Хаврын чуулганаар “хотын авлига”-д хонх цохих уу

Хаврын чуулганаар “хотын авлига”-д хонх цохих уу

 

УИХ-ын хаврын чуулганы нээлт энэ сарын 15-нд товлогдсон. УИХ-ын сонгуулийн жил учраас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдахаар байгаа ч Авлигын эсрэг хуулиуд баталж, хотын газрын асуудлаар сонсгол явуулахаар төлөвлөжээ. Үүний урьтал болгож МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын дундуур танхимынхаа ээлжит хуралдаан дээр баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн гэсэн мэдээлэл дуулдаж байв. Мөн “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл. Хөрөнгө оруулалтын хуульд оролцсон бүх хүн, тухайн үед тус хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд, саяхан Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан нөхдүүд гээд бүгдийг нь АТГ-т шилжүүлээрэй...” гэж ихээхэн ширүүн мэдэгдэл хийсэн тухай ч хэвлэлүүд бичиж байсан.

Ер нь бол Ерөнхий сайд авлигатай хийж буй тэмцлээсээ ухрахгүй гэдгээ энэ мэтээр удаа дараа мэдэгдэж ирсэн. УИХ-д олонхийг бүрдүүлж, засгийн эрхийг барьж буй Ардын намынхан ч даргынхаа эл шаардлагыг эсэргүүцэж яаж чадах вэ, УИХ-ын дарга Г.Занданшатар бол 2023 оны хаврын чуулганыг “Авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн зарлаж, тэмцэлд нэгдэж хуулиуд батлаад явсан. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж, ажлын хэсэг томилох шийдвэрүүд түүний гараас гарч байв. Энэ удаа  хотын газар, байшин, барилга барих зөвшөөрлүүд, томоохон аж ахуйн нэгжүүд холбогдсон авлигын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэсэн хүлээлт буй. Мөн хаврын чуулганы гол сэдэв авлигын эсрэг хуулиуд руу чиглэх нь тодорхой байгаа юм.

Тухайлбал, авлига өндөр байдаг гэж хэзээнээсээ яригдаж, бичигдэж ирсэн олборлох салбар руу онилсон хууль орж ирж байгаа. ХЗДХЯ-наас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барих гэж буй. Авлигын томоохон хэргүүдийг илрүүлж, шүүхийн шатанд шийдэж байгаа нь сүүлийн үед ихээхэн  шүүмжлэл, зэмлэл сонсох болсон.

Засгийн газар “Алсын хараа-2050” бодлого дотроо “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгааг хангах талаас тодорхой алхмууд хийнэ гэснээр ямартай ч шүүгчийн цалинг УИХ тогтоодог биш, шүүхийн захиргааны дээд байгууллага нь өөрсдөө тодорхой итгэлцүүрийн дагуу тогтоодог байх өөрчлөлтийг Шүүхийн тухай хуулийн төсөлд тусгасан. Мэдээж хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зайлшгүй. Мөн Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж ажиллахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл саяхан гарсан. Авлига, албан тушаалын хэргээр шүгэл үлээсэн төрийн албан хаагчдыг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар  хэлэлцэх юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen