Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэн, цусны халдвар авч, богино хугацаанд амьсгалын дутагдалд ордог
Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний улмаас цусны халдвар авч, богино хугацаанд амьсгалын дутагдалд ордог
Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний улмаас залуучууд уушгины үжил болж, хүндэрч ирэх, амь нас нь эрсдэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвийн уушги, харшлын их эмч Г.Анхболдоос тодрууллаа.
Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ жил тутам нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж анхааруулдаг. Энэ төрлийн эм бодис зөвхөн сэтгэцэд нөлөөлж, донтолт үүсгээд зогсохгүй бие махбодод маш хор хөнөөлтэй. Сэтгэц нөлөөт эм бодисыг залуучууд дур мэдэн хэрэглэж, судсаар тарьсны улмаас цусны халдвар авч үжил үүсгэж байна.
Халдвар хамгааллын дэглэмгүй бохир орчинд өөрөө дур мэдэн судсаар сэтгэц нөлөөт эм бодис тарьж хэрэглэхэд цусанд халдвар орж, улмаар хүнд хэлбэрийн цусны халдвар, үжил болдог.
Учир нь хүний биеийн арьсны гадаргуу, бохир орчинд MRSA буюу антибиотикт тэсвэртэй бүлгийн стафилококк ауреус бактерийн халдвар байдаг. Халдвар хамгааллын дэглэмгүй бохир орчинд өөрөө дур мэдэн судсаар сэтгэц нөлөөт эм бодис тарьж хэрэглэхэд цусанд халдвар орж, улмаар хүнд хэлбэрийн цусны халдвар, үжил болдог. Уушгинд үжлийн хатгаа үүсэх нь маш аюултай. Уушгины энд тэнд голомтод хөндий үүсгэж, амьсгалын дутагдалд оруулах цаашлаад үхэлд хүргэх хүртэл эрсдэлтэй учраас анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм.
Яг ийм байдлаар халдвар авч хүндэрсэн тохиолдол сүүлийн таван жилд манай тасагт нэлээдгүй ирэх болсон. Тэр дундаа залуу насны хүмүүс байгаа нь харамсалтай.
2020 онд АНУ-д хийсэн судалгаагаар мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний улмаас 66 мянган хүн амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг тоо бий. Мөн олон улсад хийсэн судалгаанаас харахад мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн, судсаар тарьсан хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар өвдөх эрсдэл 10 дахин өндөр байдаг.
Сэтгэц нөлөөт эм бодис нь уушгийг маш хурдан хугацаанд гэмтээдэг. Цусанд халдвар орсон бол хүндрэл нь цаг минутаар нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй оройтвол амь нас ч эрсдэх аюултай. Ингэж хүндэрсэн тохиолдлууд нас баралтаар дуусах нь их байдаг.
Сэтгэц нөлөөт эм бодисыг хэрэглэсэн арга замаас шалтгаалж хамгийн түрүүнд амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлдаг учраас амьсгалын дутагдалд орох, амьсгалын замаас цус алдах, архаг бронхит амьсгалын замын үрэвсэл, уушгины цочмог гэмтлүүд, эмфизем, зүрхний асуудал үүсгэдэг. Эмнэл зүйд ханиалгах, амьсгаадах, цэр гарах, цээжээр өвдөх, цаашлаад уушгинаас цус алдах, цустай ханиах шинж тэмдэг илэрнэ.
Уушгинаас цус алдах нь маш аюултай бөгөөд тогтооход хүндрэлтэй. Богино хугацаанд амь нас эрсдүүлдэг. Тиймээс ийм анамнезтай залуу хүмүүсийг яаралтай ялган оношилж дотрын эмч, уушгины эмч, сэтгэцийн эмч хамтарсан үзлэг хийж, баг болж ажиллаж байж эмчилдэг. Хэдийгээр эмчилгээ авч, амь аврагдах боловч цаашид уушгинд сорвижилт үүсгэж, амьсгалах талбай багасах, архаг хүндрэл үүсгэдэг үлдэц урхаг ихтэй гэдгийг анхааруулах байна.
Эх сурвалж: УНТЭ