гэх зэргээр хариулсан байна. Мөн 38.7 хувь нь хэнд ч хэлэхгүй нуудаг буюу ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй гэж хариулсан нь гурван хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байгааг илтгэж байгаа аж.
Энэ мэтчилэнгээр хүүхэдтэй холбоотой чухал баримт мэдээлэл судалгааг ХЭҮК-ын 16 дугаар илтгэлд дурджээ. Харин энэхүү бэлэн мэдээллийн мөрөөр хүүхэд хамгаалалд оновчтой бодлого боловсруулах, цаашлаад төсөв мөнгийг нь шийдвэрлэх эрх, үүрэг нь гагцхүү шийдвэр гаргагчдад бий.
Судалгаанаас харахад эцэг эх, асран хамгаалагчдын гэр бүлийн боловсрол дутмаг, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах арга зүй, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийн талаар мэдлэггүйгээс болж хүүхдийн эрхийг зөрчих, хүчирхийлэх явдал элбэг байна. Түүнчлэн уур уцаар, өрхийн орлого, архидалт, гэр бүлийн таагүй харилцаа ч нөлөөлж байгаа учраас манай улсад гэр бүлийн боловсролд чиглэсэн сургалт үйл ажиллагаа байдаггүй, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтэн цөөн байгааг илтгэлд дурджээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин