12 машин мөргөж, 2 хүн гэмтээсэн жолоочийг гэмт хэрэг хийгээгүй гэж үзжээ
Мэдүүштэй юм хэмээн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.07.06-ны өдрийн №126 дугаар тогтоолыг танилцуулъя.
Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж, 12 машин мөргөж, 2 хүнийг хөнгөн гэмтээжээ. Уг ослын улмаас нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.
Прокурор түүний энэ үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлсэн бол шүүх түүнийг цагаатгажээ. Хохирогчид шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан байна. Давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. Энэ удаад иргэн Б.Г-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргав. Улсын дээд шүүх уг хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.
Учир нь "Иргэн Б.Г-г яллахдаа прокурор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй. Уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “Эд хөрөнгөнд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй. Иймд Г тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын машиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна" гэж үзжээ.
Б.Г-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах боломжтой. Мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж УДШ дүгнэсэн байна.