Өндөр дэнчин төлөөд ч өөрийгөө танилцуулж амжихгүй!

 

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт дөхөж, "сурталчилгаа” сүүлийн долоо хоног дээрээ явж байна. Энэ удаад  шинэ дүрмээр байгуулагдаж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүд /380 гишүүн/, намын хороодын дарга нарыг сонгох юм. Энэхүү дотоод сонгуулийн эргэн тойронд элдэв асуудал тасарсангүй дуусах шатандаа орж буй нь энэ. Гэвч энэ сонгуулийн дүн баталгаажиж чадах уу гэсэн эргэлзээ эцэслэгдсэнгүй.

Учир нь АН-ын шинэчилсэн дүрмийг нь Улсын Дээд шүүх бүртгэх боломжгүй гэж үзсэн ч уг дүрмээрээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулаад дуусч байна. Энэ талаар намын гишүүд нь хөндөж, С.Эрдэнэ даргад энэ сарын 24-ны өдөр бичгээр хүсэлт гарган "Дүрмийн бус сонгуулийн дүн юунд хүргэхийг” Дээд шүүхээс асууж тодруулах хэрэгтэй гэжээ. Уг нь энэ тун зөв асуулт. Улсын Дээд шүүх дараагийн удаад ч бас л хуулиа барьж таарна.

Анхны санхүүжүүлэгч "Буян”-гийн Жагаад АН одоо ч өртэй гэж үү

Хэл ам багагүй таталж, АН албан тушаалуудаа мөнгөөр үнэлж байна гэх яриаг гаргасан татвар дэнчинг төлсөн л бол дотоод сонгуульд хэнбугай ч нэр дэвшин өрсөлдөх боломжтой бололтой юм гээч. Тодруулбал, зургаан сая төгрөгөөс эхэлж буй дэнчингийн мөнгөө намын аппаратад тушаасан нэр дэвшигчдийн дунд "Буян”-гийн Жагаа цохьж явна. Түүний араас 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Уянгын ТТЭНН-аас нэр дэвшиж явсан н.Бат-Эрдэнэ гэх залуу ч нэхэж байх жишээний. Мэдээж тойрог нь өөр л дөө. БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хан-Уул дүүргийн 57 дугаар тойрогт өрсөлдөж байгаа бол Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт нэр дэвшжээ. Олноо оноогдож, танигдсан нь л тэд болохоос биш гэртээ, машиндаа, цүнхэндээ хэдэн намын, ямар ямар батлах хадгалж яваа хүмүүс нэр дэвшиж, АН-ын аппаратад орохоор гэтэж буйг хэн мэдлээ.

Уг нь Улс төрийн намын тухай хуулиар бол бүх л нам хатуу гишүүнчлэлтэй. Энэ хуулийн гуравдугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гээд заачихсан байдаг.

Гэтэл одоо ч Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан л гэхэд АН-ын дотоод сонгуульд оролцож байгаа нь зохистой үйлдэл гэж харахад бэрх. Түүний хувьд өнгөрсөн удаа АН-ын Их хурлын үеэр очсоноо тун энгийн тайлбарласан. Харин дараа нь хэвлэлд ярилцлага өгөх үедээ "Би АН-ыг үүсгэн байгуулалцсан. Анхны улс төрийн Удирдах зөвлөлийн гишүүн байсан. АН-ын санхүүжүүлэгч байсан. Зохион байгуулагч хийж явлаа. АН-ын бодлого, хийж буй ажилд шүүмжлэлтэй хандахдаа хандаж, хамтарч ажиллах ажлыг хийгээд ирсэн. АН-д орно гэдэг ойлголт миний хувьд байхгүй байх аа. АН-ын хөгжлийг сэргээхэд гар бие оролцох уу үгүй юу гэдэг байна. Би ямар шинээр орж буй залуучууд шиг биш.” хэмээсэн нь бий. Тэгэхээр татвар, дэнчингийн мөнгөө л төлсөн бол АН-ын дотоод сонгуульд оролцох эрх нь хэнд ч нээлттэй болж таарч байна уу. Эсвэл "Буян” Жагаад АН одоо хүртэл өртэй хэрэг үү.

АН-ын гишүүн бус нэр дэвшигчид ч нэлээдгүй байгаа гэнэ. Ганц Б.Жаргалсайхан ч биш. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа н.Бат-Эрдэнэ гэх нөхөр л гэхэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ТТЭНН-аас нэр дэвшиж явсан байх юм. Гэтэл үүнтэй зэрэгцээд жинхэнэ гишүүд нь "жийгдэж” байгаа нь хачирхалтай. Энэ талаар өчигдөр сэтгүүлчдэд зарим гишүүн мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, Дорноговьд л гэхэд аймгийн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Гантулгын хувьд найман жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Гурав дахь удаагаа сонгогдохдоо АН-аас ганцаархнаа сонгогдсон хүн гэдгээрээ онцлогтой, нутаг орондоо чамгүй дэмжигчидтэй олон жил намын ажил хийсэн хүн. Дархан-Уул аймагт намын хуучин гишүүн Эрдэнэбатыг мөн л өрсөлдүүлэхгүй байгаа аж. Гэтэл өөр намын гишүүн, эсвэл энэ намын гишүүн бус хүмүүст нэр дэвших эрх олдоод, жинхэнэ гишүүд нь жийгдээд байгаа нь ямар учиртай юм бол?

Дураараа уулзалт хийх, утсаар ярихыг хоригложээ 

Нэр дэвшигчид нэг гараанаас буюу дүрэмд зааснаар 11 хоногийн хугацаанд сурталчилгаа хийн, гишүүд, олон нийттэй уулзалдаж, санаа бодлоо солилцохоор заасан. Гэхдээ нэр дэвшигчид намын төв аппаратаас зохион байгуулснаас өөр цагт уулзалт, ярилцлага хийж болохгүй, түүнчлэн гишүүдтэй утсаар ч ярьж болохгүй гэсэн журам мөрдөгдөж байгаа аж. Албан ёсны уулзалтын үеэр нэр дэвшигч таван минутад багтаан үг хэлж, асуултад ганц л минутад багтаан хариулах ёстой. Ингээд үндсэндээ уулзалтын явцад нэр дэвшигч нийт зургаан минутын үг хэлэх эрхтэй гэсэн үг юм. Нэр дэвшигчдийг таних, мэдээлэл авах, санал солилцох бололцоо нь хумигдмал байгаа учраас хамгийн гол нь саналаа өгч, төлөөллөө сонгох гишүүд харанхуй сонголт хийхэд хүрч байгаа юм байна. Санал хураалт ирэх ням гаригт бувюу дөрөвдүгээр сарын 2-нд болох ч санал хураалтын дүнг 24-нд эцэслэн гаргахаар товлоод байгаа.

Эх сурвалж: 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen