Утаанд зургаан жилийн дотор 97.7 тэрбумыг “залгиулжээ"

Утаанд зургаан жилийн дотор 97.7 тэрбумыг “залгиулжээ"

 

Манай улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая ам.долларыг зарцуулжээ. Гэвч, Улаанбаатарын агаарын бохирдол буурсангүй, харин ч дэлхийд дээгүүр байрт орж байна. Тиймээс төр, засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, бодит үр дүнд хүргэх үүднээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох салбарын сайд нар, мөн ХБНГУ-ын архитектор, хот төлөвлөлт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Чуулганы үдээс өмнөх хуралдаан судлаач эрдэмтэн, салбарын сайд нарын илтгэлээр эхэлсэн бөгөөд үдээс хойш иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд энэхүү чуулганаас зөвлөмж гаргахаар төлөвлөсөн бөгөөд зөвлөмжид урт болон богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг багтаах юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ "Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй, улс орноо удирдаж, улс төрөө ойлгож чадахгүй. Тиймээс утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ. Энэ Үндэсний чуулганаас шинээр байгуулсан Засгийн газар, шинээр томилогдсон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч би, бид хамтдаа зөв шийдэл гаргаасай гэж хүсч байна” гэж онцоллоо. Үүний дараа Ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр "Агаар, орчны бохирдол нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засгийн чадавх, ард иргэдийн амьдралын төвшин, хэрэглэж байгаа техник технологийн хоцрогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ бүхнийг судлан тооцож, Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн зөв бодлого, шийдвэрийг үргэлжлүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлын эх үүсвэр яндангийн тоог цөөлөх, "Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф”-ын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хөнгөлөлтөд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. Үүнд мэдээж, ихээхэн санхүүжилт, төсөв шаардлагатай. Бид эхний ээлжид дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах шаардлагатай” гэлээ.

УТААГ БУУРУУЛАХАД ЭНЭ ЖИЛ 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Манай улс агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гадаадын зээл тусламжаас уг арга хэмжээнд төсөв, санхүүгийн дэмжлэгийг нэмэхээс гадна хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, УИХ-аас 2010 онд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталсан бол 2012 онд Агаарын тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Харин дээрх чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 2011-2016 онд 97.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан бол энэ онд 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө төлөвлөжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ онд төлөвлөсөн санхүүжилтийн 70 хувийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт, зорилтот бүлэгт боловсруулсан түлш авахад зарцуулна. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний шөнийн тарифын үнийн хөнгөлөлтөд 114 мянга гаруй өрхийг хамруулж, 3.3 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлсэн талаар танилцуулсан юм. Монгол Улсын хүн амын тэн хангас нь амьдарч буй Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд буй. Агаарын бохирдлыг бууруулах талаар үе үеийн Засгийн газар болон холбогдох байгууллагаас олон арга хэмжээ авсан ч өнөөдрийг хүртэл бодит үр дүн гарахгүй байгааг чуулганд оролцогчид онцолж байв. Харин чуулганд оролцож буй эрдэмтэн судлаачдын зүгээс дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах ажлыг эрчимжүүлэх, гэр хороололд утаа бага гаргадаг зуух хэрэглэх, тээврийн хэрэгслийн утааг бууруулах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУСГАЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах талаар энэ онд баталсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр”- тэй уялдуулан "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-г хоёр удаа боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, орон нутгаас нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, гэр хорооллын тэлэлтийг хумьж, яндан, нүхэн жорлонгийн тоог бууруулан шинэ суурьшлын бүсийг бий болгоход чиглэсэн шийдвэр гаргажээ. Чуулганы үеэр ХБНГУ- ын архитектор, инженер, хот төлөвлөгч, профессор Штефан Шмиц эко хот болон агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлэх зөвлөмжийг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татаж байв. Тэрбээр "Эко хот гэж оршин суугчдынхаа ая тухтай амьдрах бүх боломжийг хангасан, ирээдүйд амьдрах иргэдийнхээ таатай аж төрөх бүх нөхцөлийг бүрдүүлсэн хотыг хэлнэ. Эко хот нь агаарын бохирдолгүй, ундны цэвэр усаар хангасан, ухаалаг зам тээвэр хөгжсөн, байгалийн нөөцийг хэмнэхэд чиглэсэн, байгаль дэлхийг дээдэлсэн хот юм. Хот төлөвлөлт хийхдээ гэр хорооллыг барилгажуулах, хотыг төлөвлөхдөө оршин суугчид аль болох автомашингүйгээр зорчих боломжтой байлгахад анхаарах, нийтийн тээврийн системийг түлхүү ашиглах, хотод ногоон хонгилууд үүсгэх, шөнийн цагаар хүйтэн агаарын сэлгэлт хийх зэрэг шийдлийг харгалзан төлөвлөлтөө хийж байх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад том нөлөө үзүүлнэ” гэлээ.

ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН 14.5 ХУВЬ НЬ УТААНААС БОЛСОН

Чуулганы үеэр хөндсөн хамгийн чухал асуудал нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн талаарх Эрүүл мэндийн сайдын тавьсан илтгэл байлаа. Утааны хор уршгийг улаанбаатарчууд мэддэг. Тэглээ гээд түүнээс эрүүл мэндээ төдийлөн хамгаалж чадахгүй байгаа. Өнөөдөр утааны асуудал зөвхөн Улаанбаатарынх биш болсон. Өөрөөр хэлбэл, зарим аймгийн төвд Улаанбаатараас дутахааргүй утаатай болсон нь нийслэлийн төдийгүй орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгаа юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 14.5 хувь нь утаанаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, ханиад, томуу хүрсэн хүүхэд хүндэрч, хатгаа болсноос амь насанд нь эрсдэл учрах нөхцөл байдлыг үүсгэж байна. Мөн утаа, агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүдийн ураг зулбах, амьгүй хүүхэд төрөх нөхцөл байдал үүсч байна. Уушгины хавдрын тохиолдлын 50 гаруй хувийг утаа үүсгэж байгаа юм. Жилд Улаанбаатар хотод сая тонн, улсын хэмжээнд 5-6 сая тонн нүүрс түлдэг гэсэн статистик тоо бий. Хэрвээ бид түүхий нүүрснийхээ хэрэглээг 80 хувиар, нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг бууруулж чадвал эрүүл мэндийн салбарын зардлыг 66 сая төгрөгөөр хэмнэх боломж байна. Гэхдээ өнөөдөр агаарын бохирдлыг шууд бууруулах боломжгүй. Энэ бол эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбар энэ жил шууд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бууруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөгжилтэй орнуудаас дэлхийн стандартад нийцүүлсэн 175 мянган хүн тун вакциныг авсан. Мөн Хүүхдийн сангаас 45 мянган вакцин ирсэн. Энэ жил агаарын бохирдлын асуудал хүндхэн байгаа учир буурай орнууд олон зуун сая хүн тунгаар вакцин захиалсан бөгөөд дараалал нь хойшилсон ч манай улсад ирсэн. Үүнийг гурван хоногийн дотор хийх ёстой бөгөөд бүтэц, зохион байгуулалтыг Эрүүл мэндийн яам хийсэн. Түүнчлэн жирэмсэн эх, өндөр настан, хүүхдийг амин дэмээр хангах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, агаарын бохирдол хамгийн их байдаг бүс буюу Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 40 мянган хүүхдэд амин дэм өгөхөөс гадна хатгаанаас сэргийлэх вакцинд хамруулж байна. Эдгээр арга хэмжээг авснаар энэ жилийн томуу, томуу төст өвчний дэгдэлт болон агаарын бохирдлын хор нөлөөг сааруулж чадна гэж найдаж байна” гэв. Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, төгсгөлд нь зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчинг сайжруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, нийслэлийн төвлөрлийг сааруулах зэрэг дөрвөн чиглэлийн хүрээнд гаргасан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг чуулганд оролцогчид зөвлөмж болголоо.

М.ЭНХЦЭЦЭГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen