АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа сэргээв
АНУ болон Өмнөд Солонгос сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Уг сургуулилтыг хоёр орны тэнгисийн явган цэргийн хооронд туршлага солилцох Солонгосын хөтөлбөрийн хүрээнд хийдэг байна.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, дээрх сургуулилтыг тавдугаар сараас хойш хийгээгүй юм. Даваа гарагт хоёр орны Тэнгисийн цэргийн хүчин хоёр долоо хоног үргэлжлэх хамтарсан сургуулиа Өмнөд Солонгосын зүүн өмнөд эрэгт оршдог Пхохан боомтын бүсэд эхлүүлнэ. Хамтарсан сургуулилтад Өмнөд Солонгосын Тэнгисийн явган цэргийн корпусын болон Японы Окинава аралд байрладаг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын гуравдугаар анга нэгтгэлийн 500 орчим цэрэг оролцоно.
АНУ болон БНАСАУ-ын удардагчдын түүхэн дэх анхны уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын дараа Дональд Трамп Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн бүх сургуулилтыг цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Пентагоны мэдээлснээр, тухайн үед “Freedom guardian” сургуулилт болон Тэнгисийн цэргийн солилцооны хөтөлбөрийн дагуу дараагийн гурван сард хийхээр төлөвлөж байсан бусад сургуулилтыг зогсоожээ.
Энэ жил Солонгос хоорондын харилцаа сайжирч, БНАСАУ болон АНУ хооронд хэлэлцээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор Америк-Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтын тоог анх төлөвлөж байсан 19–өөс 11 болгож цөөрүүлжээ. Тус хоёр орон жилийн өмнө 17 удаа, харин 2016 онд 14 хамтарсан сургууль хийсэн байна.