АНУ-ын Флорида мужийг асар хүчтэй далайн хар салхи дайрах гэж байна
Өнөөдөр буюу Лхагва гарагийн орой АНУ-ын Флорида мужийг асар хүчтэй далайн хар салхи дайрах гэж байна.
Милтон нэртэй уг салхины хурд Флоридагийн эрэгт хүрэхдээ 270 км/цаг болон нэмэгдэж, Category 5 ангилалд шилжих төлөвтэй байгаа юм.
“Мексикийн булангийн зүүн хэсэгт буй Милтон хар салхины хурд хэлбэлзэж байгаа ч Лхагва гарагийн орой Флоридагийн баруун эргийн төв хэсэгт хүрэхдээ онц аюултай түвшинд хүрэх төлөвтэй байна” гэж Үндэсний Хар Салхины Төв мэдэгджээ.
Флорида мужийн захирагч Рон Десантис өчигдөр хэвлэлийн хурлын үеэр “Үндсэндээ Флоридагийн хойг бүхэлдээ маш аюултай нөхцөл байдалд байна” гэж анхааруулсан юм.
Өнгөрсөн сард Хелен хар салхинд хүчтэй нэрвэгдсэн гурван сая оршин суугчтай Тампа хотын дарга Жэйн Кэстор “Хелен бол сэрүүлэг байсан. Энэ бол жинхэнэ гамшиг байх болно. Би үүнийг ямар ч хачиргүйгээр шууд хэлье. Хэрвээ та нүүлгэн шилжүүлэлт зарласан бүсэд үлдэхээр шийдвэл үхлийг сонгосноос ялгаагүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногийн Пүрэв гарагт Герман, Ангол улсуудад айлчлах байснаа Милтон далайн хар салхины улмаас хойшлуулаад байна.
“Энэ бол ямар ч хэтрүүлэггүйгээр хэлэхэд үхэл, амьдралын асуудал юм. Яг одоо яаралтай нүүцгээ!” гэж тэр Флоридагийн ард иргэдэд уриалжээ.
Florida TV сувгийн цаг уурч Жон Моралес дэлгэц дээр Милтон хар салхи хэрхэн Categogy 1 ангиллаас Category 5 ангилал руу хурдтай ахиж байгааг харуулахдаа “Би ингэж хэлж байгаадаа уучлал гуйя. Энэ бол үнэхээр аймшигтай” гэж түгшүүртэйгээр анхааруулсан юм.
Милтоныг Тампа орчимд сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн хүчтэй хар салхи болохоор байгааг Америкийн Үндэсний Цаг Уурын Алба анхааруулаад байна.
АНУ-ын зүүн өмнөд бүсийн мужуудыг өнгөрсөн сарын сүүлээр Хелен хар салхи дайрахад 230 орчим хүн амиа алдсан юм. Энэ гамшгийн учруулсан хохирол арилаагүй байхад дахин хүчтэй хар салхи дайрах гэж байна.
Есдүгээр сарын 26-нд Флоридагийн эрэгт хүрэхдээ Хелен хар салхины хурд Category 4 ангилалд хүрч байжээ.
Хелен нь 2005 оны Катринагаас хойш АНУ-д хамгийн их хохирол учруулсан хар салхи болсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр далайн хар салхины хүч, давтамж улам нэмэгдэнэ гэж судлаачид үздэг.
Эх сурвалж: AFP